Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үүл, пуужин нь байсан ч салхи тогтохгүй бол хур ордоггүй

Өнөөдөр зуны дунд сарын шинийн 4. Зуны улирал эхлээд аль хэдийнэ дундаа орчихлоо. Бороо байдаггүй. Цаг агаар сэрүүсээд, баахан бараан үүлтэй өдрүүд үргэлжилсээр л байна. Бороо орох байх гээд горьдоод л байдаг, үүл нь нүүчих юм.

Хотынхон бид ч яахав, бороо орчихвол тоос шороо дарагдаад чийг үнэртэхийг л хүлээж буй улс. Бороо хүлээж арга ядсан хүмүүс “Зун хаачив. УИХ-ын гишүүд зуныг зараад идчихсэн юм биш биз” гэж хүртэл хошигноход хүрээд байна. За энэ яахав. Харин газар тариалангийн бүсэд бол энэ байдал жинхэнэ гамшиг болж мэдэх нь. Жил бүрийн өдийд тариалалт шувтарчихсан байдаг үе. Энэ сарын 4-ний байдлаар үр тарианы тариалалтын явц 82.5 хувь байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлж байна. Бороо орохгүй бол үүлэнд нөлөөлж оруулах арга бий. Энэ ажлыг манайд Цаг уур, орчны шинжилгээний газар дахь “Хурын шим” төв хариуцдаг.

Энэ жил зун оройтож, бороо татарсны шалтгаан болон, үүлэнд нөлөөлөх ажлыг хийж байгаа эсэхийг “Хурын шим” төвийн мэргэжилтэн Г.Мөнгөнбаатараас тодрууллаа.

-Энэ зун бороо бараг орсонгүй. Үүл гараад байдаг. Юу болоод байна вэ?

-Бид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлж ажиглалт судалгаа хийсэн. Ер нь өнгөрсөн дөрөв, тавдугаар сард зүүн талдаа, тодруулбал, Сүхбаатар аймгийн зарим суманд хүнд байсан. Цас бага унасан учраас ч тэр байх.

Энэ жилийн хувьд их онцлог. Салхи ихтэй. Салхины чиг нь хойноосоо. Дээр нь Сибирийн хүйтэн агаар орж ирээд, хүчтэй салхилахаар үүл тогтож өгөхгүй байгаа юм.

Мэдээж бид аймаг, сум бүрт салбаруудаараа анализ хийлгээд, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Бидний санаа зовоосон асуудал бол газар тариалангийн бүс. Сэлэнгэд гэхэд өнгөрсөн хоёр сар бороогүй, хуурайшилт ихтэй байсан бол зургадугаар сар гараад хэд, хэдэн удаагийн бороо ороод нэг удаагийн сэргэлт авчихлаа.

-Салхи ихтэйгээс бороо орохгүй байна гэсэн үг үү?

-Зөвхөн салхиар тогтохгүй, агаарын хүйтэн даралт өндөр байна. Хойд нутгаар дулаан дутагдаад байгаа болохоор ургамал ургахгүй байгаа юм.

-Үүлэнд нөлөөлөх арга байгаа биз дээ. Пуужингүй болчихсон юм биш үү?

-Пуужин хүрэлцээтэй. Өнгөрсөн жилээс үлдсэн 700 пуужин байсан. Саяхан нэмж 1200 пуужин оруулж ирлээ. Орон нутгуудаар хуваарилалт хийчихсэн. Процесс ороод ирвэл, өөрөөр хэлбэл, бороо орох нөхцөлтэй болбол пуужин харвахад бэлэн. Маргааш /өнөөдөр/ гэхэд зүүн аймгийн нутгаар борооны үүл гарах төлөвтэй байгаа. Тиймээс хүмүүстээ пуужин харвах үүрэг даалгавар өгчихөөд байна.

-Өнгөрсөн хугацаанд пуужин харвасан уу. Жилд хэр хэмжээний нөөц шаардагддаг юм бэ?

-Манай байгууллага 2006 оноос үйл ажиллагаа явуулж байна. Хүндхэн жилд 1200 пуужин хэрэглэж байсан. Ер нь жилд дунджаар 1000 пуужин байхад болдог. Бид өнгөрсөн хугацаанд бололцоотой нөхцөл бүрт пуужин харвасан. 400 гаруйг харваад байгаа. Тэгсэн тулдаа бас зарим газраар бороо орж байна. Өнгөрсөн жилийн өдийд үүнээс ч хүнд байсан шүү дээ.

-Гэхдээ хангалттай үүл гараад байдаг. Тэр бүр нь борооны үүл биш байна уу?

-Яг тийм. Хүмүүс үүл л бол үүл, ямар ч үүлнээс бороо ордог гэж ойлгоод байна. Ямар үүлнээс бороо орох вэ, ямар үүлэнд харвалт хийх вэ гэдэг нь их асуудалтай л даа. Үүл дотроо олон төрөл. Дэмжлэг авахаар, хөгжихөөр үүлэнд пуужин харвана шүү дээ. Хамгийн гол нь тийм тохиромжтой үүл бага байгаа юм.

-Үүлтэй, пуужинтай ч бороошихгүй байгааг зарим мэргэжлийн хүмүүс өөрөөр тайлбарлаж байна. Пуужингийн нөөц чухал биш, бороо оруулах хиймэл үүл үүсгэх онгоцтой болох ёстой гэж байна. Энэ ажил урагшлахгүй байгаа гэх юм?

-Үүлэнд нөлөөлөх ажиллагаанд бид мэдээж гадны өндөр хөгжилтэй орны технологи хэрэглэж байгаа. Онгоцны хувьд таны зөв. Жишээ нь, Тайланд улс гэхэд онгоцоор нисээд хиймэл үүл үүсгээд бороо оруулчихдаг. Борооны дусал үүсгэдэг цөм байдаг, тэр цөмийг хоёр онгоцоор зэрэгцэж нисээд шууд хэдэн тонноор нь агаарт цацаад үүлэн давхарга үүсгэдэг. Тэр үүлнээс бороо орно. Харин бид бол үүл ирэхийг хүлээгээд л суудаг.

Гэхдээ одоо онгоцтой болох асуудлыг судалж эхэлж байгаа. Тайланд, Тайвань улстай энэ талаар ярилцаж байна. Онгоцтой болохыг дотооддоо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, газар тариаланчид, хөдөө аж ахуйн компаниуд бүгд шаарддаг. Онгоцоор бороо оруулахын тулд хлорт натрийг агаарт их хэмжээгээр цацдаг. Эргээд тэр бодис манай хөрс, бэлчээрт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг хамгийн чухал. Онгоцны технологи байгаль орчин, хөрсөнд ээлтэй эсэхийг Монголын нөхцөлд сайн судлах ёстой. Тийм ч үүднээс Тайландын 20 гаруй мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан, судалгаа үргэлжилж байна.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *