Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос сар тутам улс орны нийгэм, эдийн засгийн мэдээллийг тоймлон гаргадаг. Уг тоймд дурдсан тоо баримтуудаас олны дунд эрглэзээ төрүүлсэн үзүүлэлт мэр сэр байдаг. Тэдгээрийн дотор ажиллагсдын дундаж цалин хийгээд өрхийн орлого багтдаг.
Дундаж цалинг хэрхэн тооцдог вэ?
Хүмүүсийн амжиргаа дээшлээгүй, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй хэр нь өрхийн орлого өсөөд цалингийн хэмжээ ч нэмэгдээд байдгийн учрыг мэргэжлийн хүн хэрхэн тайлбарласныг хүргэе. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа тайлбарлахдаа:
-Үндэсний статистикийн хороо нь ажиллагчдын сарын дундаж цалингийн мэдээллийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцдог. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 37.6 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 566.7 мянган ажиллагчид хамрагдсан мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Дундаж цалин нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм. Дундаж цалин нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд нэрлэсэн цалин буюу нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар тооцохоос өмнөх цалин юм гэжээ.
Энэ жилийн хувьд уул уурхайн салбарын ажиллагсдын цалин нэмэгдсэн гэдгийг тэрбээр ярилцлагадаа онцолжээ. Энэ нь уул уурхайн баялгийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр өссөн, гаднаас ажиллах хүчин бага орж ирсний сацуу өндөр мэргэжлийн ажилчдыг татах өрсөлдөөн гэх мэтийн олон шалтгаан нөлөөлсөн байх магадлалтай ажээ. Ямар ч байгууллага цалингаа хэдий хэмжээгээр нэмэгдүүлснээ зарладаггүй. Гагцхүү төлж буй НДШ-ээр цалин өссөн буурсныг харж болдог байна.
Дундаж болон голч цалингийн ялгаа
Олон улсад цалинг дундаж ба голч цалин гэсэн хоёр үзүүлэлт гаргадаг. Дундаж цалинд дээр дурдсан бүхий л орлого шимтгэл төлөөгүйгээр багтдаг бол голч цалинг тооцохдоо бүх цалингаа эгнүүлээд 50 дахь хувь дээр хэдэн төгрөг авч байгааг тооцдог. Энэ аргаар тооцохоор голч дундаж цалин 600 байхад дундаж цалин 900 мянган төгрөг болох жишээтэй. Дундаж болон голч цалингийн зөрүү их байх тусмаа орлогын ялгаа ихэсч байгааг харуулдаг онцлогтой. Иргэдийн орлогын ялгаа нэмэгдэх нь баялгийн хуваарилалт шударга бус явагдаж байна гэсэн үг. Зөрүү бага байх тусам баялгийн хуваарилалт тэгш явагдаж байгаа нь харагдана гэж мэргэжлийн статтстикч тайлбарлажээ.