Арменийн парламентын ээлжит бус сонгуульд тус улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашиняны тэргүүлдэг “Иргэний гэрээ” эвсэл ялалт байгуулжээ. “Иргэний гэрээ” эвсэл сонгогчдын 54 хувийн дэмжлэг авч Арменийн Засгийн газрыг дангаар бүрдүүлэх нөхцөлийг хангасан байна. Харин Арменийн ерөнхийлөгч асан Роберт Кочаряны удирддаг сөрөг хүчний “Армени” эвсэл ердөө 21 хувийн санал авчээ. Парламентад суудалтай болох долоон хувийн босгыг эл хоёр эвслээс өөр улс төрийн хүчин давж чадаагүй аж.
Роберт Кочарян, “Нийгмийн амьдралд сүүлийн найман сард ажиглагдсан үйл явцад огт нийцэхгүй сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн нь Арменийн нийгэмд дахин хагарал үүсгэж, үймээн өдөөж болзошгүйг ажиглагчид тэмдэглэж байна. Үнэхээр ч, Уулын Карабахт өнгөрсөн намар болсон 44 хоногийн дайнд ялагдаж, Арменийн талд шившигтэй гал зогсоох шийдвэр гарган Азербайжанд нэлээд газар нутгаа алдаж, Армени-Азербайжаны хилийн дагуу хурцадмал байдал үүсэхэд хүргэсэн Никол Пашиняныг ерөнхий сайдын суудлаа хадгалан үлдэнэ гэдэгт итгэх хүн тун цөөхөн байсан билээ. Түүнийг шашны удирдагчид, армийн генералууд, их, дээд сургуулиудын академичид гээд бүгд дэмжихээ больсон юм. Тус улсын Ерөнхийлөгч хүртэл Никол Пашинянд хандан сайн дураараа огцрохыг уриалсан удаатай. Хэдий тийм ч, Арменийн нэрт улс төр судлаач, “Европын интеграцичлал” олон нийтийн байгууллагын шинжээч Манвел Гумашяны хэлснээр сонгуулийн ийм дүн санамсаргүй зүйл биш ажээ. Учир нь иргэд Никол Пашиняныг дэмжих гэсэндээ бус, нийгэмд нэр хүндээ нэлээд алдсан Роберт Кочаряныг төрийн эрхэнд гаргахгүй гэсэндээ ийм сонголт хийсэн гэнэ. Тэгээд ч Манвел Гумашяны үзэж буйгаар, Никол Пашинян Арменийг удирдах нь Орос, Иран, Европын холбоо, АНУ-ын аль алинд тохиромжтой ажээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР