Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн иргэд Засаг даргаа огцрохыг шаардаж жагсаал хийнэ

Увс аймгийн иргэд Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардаж энэ сарын долоонд Улаангом хотын төв дэх маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд тайван жагсаал, цуглаан хийхээр болжээ Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд 11 цагт “Увс аймгийн хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй энэхүү тайван жагсаал, цуглааны талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд тэргүүтэй тус аймгийн зарим сум, багийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Мэдээлэл хийж байгаа төлөөлөгчид хэлэхдээ: “Увс аймаг сүүлийн нэг жил эзэнгүй мэт болж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлууд хэрэгжиж эхлээгүй, төрийн алба цөөн хэдэн хүний гар хөл бологсод дүүрч 60 тэрбумын жижгирүүлсэн хувилбар хэрэгжиж байгаа гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.

Мөн Увс аймагт төрийн албаны сонгон шалгаруулалт дарга нарын эрх ашгийн дагуу явагддаг бөгөөд тэд өөрсдийн хүнийг түр томилоод, сонгон шалгаруулалтыг нэр төдий явуулан өнөөх хүнээ жинхэлдэг.Ажлаа шударгаар хийж байгаа төрийн албан хаагчдыг дарамтлах нь их байна. Тухайлбал, элдэв баяр ёслол, наадам зохион байгуулахдаа төрийн албан хаагчдаас хураамж татаас авдаг байдал хэрээс хэтэрсэн гэнэ.

Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь ял шийтгэлтэй байхдаа албан тушаалдаа томилогдсон юм. Энэ талаар өнгөрсөн онд түүнийг томилогдсоны дараахан АН-ынхан олны сонорт хүргэж байсан ажээ. Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу өршөөлд орохгүй зүйл ангиар ял шийтгэгдсэн юм байна. Тэрээр Увс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Тиймээс шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байжээ. Энэ ял нь яван явсаар 10 сая төгрөгийн торгууль болон дуусжээ.

Иймээс хэвлэлийн хуралд оролцсон иргэд “Увсынхан ялтай Засаг даргаар удирдуулахыг хүсэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Уг жагсаал, цуглаанд аймгийн төвийн иргэдээс гадна 16 сум 150 багийн иргэдийн төлөөлөл оролцохоо мэдэгдээд байгаа ажээ.

Хуралд оролцсон иргэдийн нэг болох Улаангомын гуравдугаар багийн иргэн О.Булган ярихдаа: “Мэргэжил, боловсролтой залуус нутагтаа ажиллах боломж алга. Дарга нарын ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчид л төрийн албанд ажилладаг юм байна. Хязгаар нутагт залуус ажиллаж хөдөлмөрлөх, үйлдвэрлэл эрхлэн сайхан амьдрах боломж нөхцөлгүй учир тэд Улаанбаатар рүү шилжиж байна. Тиймээс би энэ байдлыг өөрчлөхийг хүсч тайван жагсаал, цуглаанд нэгдэж байгаа” гэв.

Б.Үржиг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *