Categories
мэдээ нийгэм

Уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болсон гэв

Уушгины үрэвсэл зурган илэрцүүд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Сүүлийн арван жилийн хугацаанд 10000 хүндногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2,7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болоод байгаа аж. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогджээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярихдаа: “Гучин жилийн турш хуримтлагдсан, их хэмжээний санхүүжилт шаардагдсан агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Засгийн газар үе шаттайгаар арга хэмжээ авах болно. Агаарын бохирдлыг буруулсан гэж би худал хэлэхгүй. Гэхдээ Засгийн газар тодорхой хэмжээний ажил хийж байна. Засгийн газрын түвшинд амны хаалтны асуудал яригдсан. Харамсалтай нь, олон нийтийн дэмжлэг аваагүй. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг сурталчилгааны ажил дутмаг явагдаж байна. Өнөөдөр бид Монгол Улсын түвшинд агаарын бохирдлын нөхцөл байдлыг харуулсан бүрэн судалгаатай боллоо. Энэ тооцоо судалгаанд тулгуурлан Засгийн газар үе шаттай арга хэмжээ авна” гэв.

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар хэлэхдээ: “Өнгөрсөн жил таван тэрбум төгрөг агаарын бохирдлын эсрэг төлөвлөгдсөн байсан. Харин энэ жил 100 гаруй тэрбум төгрөг агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд зориулагдах тухай яригдаж байна.Агаарын бохирдол төрөөгүй хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийн судалгаа гаргах хэрэгтэй байгаа. Агаарын бохирдлыг бууруулахгүй бол эрүүл мэндийн салбарын эдийн засгийн ачаалал 2025 гэхэд 33 хувиар нэмэгдэнэ” гэлээ.

“Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайланд эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлэх, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү судалгаа, баримт нотолгоо бий болгох зэрэг дунд болон урт хугацааны зөвлөмжүүдийг оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *