Categories
мэдээ нийгэм

Уулбаян сум хоёр км хатуу хучилттай авто замтай боллоо

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2014.11.02/ тус аймгийн Уулбаян сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.

Уулбаян сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тохиолдуулан “Арж капитал” ХХК-тай гэрээ байгуулан 840.0 сая төгрөгийн өртөг бүхий 2 км урт, 7м өргөн, 5 см зузаан хатуу хучилттай /дөрвөн замын уулзвар/ авто замтай болжээ. Мөн явган хүний замын тоног төхөөрөмж авахад зориулж орон нутгийг хөгжүүлэх сангаас 20.0 сая төгрөгийн санхүүжилт гаргаж орон нутгийн “Дарцагт овоо” ХХК-тай хамтран 1 км урт, 1.5 м өргөн явган замтай болжээ. Үйлдвэрлэлийн явцад орон нутгийн 14 залууг ажиллуулж, түр ажлын байраар хангасан байна. Явган хүний замын өртөг нь 65.0 сая төгрөг болсон бөгөөд сумынхаа төвд хатуу хучилттай замтай болсноор ард иргэд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн хэмээн сумын удирдлагууд онцолж байлаа.

Уулбаян сум нь олон жилийн хур хог, элсний нүүдэлд дарагдсан байсан бөгөөд сумын удирдлагууд орон нутгийн иргэдийн оролцоотой есөн сарын турш ажиллаж дээрх тулгамдсан асуудлуудаас салсан байна. Мөн сумын төвдөө жишиг хороолол байгуулахаар эхлэлийг тавьсан аж. Тус сум 2013 оны ажлаар аймагтаа тэргүүлсэн бөгөөд цаашид Улсын хэмжээний жишиг сум болох зорилт тавьсан байна.

Бид улсаас таван тэрбум төгрөг авч сум орон нутгаа хөгжүүлээгүй. Зөвхөн өөрсдийн нөөц бололцоо, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал дээр тулгуурлаж бүтээн байгуулалтын ажил хийж байна хэмээн сумын засаг дарга Д.Шижирбаатар хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *