Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж, өнгөрсөн бямба гаригийн үүрээр баривчилсан билээ.
Дээрх асуудалтай холбоотой буюу 2013 онд Зам тээврийн сайд асан, одоо УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа ажлын төсөвт өртгийг өндөр үнээр тогтоолгон онц их хэмжээний хөрөнгө завшсан гэж олон нийтийн сүлжээгээр иргэн Л.Даваапил мэдээлсэн байдаг. Мөн олон нийтийн сүлжээгээр ийн бичсэн нь гүтгэлгийн шинжтэй гэж үзэн шүүхээс иргэн Л.Даваапилд ял оноож байсан аж. Үүнтэй холбоотой А.Гансүх өөрөө АТГ-т хандан шалгуулж байжээ. Авлигатай тэмцэх газар түүнийг шалгаад буруугүй болохыг нь тогтоож албан бичиг ирүүлснийг нийтэлж байна.