Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Базарсадын Сүрэнхорлоогийнх сумынхаа нутаг дэвсгэрт орших хоёр булгийн эхийг цэвэрлэн, эх ундаргыг нь сэргээжээ. Энэ талаар малчин Б.Сүрэнхорлоотой утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа.
“Манайх 2008 онд Арын ус, 2016 онд Цэдэвийн ус гэсэн хоёр булгийн эхийг цэвэрлэж буурь гаргасан. Эдгээр булаг нь ширгэсэн байсныг арчилж тордон, эх ундаргыг нь сэргээж устай болгосон. Ингэснээр ус ховор газарт усны асуудлыг шийдвэрлэсэн.
Баруунтуруун сум Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болохоор малын бэлчээр, усны хүрэлцээ их муу байдаг. Манай сумын малчид ихэвчлэн Хужирт, Хар цагаан усаар нутагладаг. Малчдын хувьд тариан талбай руу мал оруулж болохгүй. Иймээс малаа байнга хариулгатай байлгах шаардлагатай. Манайх хар цагаан ус орчмоор нутаглаж, энэ хоёр булгийн эхээ бараадан малаа маллаж байна.
Би 60 настай. Эхнэр Б.Эрдэнэгэрэл маань 58 настай. Манайх дөрвөн хүүхдийн гурав нь тусдаа гарсан. Манайх 500 орчим малтай. Энэ жил сайхан өвөл, хавар болсон. Зун ч гэсэн хур бороо элбэгтэй, сайхан болж байна. Бод, бог гэлтгүй бүх мал төллөөд дууссан. Энэ жилийн хувьд ямааны ноолуур үнэтэй гарч, малчин бидний амьдралд их дэм боллоо. Нэг кг ноолуурыг газар дээрээс нь 120 мянган төгрөгөөр авлаа. Одоо энэ халдварт өвчин хурдан намжиж, сайн сайхан цаг ирэх болтугай гэж бодож байна” хэмээн малчин Б.Сүрэнхорлоо хэллээ.