Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уул уурхайн ноолууран бодлого


БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Оюу толгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Архиваа ухаж үзвэл Оюу толгойн тухай нийтдээ зургаа, долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюу толгой”. (2008.9.14), “Оюу толгой жинхэнэ эзэндээ зарагдлаа”. (2009.7.18), “Барон Робэрт (2010.2.1), “Оюу толгойн гэрээ тун тааруу болсон”, (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого”. (2013.10.20)”, “Оюу толгой мөд сэхэхгүй”, (2015.2.15), “Рио Тинтог Монголоос шахаж гаргая” (2018.12.03). Эдгээрийг сайт ухаж, эсвэл номын санд очин сонин эргүүлж харж болно. Гэрээ эхлээ ч үгүй байхад зөв зүгээр байсан ядуу Монголыг олон жилийн дааж давшгүй өрөнд шааж оруулах хууль баталсан жинхэнэ буруутнууд одоо юу гэж бүлтрэх бол? Монгол Улс Оюу толгойн уурхайгаас болж өрөнд ороогүй, оюун тархигүйгээ мэдэхгүй байж эх орноо амьсгааг нь тасартал тас тэвэрсэн хэсэг амьтнаас болж баларсан. Одоогоос зургаан жилийн өмнө бичсэн өгүүллийг дор дахин сийрүүллээ.

БААБАР 2019.6.17


Хөрөнгө оруулалтын банк буюу инвестмэнт хаус гэсэн ойлголт бий. Хэдэн тэрбум доллараар асар том хөрөнгө оруулалт хийж чадах, өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгийг зах зээлээс босгож чадах том хөрөнгө оруулалтын хаус дэлхий дээр 10-20 байгаа байх. Олон тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэсэн газар эдэнд хандана. Итгэлцлийн өндөр зэрэглэлтэй эдгээр банк биржид хандан Аи Пи О буюу сая сая худалдан авагчаас хэрэгтэй мөнгөө босгодог. Хүмүүс эдэнд итгэн мөнгөөрөө хувьцаа худалдаж авдаг. Бирж дээр боссон мөнгө бол олон нийтийн хөрөнгө. Бирж ч, хөрөнгө оруулалтын хаус ч, хөрөнгө оруулж байгаа компани ч сая сая хүний мөнгөөр ажиллаж байгаа учир өндөр хариуцлага хүлээж, сохор зоос болгоныг тайлагнан өдөр болгон сая сая хүмүүст мөнгийг нь хэрхэн зарж байгаагаа ил тодоор харуулдаг. Хөрөнгө оруулалт ашиг олоход хувьцаа эзэмшиж буй тэр олон хүн хожно. Бирж бас хожно. Хөрөнгө оруулалтын банк мөн ашигтай гарна. Хөрөнгө оруулсан компани мөнгөө арвижуулна. Уул хөрөнгийн цаад эзэн бас хожно. Ашигтай ажиллагаанаас бүгдээрээ хожоотой гарна. Харин ашиггүй гарвал бүгдээрээ алдана. Энгийн хувьцаа худалдан авагч хувьцааны үнэ унахад мөнгөөрөө шатаж байгаа нь тэр. Иймээс хувьцаа худалдан авна гэдэг нэг талаасаа эрсдэл юм. Ийм олон юмнаас хамаардаг болохоор хөрөнгө оруулалт хийж түүгээрээ ашигтай ажиллагаа явуулна гэдэг юун түрүүн харилцан итгэлцэл хэрэгтэй. Энэ бол олон талын хамтын ажиллагаа. Иймээс тал болгоныг хариуцлагатай байхыг шаардана. Мөн эрсдэлээ хянан нарийн шалгалт, хамтын нягт тооцоо, арвич байдал гээд олон юм шаардлагатай. Зээлж буй мөнгөний хүү ч эрсдэлийн зэрэглэлтэй холбоотой. Бирж дээр үнэлэгдэх хувьцаа ч мөн үүнтэй холбоотой. Дэлхийн зах зээлээс мөнгө босгох ерөнхий схем ийм байна.

Хөрөнгө оруулж буй компани хэдий том, хэдий нэр хүндтэй, хэдий итгэлцэл даах чадвартай байна, төдий хэмжээгээр мөнгө босгох бядтай. Тэд л хамгийн том хөрөнгө оруулалтын хауст хандаж чадна. Рио Тинто бол 80 тэрбум долларын актив хөрөнгөтэй, хувьцаа бүр нь бирж дээр 100 гаруй доллараар үнэлэгддэг, 30 гаруй мянган хүн 40 гаруй оронд ажиллуулдаг, 150 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том уул уурхайн компани юм. Англи-Австралийн компани боловч хувьцааг нь хэдэн сая хүн дэлхий даяар хуваан эзэмшдэг болохоор эзэмшлийн хувьд олон нийтийн хөрөнгө. Энэ аварга компани жилдээ 60 тэрбум доллар эргэлдүүлнэ. Монголын зэсийн үлэмж ордын ашиглалтын лицензийг авсан энэ компани Оюу толгой хэмээх оператинг хийх охин компани байгуулжээ. Уг компанийн 34 хувийг цаад хөрөнгийн эзэн болох Монголын Засгийн газар баялаг зах зээлд гаран мөнгө болохын үед эргүүлж төлөхөөр тохирон зээлээр авсан юм. Дээрх механизмыг ойлгоогүйдээ л зээл тавин авсан болов уу. Түүнээс татвараа аваад буй болсон баялгийн талаас илүүг зүгээр авч болох байсан. Нэгэнт хувьцаа авсан болохоор хамтын хариуцлага, хамтын эрсдэл үүсч байгаа юм. Үйлдвэрлэлийг хамтран эзэмшин хариуцаж буйн хувьд хөгжил дэвшил ашигтай ажиллагааны төлөө хамтран ажиллах нигууртай. Ойчвол хамтдаа л унана.

Рио Тинто дэлхийн хамгийн том арваад хөрөнгө оруулалтын хаусд хандан хамгийн том биржээр дамжуулан дөрвөн тэрбум доллар босгожээ. Мөн өөрөө бие дааж хоёр тэрбум доллар босгосны 34 хувь нь буюу 650 сая доллар нь Монголын Засгийн газарт олж өгч буй зээл. Монголын Засгийн газарт ийм мөнгө 10 хувийн хүүтэй олдох бол Рио Тинто долоон хувийн хүүгээр олж өгчээ. Зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил 2013 оны эхээр ерөнхийдөө дууссан байна. Ингээд бирж дээр мөнгө босгож өгсөн арваад хөрөнгө оруулалтын хаусын удирдлагыг Монголд урьж авчирав. Та бүхний босгосон мөнгөөр бид юу хийж, юу бүтээв гэдгээ харуулж буй тайлагнал юм биз дээ. Талууд сэтгэл өндөр байсан гэдэг. Тэндээсээ Улаанбаатарт буцаж ирээд орой нь хүлээн авалт хийжээ. Монголын Уул уурхайн сайд, Оюу толгой компанийн Монголын талыг хариуцсан хамтрагч дарга хоёрыг будаалганд урьж. Танилцаж, нэрийн хуудсаа солилцож. Жи Пи Моргон, Сити групп, Голдман загс, Номура, Дойчэ банк гэсэн аймаар том нэрс. Жи Пи Морган гэхэд 60 гаруй оронд ажиллагаа явуулдаг хоёр их наяд долларын актив хөрөнгөтэй (энэ нь Хятадын үндэсний нийт орлогын хагастай тэнцэнэ) хөрөнгө оруулалтын хэдэн зууны туршлагатай аварга. Яриан дундаас манай хоёр цаадуулыгаа олон жип машинд хүрэх овоо их мөнгөтэй гарууд гэсэн ойлголт авчээ. Ингээд сайд төрлөх сайхан халх хэлээрээ хөрөнгө оруулагчдад мэдэгдэл хийв:

– Та нар их мөнгөтэй улс юм гэж ойлголоо. Манай Ардчилсан намын Шинэчлэлийн засгийн газар асар их бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Үүнд аймаар их мөнгө хэрэг болоод байна. Зам, барилга, төмөр зам барина, брэнд үйлдвэрлэнэ. Дэлхийд гарч ирнэ. Ер нь бид их юм хийхээр шийдсэн. Та нар бидэнд мөнгө зээл. Бидэнд бүх юм бий, харин мөнгө л алга – гэснээ нэгийг санав бололтой Рио Тинтогийн удирдлага руу хуруугаараа чичин: – Харин энэ муусайнуудад цаашид битгий мөнгө олж өгөөрэй. Хамгийн адгийн муу хүмүүс байдаг юм шүү гэж матав.

Хэлмэрч орчуулж дууссаны дараа хөрөнгө оруулагчид гайхан мань хоёрыг ээлжлэн харна. Юу ч ойлгоогүй нь илт. Оюу толгойн Монголын талын захирал мов монгол залуу дарга сайдынхаа хэлснийг Монголоос Монгол руу орчуулж өгөв. Үг болгоныг давтсаны дээр өөрийн хилэгнэл бухимдлыг нэмлээ. Ингээд сайд дарга хоёр хилэгнэлээ биеэр харуулахын тулд будаалганаас татгалзаж танхимыг орхин гарахдаа хаалганд уураа гарган чангаар шидэв. Үүний гэрч болсон гадны хоёр ч хүн энэ бүхнийг надад хоорондоо ямар ч зөрүүгүйгээр ярьж өгсөн юм. Монголын тал будаалгыг хаяж гарсны дараа бүгд гайхсандаа хэсэгтээ дуугаа хураан биенээ удтал харсан гэнэ. Эцэст нь Номурагийн удирдлага япон эр “Энэ хоёр хүн сая юу ярьчихваа. Арай ч ингээгүй байх, буруу ойлголцол, хэлмэрчийн алдаа байх. Өөрийнхөө удирдаж байгаа компаниа унагах гэж дайрмааргүй юм” гэсэн таамаглал дэвшүүлсэн гэдэг. Адал явдал дуусаагүй. Хөрөнгө оруулагчид маргааш нь энэ орны эдийн засгийн нөгөө хагасыг атгадаг сайдад бараалхаж. Сайд өөрийгөө эхээс төрөөгүй тэнгэрээс илгээгдсэн гэж тайлбарлаад удахгүй үндэстэн дамнасан корпорацийн колончлолоос сална гэж заналхийлээд, харин үүнд үлэмж хөрөнгө хэрэгтэй учир Чингис II бондод мөнгө гуйв. Яриан дунд Сити банкны удирдлага “Манай компани л гэхэд Монголд тэрбум доллар оруулчихаад байна” гэжээ. Хэн миний зөвшөөрөлгүй тэрбум доллар хусаад бултчихав гэсэн хардлага даруй газар дээрээ үүсч мөнгө цохисон монгол гарын эрэлд хатах нь тэр. Уг нь Сити банк Оюу толгойд 600 сая, Чингис бондод 300 шахам саяыг гэх мэтээр нийлбэрээрээ үнэхээр тэрбум доллар Монголд зээлүүлсэн нь үнэн юм байна.

ХХ зуунд бид тэртээ дундад зууны түвшингээс морио унаж модоо тохож орж ирсэн нь үнэн л дээ. Гэхдээ түүнээс хойш зуун жил өнгөрч, XXI зуун гарчихаад байна. Иргэншвэл иргэншиж, соёлжвол соёлжиж, хүн төрхтэй болох хангалттай хугацаа. Дэлхийн зах зээлийн системд шилжээд хорин хэдэн жил өнгөрчихлөө. Өнөөдөр Монголын уул уурхайг бүхэлд нь Японд сургуульд дүүргэсэн, бусдаас түрүүлж чөлөөт зах зээлийг нүдээр харсан ноолуурын мэргэжилтнүүд залж явна. Яам салбараар нь тус тусад нь “хувьчилчихсан” Шинэчлэлийн хэмээх гуншинтай Засгийн газрын хамгийн том салбарыг бодлоготой нь, шийдвэртэй нь энэ нөхөд хувиараа өөрсдийн үзэмжээр авч яваа.

1973 онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтов. Япончууд ноолуурын үйлдвэр барьж өглөө. Тэдний техник дээр дадлага хийх нэлээд ажилчдыг Японд аваачиж сургасан юм. Надтай дунд сургуульд сурч байсан нэг хүүхэн үүнд хамрагдсан. Ирэнгүүт нь бид Японы тухай сонсохоор очлоо. Харин мань хүн очиж үзээгүй биднээс дээр гарсангүй. Нэг үгэндээ тэдэнд Японыг үзүүлээгүй юм билээ. До яамны хариуцсан дарга үйлдвэрээс нь гаргадаггүй байж. Хаа нэгтэй бөөнөөр нь жагсааж байгаад нарийн хяналтын дор хэдэн гудамж байшин л харуулж. Бүтэн жилдээ шүү дээ. Одоо хөөрхий Хойд Солонгосын ажилчид яг тийм дэгээр гадаадад хөдөлмөрлөдөг юм.

Наяад оноос Японд үйлдвэрийн технологич сургах болсон. Энэ бол үйлдвэрт цех тасаг хариуцан технологийн явцыг хянадаг мэргэжил. Махны үйлдвэрийн цехийн технологи ажиллагааг хянах мэргэжилтэй Германд төгссөн шадар сайд байж л байна. Германы технологичоос Японых нэлээд өөр. Эрхбиш тэнд сургуульд нь эдийн засаг, маркетинг, мэнэжмэнт, түүх, философи, нийгэм гэсэн хичээл ордог. Үйлдвэрийн робот бэлдэх гээгүй, нийгэмдээ амьдрах бие хүнийг мэргэшүүлж байгаа газар шүү дээ. Харин манай хэдийг Төв хорооны нууц тогтоолоор Японд нийгэм улс төрийн хичээлээс холуур байлгахаар шийджээ. Үүнийг элчинд ажиллах до яамны хариуцах хүмүүс нарийн хянан хөрөнгөтний үзэл суртлаас хөөрхий нялхсыг тусгаарлах үүрэгтэй. Сургуультай нь тохироод нийгмийн хичээлээс бүрмөсөн чөлөөлсөн. Үзэл сурталд хордчих вий л гээд байгаа хэрэг шүү дээ. Ингэж л ноолуурын машин дээр утас ээрэх зангидах самнах оёж нийлүүлэх технологи сураад ирсэн хэдэн залуустай болов оо бид. Хяналт тогтоох хамгийн сайн арга нь биенийг нь биенээр нь тагнуулж ховлуулах. Ерөөсөө ч тэр үеийн систем тийм байсан юм, үүний хатуулгийг хөрөнгөт оронд амьдарч буй оюутан албан хаагч, дипломатын хувьд зэрэгт дэвшүүлээд ойлгочих хэрэгтэй. Хувь хүний буруу гэж үгүй, систем нь тийм юм. Хөрөнгөт орны иргэн болох япон болгон чиний дайсан учир хэзээ ч итгэж болохгүй гэж байнга сургадаг юм. Эдний цаана англи, америк гэж бүр аймаар мангас бий гэж заадаг юм. Сургуультай нохой болгочихгүй юу. Ингээд гэнэн цагаан залуусыг хар багаас нь эвдэж зэрэмдэглээд ёс суртахуунгүй машин болгочихож байгаа юм даа. Хаанаас ч хамаагүй заавал дайсан олж тодруулаад тэрэнтэйгээ үхэн хатан тэмцдэг хүйтэн дайны үеийн коммунист сэтгэлгээ. Хардлага нь дон болдог. Параной! Угаасаа ч нүүдэлчид хий хардахын төрөлх мэдрэмжтэйг хэлэх үү.

Ерээд оны эхээр Монголд ноолуурын дайн дэгдлээ. Гадагш хийх хамгийн том, тэгээд ч цорын ганц бизнес учраас. Монгол нь дэлхийн ноолуурын гуравны нэгийг хангадаг. Гол өрсөлдөгч Хятад. Зах зээлд үнэ тогтоох талаар аль алин нь том тоглогч. Гэхдээ манайх дандаа ялагдана. Ноолуураар мэргэжсэн япон боловсролтонгууд эх орноо хамгаалахаар эрслэн бослоо. Хятадуудтай ёстой нэг үзэж тарсан. Гадныхныг юу юугүй заамдаж аваад л цохиж унагаагаад л, сав л хийвэл хэрэлдэж загнаад байвал нурнайгаад ирдэг гэсэн амьдралын туршлага эндээс эхтэй. Гэхдээ монголчуудтай дэлхийн жишгээс гадуур дүрэм бусаар тоглоод сурчихсан хятадууд тэнэг биш л дээ. Тиймдээ ч манай хэд байнга тавиулж байв. Монгол хүн шартай л даа, бидэнтэй наймаа хийх гэж ирсэн болгон цаанаа өмхий санаатай шулаачид учраас алалдах хэрэгтэй. Зах зээлийн өрсөлдөөний тухай амьдралаас олж авсан энэхүү арвин туршлагаараа өнөөдөр уул уурхайн бодлого явуулж байгаа хэрэг л дээ. Ноолуур шиг зөөлөн биш, зэс шиг хатуу байх хэрэгтэй. Сайд, дэд сайд, төрийн нарийн, гол зөвлөхүүд, хөрөнгө оруулалтын Монголын талын захирал (сая хөөрхий хамтрагч талаа үлдэн хөөж гаргах гэж байгаад эх оронч санаачлагынхаа золиос болон халагдсан) бүгд Японд үйлдвэрлэсэн зэрэмдэг бүтээгдэхүүнүүд.

Голлох хөрөнгө оруулагчид ирж бодит байдлыг нүдээр харсны эцэст дараагийн нэмэлт хөрөнгө оруулалтаас түдгэлзжээ. Жилдээ гурав өөрчлөгдөх хууль, бодлогоо гардаж яваа хүмүүсийнх нь яриа хөөрөө айдас хүрмээр. Уг нь нэмж таван тэрбум доллар оруулах ёстой. Ингээд уурхайг хэсэгтээ царцааж байдлыг харзнахаар шийдэв. Энэ шийдвэрээ Монголын Засгийн газарт илгээжээ. Даанч цагаан сар таарсан учир албан бичигтэй танилцсан хүн байхгүй. Километр шахам гүнд байрлуулсан тоног төхөөрөмжийг хадгалах, хэрэгтэй хэрэггүйгээ зөөх нөөцлөх хураах гээд асар их ажил бий. Үүнд зургаан сар, зуун сая доллар орно. Долдугаар сар гэхэд Оюу толгойн далд уурхайг тодорхойгүй хугацаагаар консервацид оруулав. Өртөг нь 100 сая доллар, эргэж сэргээхэд 300 сая доллар. Гүний уурхай юутай ч ойрын 4-5 жилдээ ашиглалтад орохгүй. Сайдын яриад байгаа шиг риогийнхон Монголд шахалт үзүүлж улам их шулахын тулд худлаа маяглаж байгаа юм биш аж. Уурхайн нийт үйлдвэрлэлийн 80 хувь нь далд уурхайд бий. Ил хэсгийг ажиллуулж эхлэхээр шийдсэн, гэвч үүнд орж ирэх нэмэлт хөрөнгө оруулалт олдохгүй байна. Ажиллуулах эрчим хүч үгүй, хятадууд өөрснөө дутагдалтай учир нийлүүлж чадахгүй гэж унжаад. Манайхан станц өөрснөө барина барина гэсээр олон үхрийн үүц барлаа. Оюу толгой хөрөнгө оруулалтынхаа ид үед Монголд гаднаас орж ирэх валютын 30 хувийг хангаж байлаа. Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь гэсэн үг. Торой бандиас хойш тостой даавуу ч нүдний гэм болж байна шүү. Нэг л брэнд монгол эсгий таавчигаар уул уурхайн орлогыг орлуулна гэсэн сайхан засаг төр, айн?

Энэ Засгийн газрын өөртөө өгсөн хоч нь Шинэчлэлийн. Шинэчлэл гэж юу гэсэн үг юм бэ? Бодоход шинээр сэтгэж ойлгож мэдсэний үндсэн дээр хуучнаасаа өөр маягаар ажиллахыг хэлмээр юм. Монгол бол чөлөөт ардчилсан орон. Нийгмийн гишүүн болгон өөрийн үг санаагаа нэмэрлэх эрхтэй. Төр нь Монголын ард түмний хүсэл эрмэлзлээр тодорхой хугацаагаар сонгогддог. Тэр хүсэл эрмэлзлийнх нь дагуу Засгийн газар нийгмийн мэнэжмэнт хийж хөрөнгийг захиран зарцуулах номтой. Энэ л утгаараа дэлхийн жаяг харилцааны баримтлал, жишгийг ард түмэндээ ойлгуулж хамтран ажиллах учиртай. Монгол нь нэгэнт л саран дээр байрладаггүй учраас дэлхийн улс орон хүн ардтай тогтсон жишгээр нэг хэлээр ярьж ойлголцдог байх шаардлагатай. Үүнийг ард түмэндээ ойлгуулах нь битгий хэл өөрснөө сарны хэлээр ярьдаг байхаар хавтгайрч байгаа энэ хавчигдмал дэлхийд яаж амь зуух юм бэ?

Гадаад ба дотоодын хөрөнгө оруулалтыг адилхан харж үзэн хөнгөлөх хууль гаргалаа гээд их л маадгар. Дотоодын хөрөнгө оруулалт гэж байдаггүй юм. Дотоодын хөрөнгөтөн гуанз байгуулахын тулд дэлгүүрээ зарна. Тэгэхээр энэ бол “оруулалт” биш, хувиргалт. Нэг хармаанаасаа нөгөө рүүгээ шилжүүлэг хийж байгаа хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь бидэнд огт байхгүй мөнгийг хилийн цаанаас зөөж яг жинхэнээсээ “оруулж” байгаа явдал юм. Дотоодын тэтгэлэгтэй хөрөнгө оруулалт гээд байгаа чинь баахан ой мод огтолж зараад тэрүүгээрээ хөнгөлөлттэй архины үйлдвэрүүд нэмж барина л гэсэн үг. Хилийн цаана өөр харь хүнд хамаарч байгаа мөнгийг элдвээр уран гоё үг, сайхан амлалтаар панаалдаж хилийн дотор оруулж ирэхийг л гадаадын хөрөнгө оруулалт гэдэг. Энэ бол жинхэнээсээ “орж” ирж буйг уг нь заавал сурах бичиг толь үзэлгүй хар ухаанаар “шинэчлэн” ойлгоход тийм ч төвөгтэй баймааргүй. Гэхдээ “ороод ир ороод ир, ороод ирэхээр чинь алаад өгье” гэж болдоггүй юм. Нэг удаа алж өгөөд л дараагийнх нь дахиж орж ирдэггүй л байхгүй юу даа. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт итгэлцэл, тооцоо, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр тогтдог юм.

2013.10.20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *