Налайх дүүрэгт “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлагаар 2018.10.25-ны 18:15 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллалаа.
Ослын голомтод очиход 40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын мөргөцөг хүртэл нийт 33 метрийн гүнтэй уурхайн цаана 18 метрийн гүнд нуранги үүсч гурван иргэн тусгаарлагдсан байжээ.
Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан дөрвөн цаг ажилласны эцэст нурангийн цааана тусгаарлагдсан Налайх дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн А /26 настай, эрэгтэй/, иргэн С /38 настай, эрэгтэй/ нарыг эсэнд мэнд гарган эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ослын дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, нутгийн захиргааны байгууллагын нийт 30 гаруй алба хаагч, 7 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.