Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УУХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгожээ

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслийн хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болголоо.

Энэхүү цахим платформ нь хамтрагч талууд мэдлэг, мэдээлэл олж авах, хуваалцах, суралцах, хадгалах хамгийн тохиромжтой бааз суурь аж. Мөн нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээхэд хувь нэмрээ оруулах гэнэ. Үүгээр зогсохгүй олон улсын бичил уурхайн мэдлэг, мэдээлэлтэй танилцах, холбох гүүр болно хэмээн холбогдох талууд үзэж байгаа юм байна.

Арга хэмжээг нээж УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ “Монгол улсад Засгийн газар бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хүрээнд зохицуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Өнгөрсөн онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Эдгээр эрх зүйн актууд болон бичил уурхайн талаарх бусад мэдээ, мэдээллийг энэхүү Мэдлэгийн төв цахим платформоос авах бүрэн боломжтой. Энэхүү цахим платформын цаашдын амжилтад бичил уурхайтай холбоотой байгууллагууд, судлаачид, иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Датаком компани технологийн албаны захирал И.Амгалан ярихдаа “Манай компани энэхүү системийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш хөгжүүлж байгаа. Энэ цахим платформбол бичил уул уурхайн орчин дах бүхий л мэдээллүүдийг агуулсан. Мөн энэ дотроо цахим сургалттай. Иймээс бичил уурхайчид өөрсдийн цахим харилцааг бий болгох, мэдлэг мэдээллүүдээ авах бүрэн боломжтой систем юм. Энэ системийн хөгжүүлэлтийн шат нь дуусч байгаа. Цаашид уул уурхайн хүнд үйлдвэрийн яамныхан болон манай компани дээрх системийгхамтран үргэлжлүүлэн авч явна” гэлээ.

Нээлтийн арга хэмжээнд “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам”, “Ашигт малтмал, газрын тосны газар”, “Швейцарын хөгжлийн агентлаг”, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, бичил уурхайчдын төлөөллүүд оролцлоо.

Г. МӨНХЦАЦРАЛ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *