Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өчигдөр твиттер, фэйсбүүк хуудсаараа “Сайн мэдээ! ОТ татварын асуудал шийдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо. Ирэх онд 1 тэрбум доллар + 3000 а/байр Нийт 5 тэрбүм доллар 2 дахь шатны хөрөнгө оруулалт” гэж мэдээллээ. ОТ гэдэг нь Оюу толгой. А/байр гэдэг нь ажлын байр. Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт эхэлж, ажилгүй гэртээ суугаа ажилтнуудаас нь гадна зөндөө хүн орлоготой болж, гаднаас өчнөөн доллар Монголын эдийн засагт урсаж орж ирнэ гэсэн таатай мэдээнд нь олон хүн коммент үлдээсэн байна лээ. Дэд сайдын постолсон мэдээллийн дор “ашгүй дээ, одоо л нэг долларын галзуурал намжих нь” гэсэн агуулгатай сэтгэгдлүүд дүүрэн харагдсан. Татварын асуудал гээд байгаа нь Татварын ерөнхий газар “Оюу толгой”-н дунд өрнөсөн 130 сая ам.долларын татварын маргаан. Татварынхан “Та нар 130 сая ам.долларын татвар төлөх ёстой, түүнийгээ төлөөрэй” гэж шаардаж буй. Харин хөрөнгө оруулагч тал “Ийм юм байж таарахгүй. Та нар зөв шийдвэр гаргахгүй бол бид арбитрт хандана” гэсэн мэдэгдэл хийгээд байгаа. Энэ асуудал хөрөнгө оруулагчдад эерэгээр шийдэгджээ гэсэн агуулга дэд сайдын мэдээллээс уншигдаж байна. Татварын ерөнхий газрын дэргэд маргаан шийдвэрлэх зөвлөл гэж бий. Зөвлөл иймэрхүү маргааныг эцэслэн шийдэх үүрэгтэй. Тэд өчигдөр Оюу толгойн татварын асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Эцсийн шийдвэр гараагүй учраас эхэлжээ гэж тодотголоо. Оюу толгойн татварын асуудлыг хөрөнгө оруулагч компанийн талд эерэгээр шийдэх тохироо аль хэдийнэ хийгдсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Мэдээж эцсийн шийд бичиг цаасан дээр гарын үсэг энэ тэртэйгээ дурайж байж дэд сайдын яриад байгаа эерэг нөлөө мэдрэгдэж эхэлнэ.
Гэхдээ жирийн нэг иргэн жиргэж, постлоогүй, салбарынх нь дэд сайд ийм үг унагасан учраас Оюу толгойн талаар бодитой мэдээлэл хийлээ гэж тодотгох нь зүйд нийцнэ.
Саяхан Ерөнхий сайд иргэдэд хандаж үг хэлэхдээ Оюу толгойн талаар гэгээлэг мэдэгдэл хийсэн нь ч цаанаа нарийн шалтгаан учиртай байж. Гүйцэтгэх засаглалын тэргүүн зүгээр ч нэг ингэж дуугараагүйг О.Эрдэнэбулган дэд сайдын мэдээлэл батлаад өглөө. Ерөнхий сайд “Гадна дотны олон хөрөнгө оруулагчид манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар дөрвөн тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм” гэж хэлснийг давтан онцолъё.
Рио, засаг хоёрын хэлэлцээр хөрөнгө оруулагч талаас шинэчилсэн ТЭЗҮ өргөн барьсны дараагаас наашлах тал руугаа эргэх учиртай. Хоёр дахь шатны санхүүжилт хийгдэх цаг мөч тэр хэрээр ойртоно гэсэн үг. Татварын маргаан дэгдэх үед Оюу толгойн голлох хувьцаа эзэмшигч “Туркойз хилл”-ээс мэдэгдэл гаргаж байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэд маргаан таслах журмаар шийдэж чадахгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдвэрлүүлнэ гэсэн байр сууриа мэдэгдэлдээ онцолсон байсан. Мэдэгдлийн ерөнхий агуулга нь “Бид зургадугаар сарын сүүлчээр ТЭЗҮ-ээ өгөх байсан ч ийм мэдээлэл гарсан учраас чадсангүй. Хөрөнгө оруулалт хийх эсэхээ энэ асуудлыг шийдтэл харзнана” гэсэн утгатай. Оюу толгой компанийн байр суурийг Крэйг Киннелийн тухайн үед хэлсэн “Ийм асуудал гарсанд бид харамсаж байна” гэсэн үгнээс харчихаж болно.
Тэгэхээр О.Эрдэнэбулган сайдын итгэлтэйгээр цацсан мэдээллээс харахад Оюу толгой гацаанаас гарах нь тодорхой болчихож. Татварын асуудал нь хөрөнгө оруулагч талд эерэгээр шийдэгдэх нь баараггүй болж. Татварын маргаан шийдэгдчихвэл хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-ээ өгнө, ТЭЗҮ бэлэн болчихвол хэлэлцээр урагшилна, хэлэлцээр амжилттай дуусвал Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт эхэлж, зах зээлд хэдэн тэрбум ам.доллар орж ирнэ. Ерөнхий сайдын “Энэ намартаа Оюу толгойн асуудал шийдэгдэнэ” гэсэн үгний учрыг О.Эрдэнэбулган дэд сайд тайлаад өгчихлөө.
“Рио” бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг, ганц эвгүй алхам хийхэд л хувьцааных нь үнэ шалдаа бууж дампуурах эрсдэлтэйгээ ойлгохын цаагуур ойлгодог, стандарт нь дэлхийн энд яригддаг компани. “Но”-той алхам хийсэн бол Татварын ерөнхий газартай хэл үггүй тохиролцохоо илүүд үзэх нь тодорхой. Ингэлгүйгээр “Асуудлыг эндээ шийдэж чадахгүй бол арбитрт хандана” гэж итгэлтэйгээр мэдэгдчихсэн. Тэгэхээр “Рио”-д өөртөө эргэлзэх өчүүхэн ч шалтгаан үгүй нь илэрхий байна. “Но” байгаад арбитрт унавал ямар өндөр эрсдэл ирэхийг тэд мэдэхийн цаагуур мэднэ. Татварын маргааны хувьд манай стандарт дэлхийн түвшинд хүрээгүй учраас арга барилын зөрүү байсан болов уу гэсэн таамгийг учир мэдэх эрхмүүд хэлээд эхэлчихсэн. Магадгүй ийм шалтгаанаар үл ойлголцол үүссэн байж мэдэх л юм. Юутай ч дөнгөж хэдхэн хоногийн өмнө нийгмийн даатгалын шилдэг татвар төлөгч болсон Оюу толгой компани, Татварын ерөнхий газар хоёр ойлголцож гар барих нь тодорхой болчихож. Үр дүн нь дөрвөн тэрбум ам.доллар. Оюу толгойг дагасан өөр өчнөөн тэрбумууд. Монгол руу хөрөнгө оруулалт цутгах үүдийг нээсэн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгасан Уул уурхайн дэд сайдад уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Засаг төлөөлсөн эрхмүүд ийм эерэг мэдээлэл цацаад байвал хөрөнгө оруулалтын орчин эрс сайжраад ирнэ гэдэгт эргэлзэх юм алга.
Ц.БаасаНсҮрЭН