Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ), Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтүүдээс бүрдсэн баг зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 14-ний хооронд тарваган тахлын голомтод тандалт судалгаа хийлээ.
Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сум, хил орчмын нутагт хийсэн тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч, дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоов.
Увс аймгийн ЗӨСТ нь аймгийн төвийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж, боом, тарваган тахал өвчний санамж материалыг тараажээ.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг өгч байна.
- Тарваганы түүхий эдийг уламжлалт эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
- Тарвага агнахгүй махыг нь идэхгүй байх
- Тарваган тахлын вакцинд хамрагдах
- Тарваганы сэг зэм болон үхэж байгаа тарвагатай тааралдвал харьяа газрын Эрүүл мэндийн төвд яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.
Эх сурвалж: Увс аймгийн ЗӨСҮТ