Categories
мэдээ нийгэм спорт

Өвлийн олимпийн тамирчдад тэтгэлэг гардууллаа

ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olympic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Өмнөх “Токио-2020” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрхээ аван өрсөлдөж байв. Харин“Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй бөгөөд 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той хамтарсан гэрээ байгуулснаар тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин нэг сарын 750 ам.доллар буюу дөрвөн сар тутам 3000 ам.долларын тэтгэлэг авч байна. Бээжингийн олимпын тэтгэлэгт энэ удаа цанын ОУХМ Б.Ачбадрах (“Пёнчан-2018” өвлийн олимпод оролцсон), Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, тэшүүрийн ОУХМ А.Зул нар хамрагдаж байгаа юм. Тамирчдын тэтгэлгийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.

Энэ үеэр өвлийн олимпын эрхийн нөхцөл байдлын талаар холбоодын төлөөлөл мэдээлэл өгсөн юм. Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од “Нэгдүгээр сарын 16-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны эцсийн чансаа гарна. Энэ үеэр олимпын эрхийн байдал албан ёсоор тодорхой болох юм. Ямартай ч урьдчилсан байдлаар олимпын хоёр эрх аваад байна.

Манай тамирчид энэ ондоо дөрөв, он гаргаад хоёр тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Одоо оролцох Дэлхийн цомын зургаан гараандаа сайн уралдвал эрхийн тоогоо дахин нэгээр нэмэх боломжтой. Тэмцээн бүртээ FIS-ийн 100-гаас доош оноо авах буюу шилдэг тамирчдын эгнээнд орж байж олимпын эрх нэмэгдэнэ. Одоо тамирчдын маань хичээл зүтгэл, уралдааны үзүүлэлтээс бүх зүйл хамаарна.

Холбооны зүгээс тамирчдын бэлтгэл сургуулилтад нэлээд анхаарсан. Зуны сэргэлтийн бэлтгэлийг Монголдоо хоёр удаа хийсэн. Үргэлжлүүлээд шууд Швейцар улсыг зорьж, зун, намрын бэлтгэлээ базаалаа. Одоо Монголдоо ирж, БТСУХ-ны Спортын эрдэм шинжилгээний төв дээр эрүүл мэндийн үзлэгт орж, сэргэлтийн эм витаминаа хийлгэлээ. Энэ сарын 11-нд дахин Швейцарыг зорьж, швейцар дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийж, тэмцээнд орж байгаад нэгдүгээр сарын 19-нд Монголдоо ирэхээр төлөвлөөд байна” гэв.

Харин Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл “Гүйлтийн тэшүүрийн тамирчид Дэлхийн цомын эрхийг биелүүлж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон нь сүүлийн таван удаагийн олимпын мөчлөгийн хувьд анхны тохиолдол болж байна. Манай тамирчид Ковидын улмаас хоёр жилийн турш олон улсын тэмцээнд оролцоогүй, мөсөн дээр бэлтгэл бага хийсэн ч гэсэн амжилт харьцангуй сайн байна. Ялангуяа ОУХМ А.Зул, Я.Зоригтбаатар нар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож байна.

Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээний эхний цуврал арваннэгдүгээр сарын 12-14-нд Польшид болно. Манай тамирчид энэ тэмцээнд оролцохоор өнөөдөр Америкаас нисэж байна. Дараагийн цувралууд арванхоёрдугаар сард АНУ-ын Солт Лейк, Канадын Калгари хотод болно. Бид бүгдэд нь орохоор төлөвлөсөн.

Өмнө нь зохиогдсон Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай төрөлд А.Зул хоёрт, Я.Зоригтбаатар наймдугаар байрт орсон. Тамирчдынхаа тэмцээнд орж байгаа байдлыг харахад олимпын эрх авчих болов уу гэсэн найдлага байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: МҮОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *