Categories
мэдээ цаг-үе

Өөрийгөө ялж чадсан Ази тивийн хошой аварга

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Шатар, даамны их мастер, Завханы “бор” гэж нэрлэгддэг Н.Нямцогтын ач охин М.Нямжаргал Ази тивийн хошой аварга болоод байна. Тэрбээр зургаан настайдаа анх өвөө, аав хоёроороо даам заалгаж, Завхан аймгийн хүүхдийн спортын их наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ. Дааманд тэгтлээ хорхойсдог охиноо дэмжиж даамын спортын дэд мастер аав нь Улаанбаатар хотыг зорин ирж, спортын мастер Т.Пүрэвдоржид шавь оруулсан нь арван дөрвөн жилийн өмнөх явдал. Тэр цагаас хойш даамаар тасралтгүй хичээллэж арван настайдаа анх улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, 11 настайдаа Францын дэлхийн аваргад оролцож байжээ. Даамын спортын тив дэлхийн аваргад эмэгтэй тамирчдын ангилал зохиогдож эхлээгүй байх үед Д.Нямжаргал хөвгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж ирсэн нь түүнийг олон талаар хөгжүүлсэн байна. Тэрбээр 2010 онд Хятадын Ичунь хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож охидын төрөлд мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга анх удаа зохион байгуулагдахад хүрэл медаль хүртэж байсан юм. Тухайн үед есдүгээр ангид сурч байсан Д.Нямжаргал энэ амжилтаараа Монгол Улсын “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байжээ. 2010 оны Бельгийн өсвөрийн дэлхийн аваргад түүнийг оролцоход даамын спортод тэргүүлэгч Голланд, Оросын тамирчид Д.Нямжаргалын тоглолтыг судалж байсныг сонсоход монгол тамирчнаараа бахархах сэтгэл эрхгүй төрж байсан юм.

2012 он бол Д.Нямжаргалын амжилтын оргил үе. Сахагийн хүүхдийн спортын их наадамд даамын төрлөөр хүрэл медаль, Малайзад зохион байгуулагдсан Ази тивийн аваргад түрүүлж спортын их мастер цолын эзэн болж, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болжээ. Тэрбээр Ази тивийн аварга болохдоо Залуучуудын дэлхийн аварга Зао Ханкинг, дэлхийн аварга С.Юлдашева, спортын мастер Э.Мандахнаран нарын хүчтэй тамирчдыг ялсан юм. Мөн тухайн жил Францын Лил хотод зохион байгуулагдсан оюун ухааны олимпод оролцож дэлхийн арван удаагийн аварга Зоя Голубаева, таван удаагийн аварга Тамара Тансыккужина нартай тоглож, тэдний тоглолтоос их зүйлийг сурсан байна. Ингэж Д.Нямжаргал Монгол Улсын “Оны шилдэг хүүхэд”-ээр хоёр дахь удаагаа тодорчээ.

Даамын спортын их мастер Д.Нямжаргал МУИС-ийн Хэрэглээний математикийн ангийн оюутан болоод спортоосоо хөндийрч, бэлтгэл сургуулилтаа орхигдуулж, “Би дааманд дуртай болов уу, авьяастай болов уу” гэж ээжээсээ асуух үе ч тохиож байжээ. Тэр үед ээж нь “Чи хожчихоод босч ирэхдээ чин сэтгэлээсээ инээмсэглэдэг. Тэр чинь дуртай хүний зан биш гэж үү” гэж хэлж байсан гэнэ. Тэр үед аав ээж, дасгалжуулагч багш нар нь сэтгэл санаагаар дэмжиж байснаар өөрийгөө ялж даамын спортдоо эргэн ирсэн юм. Энэ удаад Д.Нямжаргал Ази тивийн хошой аварга болж 2017 оны эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн боллоо. Тэрбээр “Би дэлхийн аваргад жаахан одгүй тоглодог. Гурван удаа зургадугаар байр, нэг удаа тавдугаар байранд орж байсан. Даамын дэлхийн аварга болно гэдэг бол миний хамгийн том зорилго. Тийм болохоор 2017 онд сайн оролцохыг хүсч байна” гэсэн юм.

Монголын даамын спортод долоон мастер, нэг их мастер төрүүлсэн Н.Нямцогт гуай ач охиндоо “Өвөө нь чамайг дахиад Азийн аврага болохыг хармаар байна” гэж хэлсэн нь Д.Нямжаргалын Азийн хошой аварга болоод баярласан жинхэнэ шалтгаан нь юм.

Түүний хувьд даамыг илүү онолын түвшинд, олон төрлөөр тоглож, өвөрмөц содон комбинац хийж өрсөлдөгчөө хожих нь хамгийн сонирхолтой санагддаг гэнэ.

Тамирчны сэтгэлзүй тухайн тамирчны амжилтанд тун их нөлөөлдгийг биеэрээ мэдэрсэн Д.Нямжаргал математикийг нийгмийн ухаантай хослуулж спортын сэтгэлзүйч болохыг хүсдэг байна.

Б.Наранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *