Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг энэ сарын 5-ны өдөр Филиппин улсаас албадан авчирч баривчиллаа. Т.Бадамжунай гэдэг хүний хийсэн гэмт үйлдэл, хулгай зэлгий, хэрэг түвгийг мэдэх юм алга. МАН-ын том зүтгэлтэн, нам дотроо өндөр рейтингтэй улстөрч байсан гэдгийг нь л ард түмэн мэднэ. Нам дотроо, хоорондоо юугаа яаж булаацалдсан юм бол, их л хонзонтой л юм болоод байх шиг байна. Харин баривчилсан ажиллагаа, нааш авчирч байгаа зохион байгуулалттай ажил нь тэр чигтээ хүний эрх зөрчсөн пиар байлаа.
Эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Т.Бадамжунайг Филиппинд баривчилснаа зарласан. Дараа нь нисэх онгоцны буудалд төдөн цагт бууна гэж бүр цаг, минуттай нь тодорхой товлож мэдээлсэн. Тэр үйл явц дээр цагдаа, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийг аваачиж олны анхаарлыг татахын тулд трэйлер маягийн угтвар идэвхижүүлэлтээ ингэж явуулж байгаа юм. Хэвлэл мэдээллийнхэн очиж таарна л даа, оч гээгүй ч. Тэнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон төлөөлөгчид хэдийнэ оччихсон байх жишээтэй. Т.Бадамжунайг онгоцноос буунгуут нь ачих тэргээ бүр хол тавьчихсан байсан. Энэ нь онгоцноос машин хүртэл түүнийг явганаар явуулж, сэтгүүлчдийн нүд, зураглаач, гэрэл зурагчдын камерын дуран дундуур туулж алхуулж харагдуулах ёстой чухал үзэгдэл нь юм. Нэг муу ядарсан өвгөнийг хоёр том залуу хоёр талаас нь сугадаад аваад явж байгааг улс орон даяар шууд дамжуулж шуугиулсан. Бараг клип. Клип шиг зохиолтой баривчилгаа байв
Энэ клип, пиар бол Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Тодруулбал, Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх хоёрдугаар бүлгийн 14.2 “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, 16.14 “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зориудаар, санамсаргүй байдлаар юм шиг зөрчлөө. Өөрсдийгөө гоё, сайхан харагдуулахын тулд өвгөний нэр хүндээр дэвсгэр хийж нэр төрийг нь гутаан доромжилж байна. Ингэж гутаах эрх дүү нарт нь бий юү? Өөрсдийгөө гоёор харагдуулж, өөд нь татах хүсэл нь ч биелж, дэлхийд байхгүй шударга дарга, дэлхийд байхгүй шударга нам гээд л нийгэм даяараа амаа олохгүй магтаж байна.
Ядуу нийгэмд баян хүнийг үзэж чаддаггүй. Жунай гэдэг энэ хүн их ч баян хүн байсан юм байна. Эх орондоо хөлөө тавьсан цагаас нь л “Чи муу ямар том байлаа, мафийн толгойлогч шиг байсан биз дээ. Одоо ямар байгааг нь харцгаа” гэж бүгд бах таваа хангаж, гэр бүлийнхнийг нь хүртэл амаараа шүүцгээж, тачаадаж орилолдоцгоож байна, нийтээрээ.
Хүний эрхийг зөрчсөн пиар нь Үндсэн хуулиас эхлүүлээд олон хуулийн зүйл, заалтыг зөрчлөө. Та нарт энэ Жунай гэж хүн хамаагүй байж болно. Нэр төрийг нь дэвсэлж, язгуур эрхийг нь гутааж болно оо. Ингүүлэхдээ таарсан хүн байж болно, ингэнэ гэж тохирсон ч байж болно. Гэвч Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөд байна шүү. Жунай өөрөө тоохгүй байж болох ч Монгол Улсын иргэний эрх зөрчигдлөө. Баривчилгааны үеэр хэвлэл мэдээлэл шавуулж байгаад
мэдэгдэл хийсэн Хууль зүйн сайд, АТГ-ын дарга тэргүүтэй хүмүүсийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооц. Иргэнийхээ эрхээр шоу хийж байгаа энэ кэйс дээр Үндсэн хуулийн Цэц ажиллах хэрэгтэй. Төрөөрөө, төр засгаараа нийлж байгаад энэ мэтээр Үндсэн хуулиа зөрчиж
болохгүй. Энэ хүнийг чухам ямар хэрэгт холбогдсоныг мэдэж байгаа хүн бараг алга. АТГ-ын дарга “Бүлэг, авлигын хэрэг. Яллагдагчаар татлаа” гэж л хэдэн өгүүлбэр хэлснийг эс тооцвол түүнийг ямар хэрэгт буруутгагдаж байсан нь тодорхойгүй. Шүүхээр хэрэг нь орж хэлэлцэгдэж эцсийн шийд нь гараагүй байхад бараг хэрэг үүсгээгүй шахуу хүнийг аюултай гэмт хэрэгтэнг олж ирсэн аятай аяглацгаалаа. Ер нь бол ингэж шоу хийх ямар ч шаардлага байгаагүй л дээ. Жунайг ачих машинаа тулгаж тавьж байгаад чимээгүй баривчлаад л аваад явчихна. Ирсэнийг нь нотолж баривчлаад явж буй ганц зурагтай мэдээг нь АТГ мэдээлчихэд л болох байсан.
Хятадын “Үнэгний ав” гэж олон ангит кино өнгөрсөн
намаржингаа телевизээр гарсан. Тэр кинон дээр л ийм уран сайхны халилтай, уянгын юмнууд гараад байсан даг. Тусгай ажилтнууд нь гадаадад очоод өнөөх сэжиглэгдэж буй иргэнээ уран нарийн аргаар ятгаж гуйж гувшиж байж авчрангуут онгоцны буудал дээр манай энэ АТГ-ынхан шиг ажилтнууд нь хоёр талаас нь сугадаж аваад л сүр үзүүлж, ял өгч шоронд хийгээд байгаа тухай л гардаг кино. Яг л тэр киноны үйл явц, сцен шиг юм хийлээ, та нар. Наана чинь Монгол Улсын иргэний эрх, Монгол Улсын Ардчиллын амин сүнс, үнэт зүйлс зөрчигдөөд байна. Ардчилсан улсад энэ бүгдийг уландаа гишгэж, ингэж шоудахгүй ээ, та нар. Хятадын тэр кинон дээр гадаадад сайхан амьдарч байсан баян чинээлэг хүмүүсийг авчраад гутааж байгаагаа хөөр баяр болгож гаргадаг. Тэр киног намаржин телевизүүдээр цацсан. Хэсэг бүлэг нөхөд өөрсдийгөө гоёор харагдуулахын тулд хүний эрхийг ингэж ноцтой зөрчиж болохгүй.
Биднийг коммунист нам удирдаагүй биз дээ. Хятадад бол яахав, коммунистууд иргэдээ дандаа тэгж гутааж байдаг. Коммунистууд даргадаа долигоноогүй иргэнээ яаж л бол яаж гутааж доромжилж, үйлийг нь үздэг.
“Чи хэзээ ийм байсан юм бэ” гэдэг үг бол коммунистуудын үед гарсан үг. Социализмын үед “Чи хэзээ ийм байсан юм бэ. Хачин л юм байсан. Чи их сэхжээ. Чи тийм нэг новш л байсан ш дээ” гэдэг эдгээр үгс бол хүнийг гутаадаг гол үг байлаа даа. Одоо хүнийг ингэж хэлж байгаа хүн байна уу. Байхгүй шүү дээ. Хүн ямар ч байж болно гэдгийг мэддэг болсон. Ямар ч байж болно, ямар ч байх эрхтэй гэдгийг бүгд мэддэг болсон.
Гэтэл Т.Бадамжунайг баривчилж ирлээ гэх пиар ажиллагаа коммунистууд хүний эрхийг зөрчсөн шоу байлаа. Хэнд ч хэнийг ч гутаан доромжлох эрх байдаггүй юм.