Categories
мэдээ нийгэм

Уурхайчид ажил, амралтын цагаа 14/14 болгож, хуульчлахыг УИХ-аас шаардлаа

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулан Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уурхайчдын санал хүсэлтийн дагуу уурхайчдын ажил, амралтын цагийг 14/14 болгож, хуульчлахыг шаардаж буйгаа мэдээллийн үеэр холбооныхон онцоллоо.

Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал

“УИХ гаднын компаниудын захиалгаар хууль гаргах нөхцөл байдал үүсэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “…уртын ээлжээр/ростероор/ ажиллуулахдаа ажлын хоногийг 20-иос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байх..”-аар тусгасан.

Тэгээд Орон гэрээсээ алслагдмал байдалд урт хугацаагаар ажиллаж байгаа уурхайчид ажилчдыг 20/10-ын ростер/уртын ээлж/-оор ажиллуулахыг хэлэлцээд дэмжсэн байгаа юм.

Мөн уг хуулийн төслийг өргөн барих үед найман уул уурхайн компанийн ростерийн судалгааг хийсэн байдаг.

Үүнийг МҮЭХ болон Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо эрс эсэргүүцэж байна. Монгол уурхайчдын дуу хоолойг, ар гэрийнхнийх нь дуу хоолойг сонсооч.

Монгол Улсын уул уурхайн салбарт 57.6 мянган хүн ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ хүмүүсийн эрх ашиг гэж байх ёстой биз дээ. Уурхайчид уурхай дээр 40 хоног олон цагаар ажиллаж байгаагаас болж, хөдөлмөрийн бүтээмж муудах, аваар осол гарах, амь насаа алдах, сэтгэл гутралтай болох, салалт ихсэх, гэр бүлийн үл ойлголцол төрөх, хүүхдийн хүмүүжил доголдох болон уурхайчид амиа хорлох зэрэг хор уршиг байна.

МХЕГ, ҮСХ-ноос хийсэн судалгаагаар сүүлийн таван жилд 328 осол бүртгэгдэж, 139 хүн хүнд гэмтэж, 38 хүн нас барсан судалгаа байна. Уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүйн дээр 2018, 2019 онуудад өссөн үзүүлэлттэй байна.

Оюу толгой ХХК-ийн ҮЭХ-ны дарга Ц.Дэлгэрхүү “

Манай байгууллагын хувьд 14/7-гоор ажил, амралтын хуваариа зохицуулж явуулдаг. Манай ҮЭХ-ноос тэгш ажил амралтын хуваарийг 14/14 болгох асуудлаар 2018 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажилчдын дунд санал асуулга явуулахад 1679 хүн орсноос 78 хувь нь тэгш ажил, амралтын хуваарийг дэмжсэн.

Уурхайчин хүн тэгш ажиллаж, амьдрах ёстой. Манай улсын хэмжээнд тэгш ажил, амралтын хуваарьтай байх шалтгаанууд хэд хэд бий. Тухайлбал, эрүүл мэндийн асуудал, ядаргаа болон сэтгэл зүйтэй холбоотой өвчлөлийн асуудал тулгамдаж байна.

Олон хоног гэр бүлээсээ хол явж байгаа хүмүүсийн дунд сэтгэцэд нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох асуудал өндөр түвшинд гараад эхэлсэн. Манай байгууллагын хувьд ч гэсэн гараад эхэлсэн гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

Хэрвээ уурхайчдын ажиллах уртын ээлжийг 14/14 болгохгүй юм бол Монголын бүх уурхайчид ажил хаяж, тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдээллийн төгсгөлд хэллээ.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр Ростерийн буюу уртын ээлжээр ажил, амралтын цагийг зохицуулж байгаа зарим ААН-ийн жагсаалтыг танилцуулсан юм.

ААНБ-ын нэр Ажиллах хоног Амрах хоног Ажлын үргэлжлэх цаг
1 Алтайн хүдэр ХХК 40 20 8-12
2 Оюу толгой ХХК 14 7 8-12
3 Энержи ресурс ХХК 14 7 8-12
4 Эрдэнэс таван толгой ХХК 14 14 8-12
5 Таван толгой ХХК 20 10 8-12
6 Теера энержи ХХК 19 9 8-12
7 Баян-Айраг ХХК 28 14 8
8 Хөшөөтийн уурхай 28 14 8-12
9 Жэйкобс ХХК 28 14
10 SSM ХХК 28/14 14/7
11 Дархан төмөрлөг ХХК 20 10
12 Шинь Шинь ХХК 20 10
13 Бороо гоулд ХХк 7 7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *