Categories
мэдээ нийгэм

Увс аймгаас мөнгөн ус илэрсэн гурван тохиолдол бүртгэгдэв

мөнгөн ус зурган илэрцүүд

Увс аймагт сар орчмын хугацаанд буудал, орон сууцны хороолол, сургуулийн орчноос мөнгөн ус илэрсэн гурван тохиолдол бүртгэгджээ.

1. Хоёрдугаар сарын эхээр анх Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу гэх хүний эзэмшлийн “Гранд” буудлаас мөнгөн ус илэрсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр тус зочид буудал байрлаж байсан хүнд мөнгөн ус байна гэсэн дуудлагаар газар дээр нь очиж мөнгөн усыг хураан авч, ариутгал саармагжуулалд хийжээ.

2. Улаангом сумын гуравдугаар багийн Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугч иргэний гэрт мөнгөн ус алдсан гэх дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллан тухайн айлд асгарсан мөнгөн усыг соруулан авч, ариутгал хийсэн байна. Харин тухайн айлын унтлагын өрөөнөөс илэрсэн 1,2 грамм мөнгөн Онцгой байдлын газрын алба хаагчид тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөж, соруулан авч аймгийн Цагдаагийн хүлээлгэн өгсөн байна. Одоогоор тухайн өрөөнд хэчнээн грамм мөнгөн ус алдагдсан, хэн хаанаас ямар зорилгоор оруулж ирсэн бэ гэдгийг тогтоохоор Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Тус аймгийн мэргэжлийн хяналтын дарга Ц.Мөнхбаяр хэлэхдээ “Уг айлд мөнгөн ус асгарсан тогтоогдоод, Онцгой байдлын газраас цэвэрлэгээ, ариутгал, мөнгөн усны ууршилтыг саармагжуулах арга хэмжээг удаа дараа авсан. Ингэсний дараагаар 2018 оны гуравдугаар сарын 1-нд тухайн агаар орчинд мөнгөн усны ууршилт үлдэгдэл байгаа эсэхэд баталгаажуулах зорилгоор 17-р байрны нийтийн эзэмшлийн талбайгаас мөн оршин суугчдын орон байрнаас нийт 14 өөр орчноос шинжилгээг хийсэн. Шинжилгээг MNS6183:2010 стандартаар “агаар дахь мөнгөн усны уурыг тодорхойлох” мөнгөн усны аналиторын аргаар үзэхэд тухайн агаар орчинд мөнгөн ус илрээгүй. Шинжилгээний дүн нь мөнгөн ус асгарсан орчинд саармагжуулалтын арга хэмжээг сайн хийснийг харуулж байна.” гэлээ.

3. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд Улаангомын Цогцолбор нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны бага ангиас мөнгөн ус илэрчээ. Онцгой байдлын газар болон цагдаа, мэргэжлийн хяналтынхан газар дээр нь ажиллаж, мөнгөн ус илэрсэн ангийг битүүмжилж, цонхыг нь онгойлгоод явжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ангид сурдаг хүүхэд гэрээсээ мөнгөн ус авч сургууль дээрээ ирсэн аж. Уг мөнгөн ус нь халууны шилний мөнгөн ус байсан бөгөөд 0,16 грамм байсан гэдгийг ч эх сурвалж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *