Уул уурхайн олборлох салбарын засаглалыг сайжруулахаар “Төлсөн авснаа нийтэл” (ТАН) эвсэлийнхэн олборлох салбараас ашиг хүртэгч жинхэнэ эздийг буюу “бенефициар өмчлөгч” нарын мэдээллийг ил тод болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд өнгөрсөн тавдугаар сард нээлттэй захидал хүргүүлжээ. Эдгээр 175 хүнээс ердөө 37 нь хариу илрүүлсэн гэнэ. Захидал хүргүүлсэн хариулаагүй төрийн өндөр албан тушаалтнууд дунд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нар багтаж байгаа аж.
“Олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эздийг олон нийтэд нээлттэй ил болгох шаардлага буй. Энэ нь зөвхөн уул уурхайн салбарыг хариуцах эзэнтэй болгохоос гадна нийгмийг эрүүлжүүлэх болно. Тухайн улсын байгалийн баялаг гэдэг нь тэнд харьяалалтай оршин сууж буй иргэдийнх нь өмч гэсэн үг.Тиймээс энгийн иргэд өмчөө ашиглуулсныхаа төлөө ашиг хүртэх хэрэгтэй.Уул уурхайн олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын жинхэнэ эзнийг нь тодорхойлох хэрэгтэй байна” хэмээн ТАН-ийн гишүүн О.Баярсайхан хэллээ.
Өөрөөр хэлбэл, баялгийн салбарт “бенефициар” буюу олборлох салбараас ашиг хүртэгч, эцсийн өмчлөгчийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзжээ.
Уг нь Монгол Улс 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад 2006 онд нэгдэн орсон байдаг. Энэ хүрээнд “Олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг 2020 он гэхэд ил тод болгох амлалтыг авч, Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт ажлын хэсгээс “Замын зураг” төлөвлөгөөг олон талын оролцоотойгоор баталсан байдаг.
ТАН гишүүн Б.Баярмаа “Уул уурхайн салбарт асар их мөнгө хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө эргэлдэдэг. Жинхэнэ эздийг тодруулснаар хариуцлагыг чангатгах боломжтой. Тийм ч учраас тус салбарт хариуцлага юу юунаас илүү хэрэгтэй. Хариуцлагаа ухамсарлах юм бол байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудалд иргэд санаа зовохгүй байж болно” гэв.
Төрийн эрх барьж буй 76 гишүүнээс Х.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан нар хариугаа ирүүлсэн. Эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгийг АТГ-аас авсан ХОМ-ын мэдүүлэгтэй тулгаад үзэхэд асуудал гараагүй гэнэ. Гэхдээ тэдний зүгээс хэдийгээр хөрөнгө оруулгын мэдүүлэгт тодорхой зүйл тусгагдаагүй ч найз, нөхөд, гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан хувь хүртэж, хөрөнгө оруулдаг байж болзошгүй гэж тэд үзэж байгаа тул төрийн эрх мэдэлтнүүдийг мэдүүлгээ үнэн зөв өгөөсэй гэж хүсч байгаа аж.
З.МӨНХСУВД