Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс өвлийн цагийн нислэгийн хуваарийг шинэчлэн гаргалаа. 2014 оны аравдугаар сарын 26-наас 2015 оны гуравдугаар сарын 28-ныг дуустал Монгол Улсын агаарын зайд тогтмол нислэг үйлдэх гадаад, дотоодын 48 гаруй агаарын тээвэрлэгчдийн нийт 74403 нислэгийн хүсэлтийг хүлээн авч, нислэгийн аюулгүй байдал түүнд тавигдах шаардлагыг харгалзан холбогдох зөвшөөрлүүдийг олгожээ.
Олон улсын өнгөрөлтийн нийт 70264 нислэгээс 61853 нь үндсэн, 8411 нь нөөц нислэг байгаа бол буулт хөөрөлтийн нийт 4139 нислэгийн 2423 нь олон улсын, 1716 нь орон нутгийн нислэг байхаар төлөвлөгджээ. Энэхүү төлөвлөгдсөн нислэгүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өнгөрөлтийн нислэг найм гаруй хувиар, олон улсын буулт хөөрөлт тав, орон нутгийн буулт хөөрөлт таван хувиар тус тус өсөх хандлагатай байгаа аж.