Бээжин хотод үргэлжилж байгаа өвлийн олимпын наадамд оролцогч 91 улсын 32 нь алтан медаль авсан тамирчдаа ямар нэг хэмжээгээр урамшуулах болзол зарласан тухай Форбс сэтгүүл мэдээлжээ.
Эдгээрээс хамгийн өндөр шагнал амласан таван улсыг танилцуулж байна.
1. Хонконг
БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконг энэ удаагийн өвлийн олимпын наадмын эхний найман байранд орсон тамирчдаа бэлэн мөнгөөр урамшуулахаар болжээ.
Тухайлбал наймдугаар байр эзэлсэн тамирчин $40,000-ыг өвөртлөх бол алтан медалийн эзэн $641,000-ыг шагналд авахаар болсон байна.
Хонконг хот өвлийн олимпын ганц ч медаль авч байгаагүй. Энэ удаа тэд гурван тамирчин илгээсний хоёр нь уулын цана, нэг нь шорт трэкийн төрөлд өрсөлдөж байна.
2. Турк
Турк улсын засгийн газар олимпын алтан медаль авсан тамирчин бүрдээ 22 каратын цул алтан зоос олгох шийдвэрийг 2010 онд гаргаж байжээ.
Ийм зоосны үнэ $383,000 орчим болох юм. Хэрвээ олимпын дээд амжилтыг тогтоовол нэмээд $190,000-ын шагнал авах гэнэ.
Өвлийн олимпын ганц ч медальгүй Турк улс энэ удаа Бээжин хот руу долоон тамирчнаа илгээжээ.
3. Малайз
Малайз улсын засгийн газар алтан медаль зүүсэн тамирчин бүрээ $239,000-тай тэнцэх мөнгөн шагналаар урамшуулна.
Тус улс Бээжинд уулын цанын хоёр тамирчин илгээжээ. Тэдний нэг нь тэмцээнээ медальгүй өндөрлүүлсэн бол нөгөө нь өнөөдөр уралдах гэнэ. Малайз улс өвлийн олимпын ганц ч медальгүй юм.
4. Итали
Итали улс алтан медаль зүүсэн тамирчдаа тус бүр 180,000 евро буюу $206,000-аар урамшуулах болзол зарлажээ.
Одоогоор тус улс Бээжингээс хоёр алтан медаль аваад байгаа. Алтан медаль авсан төрлүүдийн нэг нь кёрлингийн холимог баг, нөгөө нь эмэгтэйчүүдийн 500 метрийн шорт трэк юм.
Өнгөрсөн оны Токио 2020 зуны олимпын наадмаас Италийн тамирчид нийт 40 медаль зүүсний 10 нь алтан медаль байжээ. Тэдний нийт шагналын хэмжээ $9 сая гаруй болсон байна.
5.Кипр
Кипр арал улсын эрх баригчид алтан медаль зүүсэн тамирчин бүрдээ $168,000-ыг олгохоор болжээ.
Өвлийн олимпоос ганц ч медаль авч байгаагүй тус улс энэ жил Бээжинд уулын цанын ганц тамирчнаа илгээсэн байна.