Categories
мэдээ цаг-үе

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалаас мөнгө завшдаг эмнэлгийн дарга, ЭМНДЕГ-ын хоёр мэргэжилтнийг цагдан хорьжээ

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын сангаас онц их хэмжээний мөнгө хувьдаа завшдаг томоохон бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хувийн эмнэлгийн дарга нар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтнийг цагдан хорьж, арав гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийн газарт нэгэн иргэнээс гомдол ирсэн байна. Тэрбээр “Манай эмнэлэг 15 хүн хэвтэн эмчлүүлэх ортой. Өрөө болгоныхоо орыг шахаад хүн хэвтүүллээ гэхэд 20 хүн л хэвтэнэ. Гэтэл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хуурамч өвчтөний түүх бүрдүүлээд улсаас их хэмжээний мөнгө завшаад байна. 50 хүн эмчлүүлсэн гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст өгдөг. Мөнгө нь ямар ч саадгүй орж ирээд байна” гэсэн ноцтой мэдээллийг өгчээ. Иргэнээс ирсэн дээрх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийнхан мөрдөн шалгах ажлыг хийжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хувийн эмнэлгүүдэд хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтад хамрагдсан хувийн эмнэлгүүд 15-30 ортой болохыг тогтоожээ. Үүний дараа хувийн эмнэлгүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг бичиг баримт болоод нөхөн олговроор хэдэн төгрөг улсаас авсан бэ гэдгийг шалгаж тогтоох ажлыг хийсэн аж. Мөн нээгдээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа Сэргээн засалт хөгжлийн төвийн захирлыг шалгаж эхэлжээ. ГССҮТ-ийн эмч н.Амгаланбаатар гэх хүнд ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж байгаагаар хувийн эмнэлгүүдийг шалгаж эхэлсэн. Шалгалтаар 15 ортой эмнэлэг “50 хүн энэ арав хоногт хэвтэн эмчлүүлсэн” гэх хуурамч өвчтөний түүх бичдэг. Үүнийгээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг болох нь тогтоогдсон гэнэ. Цагдаа нар мөрдөн байцаалтын үеэр улсын эмнэлгийн эмч, хувийн эмнэлгийн дарга нар болоод Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн бүлэглэл үгсэн тохиролцож, улсаас их хэмжээний мөнгө хууль бусаар завшиж байгааг шалган тогтоожээ. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээдүүд үйлдсэн хэргийнхээ талаар цагдаа нарт мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэд “Өвчтөний хуурамч түүхийг бүрдүүлэхдээ иргэдийн регистрийн дугаарыг ашигладаг. Улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг олшруулж авдаг. Ихэвчлэн амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн нэр, өвчнийх нь талаарх мэдээллийг олж авдаг. Ингээд хуурамч карт нээгээд өвчнийх нь талаар, хэвтэн эмчлүүлэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичдэг. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс эмнэлэгт огт хэвтэж байгаагүй хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг авдаг. Ихэвчлэн хөдөө орон нутгийн иргэдийн нэрийг сонгож авдаг байсан. Мөн өндөр настай хүмүүсийг ч эмнэлэгтээ хэвтсэн болгож, хуурамч түүх нээчихдэг. Улирал бүр нөхөн олговрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс манай эмнэлгийн данс руу оруулдаг. Бид мөнгийг нь хуваагаад авчихдаг байсан” хэмээн мэдүүлжээ. Харин даргынхаа тушаалаар хуурамч өвчтөний түүх бичдэг байсан эмч нар “Манай дарга энэ хүний нэр дээр өвчтөний түүх нээгээд бичээрэй гэж хэлээд хүмүүсийн нэрс өгдөг. Даргынхаа хэлснээр өвчтний түүх нээгээд бичээд өгдөг байсан. Хэдэн хуурамч түүх бичиж өгснөө мэдэхгүй байна” гэсэн байна. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа учир үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд олдоогүй юм.

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХИШИГСҮРЭН, МӨНХӨӨ НАРЫГ БАРИВЧИЛЖЭЭ

Харин эрүүл, мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын нэгэн эх сурвалжтай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Танай хэлтсийн хоёр хүнийг мөн хуурамч өвчтөний түүхээр мөнгө хувьдаа завшиж байгаа эмнэлгийн дарга нарын хэрэгт шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ долоо хоногийн эхээр эрүүгийн цагдаагийнхан манай дээр ирж, Хишигсүрэн, Мөнхөө гэх хоёр хүнийг гавлаад аваад явсан. Цагдан хорих төвд саатуулсан гэсэн мэдээлэл байна. Мөн тэдний хийж байсан ажлын талаарх дэлгэрэнгүй тайланг аваад явсан. Тэднийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, улсын төсвөөс мөнгө завшдаг хэрэгт буруутгаж байгаа гэж манайхан яриад байна. Үүнээс үүдэлтэйгээр яамнаас маш олон шалгалт хийгдэж байна.

-Өмнө нь С.Тунгалаг эмчийн хэрэгт хоёр хүн шалгагдсан, шийтгүүлсэн биз дээ?

-Тиймээ. Манай хэлтсийн дарга, мэргэжилтэн хоёр ажлаасаа халагдаж, эрүүгийн хэрэгт шалгагдсан. Энэ хэргээс үүдэлтэйгээр уг нь хуурамч карт бүрдүүлж, мөнгө авдаг байдал намжсан. Ил цагаандаа гарсан байсныг таслан зогсоосон юм. Гэвч дахиад ийм хэрэг гарчихлаа. Хэдэн тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас цөлмөчихсөн гэх асуудал манай дээр одоо яригдаж байна.

ӨВЧТӨНИЙ ТҮҮХ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ МӨНГӨ“ИДДЭГ” АРГА УЛСЫН ЭМНЭЛГЭЭС ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД РҮҮ “ХАЛДВАРЛАЖЭЭ”

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар С.Тунгалаг гэх эмэгтэй ажиллаж байхдаа өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, улсаас нөхөн олговрын мөнгө авч, хувьдаа завшдаг байсан нь 2011 онд илэрч байсан. Тухайн үед энэ хэрэг нийгэм даяар шуугиан тарьж, АТГ, Эрүүгийн цагдаагийнхан хамтран хэргийг шалгаж байсан. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаас гадна эмч нар хуурамч өвчтөний түүх бичдэг байсан нь илэрч байсан билээ. Хэрэгт шалгагдсан эмч нар “Нэг өвчтөний түүх зохиоход Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 100 гаруй мянган төгрөг орж ирнэ. Хуурамч өвчтөний арван түүх гэхэд л дор хаяж нэг сая төгрөг болдог байсан” хэмээн мэдүүлж, үйлдсэн хэргээ илчилж байсан. С.Тунгалаг 2005-2010 оны хооронд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах, ор хоногийн төлөвлөгөөгөө биелүүлж даатгалаас мөнгө авах…” гэх мэт зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлээгүй болон байнга хэвтэн эмчлүүлдэг хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан өөрийн удирдлага дор ажилладаг эмч нараар 73 тооны хуурамч өвчтөний түүх бичүүлэн, уг өвчний түүхийг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар байнга ашиглан, Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж улмаар нийгмийн даатгалын сангаас үргэлжилсэн үйлдлээр 4.359.300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шүүгдсэн байдаг. Тухайн үед түүнийг Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхэд илгээсэн байдаг. Шүүхээс Б.Тунгалагийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай хэмээсэн мөртлөө түүнд холбогдох хэргийг дараахь зүйл ангиар хэрэгсэхгүй болгож байсан юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Сандагжавын Тунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай хэмээх шийдвэрийг гаргаж байсан юм. Тэгвэл хувийн эмнэлгийн дарга нар С.Тунгалаг гэх эмэгтэйн үйлдсэн хэргийг давтан үйлдсэн нь тодорхой байгаа аж. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгийн төсвөөс их хэмжээний мөнгө хууль бусаар хувьдаа завшдаг арга хувийн эмнэлэгт халдварласан нь энэ юм.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *