Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал тус бүр өсчээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7%, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 %, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1%, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8%, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 126.0 мянган тонноор буюу 60.8%, газрын тосны үйлдвэрлэл 2.3 сая баррелиар буюу 49.1%-иар тус тус өссөн байна.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх экспортын өссөн дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 822.6 мянган тонноор буюу 5.1 хувь, алтны экспорт 1.0 тонноор буюу 14.1%, газрын тос 1.8 сая баррелиар буюу 39.7%-иар, зэсийн баяжмал 667.1 мянган тонноор буюу 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор улсын төсөвт нийтдээ 1 их наяд 75.4 тэрбум төгрөг төвлөрчээ.