Завхан аймгийн Идэр суманд 50 орчим насны эмэгтэй өөрийгөө галдан шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Талийгаач Тэгшжаргал сумын төрийн сангийн мэргэжилтэн байсан бөгөөд түүнийг гуравдугаар сарын 14-нд ажлаас нь халсан байдаг. Үүнээс үүдэн тэрээр амиа хорложээ. Талийгаачийн нөхөр тухайн үед хамт байсан бөгөөд унтаж байжээ. Талийгаач ажлаасаа халагдсанаасаа хойш бүтэн нойртой хоносон удаагүй гэнэ. Байнга л бодлогоширч, шаналж буй нь ажиглагдах болж. Тус шөнө ч мөн адил унтахгүй сэрвэлзээд байж. Ингээд нөхөртөө “Бие засчихаад ирье” гэж хэлээд гэрээсээ гарч улмаар өөр дээрээ бензин асгаж галджээ. Түүний ойр дотнын хүмүүс “Талийгаач тийм ч амархан сэтгэлээр унах хүн биш.Их зарчимч байдал нь ийм байдалд хүргэлээ. Насаараа хийж ирсэн ажлаас нь нэг л өдөр ялихгүй шалтгаан хэлээд ямар гомдолтой байхав. Төрийн алба төрөл садны үүр юм уу. Сумын удирдлагатай хэн ойр дотно, хамаатан садан, эсвэл намаар холбогдсон нь ажилтай үлддэг. Бусад нь хичнээн ажилдаа мундаг байсан ч огтхон ч хамаагүй болсон цаг юм. Хэдий үхсэн хүн эргээд сэрэхгүй ч хойшдоо ийм бусармаг зүйл битгий гараасай гэсэн үүднээс өөрийгөө золиосолсон байх.Үнэхээр харамсаад ч барахгүй юм. Тэр танил талаа харж шийдвэр гаргасан хүмүүс хариуцлагаа хүлээгээсэй” хэмээн нам, танил талаа ажилд авдаг энэ нийгмийн гаж тогтолцоог буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Тус сумын 100 гаруй иргэн талийгаачийг өөд болсны маргааш сумын удирдлагуудаа эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулсан билээ. Харин нутгийн иргэд жагсаалын үеэр нутгийн удирдлагуудыг ажлаа өгөхийг шаардаж “Бид эзэнгүй айл шиг амьдарч байна”, “Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээ хамгаалах цаг ирлээ”, “Энэ зөвхөн Идэр сумын асуудал биш. Монголын бүх сум, аймаг намаас шалтгаалж байна” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн байна. Учир нь Идэр суманд нам солигдсоноос болж ажлаасаа халагдсан хүн талийгаачаар тогтохгүй бөгөөд арваад хүн халагдаад байгаа гэнэ. Тиймээс ажлаасаа халагдсан зарим иргэдтэй холбогдлоо.
“ӨмнӨ нь засаг солигдоход халаа сэлгээ хааяа хийж л байдаг. арай ч хүн амиа хорлох хэмжээнд хүрч байсангүй”
Идэр сумын Засаг даргын орлогч асан Ш.Сампилноровтой холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Түүний оронд банкинд теллерээр ажиллаж байсан Б.Болдбаатарыг томилжээ. Талийгаачийн оронд төрийн сангийн мэргэжилтнээр Б.Болдбаатарын эхнэр Н.Нямжав болоод байгаа.
-Та хэзээ ажлаасаа халагдсан бэ?
-Би 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд ажлаа өгсөн. Засаг даргын орлогчоор хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Өмнө нь их сургууль төгсчихөөд Дарханд Улсын нөөцийн газар ажиллаж байгаад сумандаа ирсэн.
-Таны оронд ямар хүн томилогдсон бэ. Ер нь сонгуулийн дараа тантай адилхан ажилгүй болсон хүн нэлээдгүй бий гэж сонссон?
-Миний оронд Б.Болдбаатар гэж хүн орсон. Миний мэдэхээр “Хаан банк”-нд ажиллаж байсан гэсэн.Хална, солино гэсэн яриа гарч л байлаа. Өмнө нь Ардын нам ч бай, Ардчилсан нам ч бай аль гарсан нь засгаа бариад халаа, сэлгээ хийж л байдаг. Гэхдээ сая гарсан энэ хэрэг шиг хүн амиа хорлохдоо тултал айхтар юм болж байгаагүй.Энэ халаа, сэлгээний асуудал арай хэтрээд байгаа юм болов уу даа л гэж бодож сууна. Хувь хүнийхээ хувьд засаг солигдоход бүх албан тушаалтныг намын үзлээр сольдог байдлыг буруу гэж боддог. Тухайн ажил, албандаа үнэхээр алдаа дутагдал гаргасан бол халах нь зүйн хэрэг. Тийм биш байхад хэтэрхий туйлшрах нь дэмий байх л даа.
Ч.МӨНХХҮрЭл: Талийгаачийг “Чи ажлаа Өг” гэж зӨндӨӨ дарамталсан байсан. Над руу хоёр ч удаа утсаар ярьж “Би халагдчихлаа одоо яах уу”, “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хаТуу хүнд байна” гэсэн
Идэр сумын Засаг дарга асан Ч.Мөнххүрэлтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Одоо сумын Засаг дарга Х.Баярмаа.Тэрээр өмнө нь сургуулийн багш байсан бөгөөд нутгийн иргэдийн яриагаар бол нэг өдөр сурагчдаа, хичээлээ орхиод ор сураггүй яваад өгч. Тэгсэн Солонгост ажиллаж байгаад ирсэн гэх. Ирэнгүүтээ ИТХ-ын нарийн бичиг болсон байна. Ингээд өнгөрсөн сонгуульд нам нь ялалт байгуулж Засаг дарга болжээ.
-Танай суманд төрийн албан хаагч ажлаасаа халагдсанаас болж өөрийгөө шатаалаа. Энэ бүх зүйл аль 2015 оноос эхтэй. Үүнд таныг буруутай гэх юм. энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Тухайн үед төрийн албаны шалгалтад гурван хүн тэнцсэн. Идэр сумаас талийгаач, одоогийн Засаг даргын орлогчийн эхнэр Н.Нямжав, бас өөр сумын нэг залуу тэнцсэн. Ингээд арай өндөр оноо авсан Н.Нямжавыг төрийн сангийн мэргэжилтнээр ажилд авъя гэтэл сумын Санхүүгийн албаны даргатай төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байсан. Төрийн албаны тухай хууль, Ашиг сонирхлын хуульд заасны дагуу нэг дор нэгдмэл ашиг сонирхолтой төрөл садны хүмүүсийг ажилд авахыг хориглоно гэсэн хуулиа л би баримталсан. Ажилд орох гээд байгаа Н.Нямжав чинь Идэр сумын Ардын намын тэргүүлэгч гишүүн байсан. Тэгээд би намчирхаад ажилд авахаар бол авахаар л байсан. Гэхдээ миний зарчим бол хуулиа л дээдэлнэ. Гэхдээ ажилд авахыг би үүргийн дагуу шийдэхгүй. Тамгын газрын дарга шийдвэрийг гаргаад надтай зөвшилцөнө шүү дээ. Монгол Улсын гаргасан хууль, дүрэм журмыг бид хэрэгжүүлж, дээдэлж ажиллах үүрэгтэй. Ийм л зарчмаар ажилласан.
-Тэгэхээр та намынхаа хүнийг ажилд авахаас татгалзжээ?
-Тийм. 2013-2016 оны тавдугаар сар хүртэл Идэр сумын Монгол Ардын намд ажилласан. Тэгээд л намайг ажилд авахгүй гэхээр Ардчилсан нам руу урваад л явчихсан хүн. Сонгууль ч дөхсөн. Нөхрөө дагаад л явсан. Одоо төрийн сангийн мэргэжилтний эгч дүүсийн хүүхдүүд болох эгч нь сумын Санхүүгийн албаны дарга, нөхөр нь Засаг даргын орлогч дарга, Засаг дарга Баярмаатай бас холбоотой.
-Төрөл садан юм уу?
-Төрлийн хүмүүс. Бүр нэг овгийн хүмүүс. Би худлаа яриагүй. Завхан аймгийн Идэр сумын ургийн нэг, хоёр дугаар дэвтэр дээр байгаа.Төрийн хууль дор төрийн албыг хашна. Энэ зарчмаар л ажиллах ёстой. Гэтэл энэ нөхдүүд одоо хуулийг уландаа гишгэж байна. Наад нөхдүүд чинь хуулийг тайлбарлаад миний зөв, тэрний буруу гээд л яваад байдаг бололтой. Гэтэл хуулийг ганцхан Монгол Улсын Дээд шүүхээр тайлбарлана.Иргэн Мөнххүрэл хууль тайлбарлах эрхгүй. Тийм учраас зөвхөн хуулийг хэрэгжүүлж, баримталж ажиллана. Ингэж зарчмын дагуу ажилласнаараа би буруутан болох гээд байгаа юм уу, хаашаа юм. Цахим орчинд хэдэн зуун хүнээр юм бичүүлж өмнөх Засаг даргын буруутай үйлдэл мэт харагдуулж, үгээр дайрч, доромжилж байна.Шаардлагатай бол би үүнээс ч илүү баримтуудыг дэлгэх болно.
-Таны үед ч гэсэн нам солигдоход халаа, сэлгээ хийгддэг л байсан. Тэр үед та тэгж их халаа, сэлгээ хийсэн болоод эргээд хариу авч байгаа байдал юм уу?
-Таван хүн ажилд орсон байдаг. Үүний гурав нь Ардчилсан намын гишүүд.Тэгэхээр хэн улстөржүүлж ажиллаж байсан байна.Тэгвэл өнөөдөр гарын таван хуруунаас гарсан байна шүү дээ. Мөнххүрэлтэй холбоотой хүмүүсийг бүгдийг нь ажлаас нь хална гэж ярьдаг гэсэн.
-Сумын удирдлагууд бүгд аймгийн засаг дарга Батсайханы хүмүүс гэх мэдээлэл байна. үнэн үү?
-Тэрийг нь сайн мэдэхгүй. Ямартай ч Завхан аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч Батсайханы төрсөн ах нь сумын Тамгын газрын дарга төсвийн шууд захирагч Батчулуун гэж хүн байна. Хуулиар төсвийг төвлөрүүлэн захирагч ах дүү төрөл садан байж болохгүй гээд хуульдаа заасан байдаг. Энэ мэтчилэн сөхвөл зөндөө асуудал бий.Гэтэл төрсөн ах дүү, аав, ээж биш бол хамаагүй гээд яриад явж байна. Хоёр жилийн өмнө би хуулийг уландаа гишгээд тэр хүнийг нь ажилд авах байж л дээ. Одоо намайг буруутай юм шиг ярьж, хэлж байна. Ажлаас халах тушаал гаргаснаараа Тамгын газрын дарга буруудна. Тийм учраас Тамгын газрын даргаа уснаас хуурай авч гаргахын тулд хэн нэгэнд ямар ч аргаар хамаагүй буруу тохох гэж оролдож байгаа намын бодлого л доо. Надад бол айгаад байх зүйлгүй. Би дөрвөн жил Засаг даргаар ажиллахдаа төрийн хуулийг дээдэлж, хэрэгжүүлж ирсэн хүн.
-Суманд юу болж байгааг мэдэхгүй юм чинь гээд хэн дуртайгаа ажилд авч, эсвэл халж байдаг элжирсэн тогтолцоо бараг дархлагдчихлаа. харин үр дүн нь эцэстээ хүний аминд хүрлээ. Энэ байдлыг иргэд эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулсан. Тэднийг өдөөн турхирсан нь таныг гэх юм?
-Талийгаачийг бурхан болсны дараа ар гэрийнхэн нь болон ард иргэд нэгдэж сумын удирдлагуудыг эсэргүүцэж жагсаал хийсэн. Намайг хүмүүсийг уриалж хашгирлаа гэж байсан. Тэр үед би аймгийн төвд эмнэлэгт эхнэртээ хоол цай зөөгөөд явж байсан. Талийгаачийг эмнэлэгт хүргэгдэхэд л нутгийн иргэд шуугилдаж, цугласан юм билээ. Суманд зуу гаруй хүн нэгдэж жагсаал хийнэ гэдэг бага тоо биш.Хууль бус үйлдлийг л тэвчиж, тэсч чадахгүйдээ ард түмэн тэсэрч байна.
-Талийгаачийг та ер нь хэр мэдэх вэ. ажлаас халагдсанаас болоод амиа хорлох хэмжээнд хүрэх гутранги үзэлтэй гэж үү?
-Ерөөсөө л бор амьдралтай төрийн албан хаагч. Маш их сэтгэл зүйн хүчирхийлэлд оруулсан байгаа байхгүй юу. “Чи ажлаа өг” гэж зөндөө дарамталсан байсан. Над руу хоёр ч удаа утсаар ярьж “Дарга аа би халагдчихлаа, одоо яах уу”, “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хүнд байна. Надад хууль зүйн зөвлөгөө өгөөч” гэж байсан.Ажлын байрны дарамт шахалт, хүчирхийллээс болж ийм байдалд хүрсэн. Тухайн ажилтанг гүтгэх, доромжлох, дарамт шахалт үзүүлэх, сэтгэл санааны хямралд оруулах гээд хуулиар хориотой бүх зүйлийг энэ хүнд хэрэглэсэн учраас давж гарч чадалгүй амиа хорлоход хүргэлээ шүү дээ.
-Та тэр үед нь сэтгэл санаагаар дэмжиж байв уу?
-Та ажилдаа орно оо. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх болно гэж хэлж байсан. Харамсалтай нь үнэн ялсангүй. Өнөөдөр бидний дэргэдээс явчихлаа. Манай Засаг даргын Тамгын газарт намаас болж баллуулаад байгаа болохоос биш илүү дутуу зангүй, ажлын төлөө төрчихсөн хүмүүс зөндөө бий. Ер нь засаг солигдоход дагаад ажлын байрны халаа, сэлгээ хийдгийг болимоор байгаа юм. Хэн ажиллаж байна, түүнийг ажилд нь үлдээх хэрэгтэй. Харин ажиллаж чадахгүй байгааг нь халах л хэрэгтэй. Намын үзлээр бүх зүйлийг битгий шийдээч ээ гэж хэлмээр байна.
Д.СҮРЭН