Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо буурахгүй, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд “Эко алтан заамар” компанийн уурхайд нуралт үүсч дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн хөдөлмөрийн чадвараа алдсан билээ. Ер нь хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алджээ. Тиймээс ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас салбарын яамтай хамтран “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулжээ.