Уулын Карабах дахь цэргийн ажиллагаа хэт хурдацтай явагдсан ч дэлхийн том хэвлэлүүд энэ явдалд анхаарал хандуулах цаг гаргаж амжив. Энэ сарын 19-нд Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ зарласан бол маргааш нь олон улсад бүр Арменд хүртэл хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан Уулын Карабахын бүгд найрамдах улс (УКБНУ)-ын эрх баригчид Бакутай бүрэн гал зогсоож, зэвсэгт хүчнээ татан буулгах тухай тохиролцоонд хүрснийг зарлав.
Бүтэн 33 жил тасралтгүй явуулсан зөв бодлогынхоо үр дүнд гадны хөрөнгө оруулалтыг амжилттай татаж өөрийн иргэдийн амьдралыг сайжруулан нэгтгэж, найрсаг бус харьцаатай бүр зэвсэг зөрүүлж байсан, хүчтэй армитай Турктэй холбоотон болж цэргийн хүчээ Орос, Арменийн армиас илүү шинэ зэвсэгтэй болгосон Илхам Алиев өөрийн улсын мэдэлд байсан Уулын Карабахад Арменийн армийг хэдхэн хоногт бут цохиж байсан нь саяхан болж өнгөрсөн явдал. Тэгвэл “Der Spiegel” сэтгүүлийн тоймч Кристиан Эш 2020 оноос хойш Карабахын бүсэд Оросын энхийг сахиулах хүчин “эргүүл хийж байсан”-аас Азербайжаны тал энэ хугацаанд энэхүү бүс нутагт “бөмбөг, пуужин хэрэглэж чадахгүй байсан” явдал өнөөдрийг хүртэл “сайн тал болж байсан” гэж бичжээ. Тэрбээр “Тэгвэл сая яагаад Оросын энхийн сахиулагчид Бакуд өчүүхэн ч саад тотгор учруулж чадсангүй вэ?” гэсэн асуулт тавиад “Энэ үйл явдал Орос Өмнөд Кавказ дахь бүх нөлөөгөө алдсан гэдгийг батлан харуулж байна. Энэ явдал нь Орос жижиг хөрш Азербайжандаа нөлөөлж чадахгүй болсон гэсэн үг. Хэрэв танд Путины Украины эсрэг хийсэн түрэмгийллийн дайн Оросыг хэрхэн сулруулсан тухай нотлох баримт хэрэгтэй байгаа бол энэ явдал тэр баталгаа чинь яах аргагүй мөн” гэж тайлбарлан бичсэн байна. Бас “Frankfurter Allgemeine Zeitung (FAZ)” сонины сэтгүүлч Александр Ханеке “Уулын Карабах дахь хамгийн сүүлийн үйл явдлын ялагдал хүлээсэн талуудын нэг бол яах аргагүй Орос мөн” гэж бичжээ.
Тэрбээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй УКБНУ-ын эрх баригчид “бодитоор буун өгч, зэвсгээ хураалгаж байгаагаа “гал зогсоох хэлэлцээр” гэж танилцуулсан нь “ялагдагчдын нүүр царай, тэр дундаа Арменийн аюулгүй байдлын баталгаа болж байсан Орос улсын нэр хүндийг аврах зорилготой арга ядсан үйлдэл. Учир нь Москва өнөөдөр Алиевийг эсэргүүцэж юу ч хийж чадахгүй болчихсон” гэж бичжээ. Мөн тэрбээр “Уулын Карабахын мөргөлдөөн дуусаагүй байна. Бакугийн мэдэлд дахин орсон энэ нутагт урьд нь дайжин явсан азербайжанчууд буцан ирж, эндхийн арменчууд мөрдлөг хавчлагад өртөж эхлэх нь бүрэн үндэслэлтэй. Ийм “шинэ гэмт хэрэг” гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг Азербайжаны эрх баригчдад нөлөөлөх ёстой. Эс тэгвээс хуучин хамгаалагч гэгдэж байсан Орос улс шүдгүй баавгайн дүрд хувирсантай адил хүний эрхийг хамгаалдаг барууны орнууд ч мөн адил дүр төрхтэй болох болно” гэж “FAZ”-ийн сэтгүүлч онцолжээ. Үнэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Францын санаачилгаар Уулын Карабахын асуудлыг авч хэлэлцсэн бол АНУ-ын Конгресс Азербайжанд эдийн засгийн хориг тавьна гэж анхааруулаад байгаа юм. Мөн “Tagesschau” сэтгүүлийн шинжээч Сильвия Штёбер “Азербайжаны тал өөрийн иргэдээ нутгийн армен үндэстэн энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Уулын Карабахаас арменчуудыг эмх цэгцтэй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэж бичжээ. Харин Уулын Карабахаас ирсэн хэдэн арван мянган арменчуудыг байрлуулах, тэдэнд анхаарал халамж тавих нь Ераваны хувьд нэлээд хэцүү асуудал. Үүний зэрэгцээ Арменд Оросын эсрэг дургүйцэл улам нэмэгдэж байна гэж “Tagesschau”-гийн сэтгүүлч тэмдэглээд “Одоо Арменийн Ерөнхий сайд Пашиняны төлөө гудамжинд гарах иргэд олдох нь юу л бол. Гэвч Оросын суртал ухуулгаар засгийн газраа унагахаар жагсаж буй оролдлого нь армен иргэдийн үнэмлэхүй дэмжлэгийг авч чадахгүй” гэж Стёбер онцолжээ.
ЗХУ задарсны дараа Кремль тус бүс нутагт Туркээр дамжин орж ирэх НАТО-гийн нөлөөг хаах бас Иранд “сайн хүн” болж харагдах гэж Арментай хамтран 11 сая хүн амтай Азербайжан улсын Ираны нутагт байгаа 25 сая азербайжанчуудтайгаа хиллэж байсан хэсгийг таслан Уулын Карабахын бүгд найрамдах улс гээчийг байгуулсан нь ийнхүү буцан эх нутагтаа нэгдэв. Энэ нь исламын шашнаар түрий барьдаг Ираны дарангуйлагч дэглэмийн хувьд нэг талаас АНУ, Израиль болон шашны маргаантай Арабын хүчирхэг улсуудын нэгдэл нөгөө талаас Турк, Азербайжан, Казакстан гэсэн “хайчин галд” өртөхөд бэлэн болсон гэсэн үг.
Өөрөөр хэлбэл саяхан Сочид Орос, Туркийн ерөнхийлөгч нар уулзаж Хар тэнгисээр тээвэрлэх Украины үр тариаг бус Армен, Уулын Карабах хоёрыг хэрхэн “золигт гаргах” талаар тохиролцоо хийсэн нь тодорхой болж орхив. Иймээс В.Путин Батлан хамгаалахын сайдаа яаралтай Иранд айлчлуулсан аж. Учир нь Иранд байлдаан эхэлбэл АНУ болон барууны улсууд Украинтай манатай болно гэж Кремль тооцож буй бололтой.
Гэхдээ эртний худалдаа, наймааны ухаантай Иран очиж очиж Москвагийн ийм урхинд орох нь юу л бол. Тэгээд ч англи-саксончууд хаана, хэдийд яаж байлдаан хийж, хэрхэн ялахаа аль хэдий нь хэд хэдэн хувилбараар тооцоолчихсон байгаа нь гарцаагүй. Ямартаа ч Өмнөд Кавказ дахь гурван улсын дунд бий болоод байсан Уулын Карабах гэх “Дарьтай торх” тэлэн хориод улсыг хамрахаар болж бүр ч томорч орхив.
Г.АМАРСАНАА