Categories
мэдээ цаг-үе

Ууган телевиз, радиогийн нэг өдөр

Монголын үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ой тохиож байгаа энэ үед манай сурвалжлах баг МҮОНРТ-д өнжлөө. Манай улсад 1967 онд анх телевизийн суурь тавигдаж, үндэсний телевиз үүсэн хөгжсөн түүхтэй бол 1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон даяар радиогийн өргөн нэвтрүүлэг явж эхэлснээр үндэсний радио өдгөө 80 гаруй жилийн түүхийг бүтээжээ. Үндэсний телевизийн “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрүүд сүүлийн үед ихэвчлэн шууд дамжуулагддаг болжээ, мэдээллийн салбарт хурд зайлшгүй шаардлагатай үе нэгэнт ирсэн тул аль болох шууд дамжуулахыг ч эрхэмлэх болсон байна.

Өдрийн цагаар тасралтгүй шууд нэвтрүүлэгтэй, хоёр гурав, дөрвөн ч индэрт сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгчид мэдээллээ бэлтгэчихээд, бэлэн байдалд сууж байх ажээ. Нэг нь мэдээллээ уншаад болчихсон тохиолдолд дараагийн хөтлөлт хийх сэтгүүлч орж ирэх зэргээр ч солигдоно. Эфирийн индэрт суусан сэтгүүлч тус бүрийг камерт бичиж байх бөгөөд зарим камер нь нэгээс, нөгөө рүү найруулагчийн тушаалаар шилжинэ. Найруулагч мотор явлаа гэхэд л тухайн сэтгүүлч мэдээллээ уншина, хэдэн минут, хэдэн секунтэд багтаан мэдээллээд дуусгахыг ч нарийн заасан байдаг юм билээ. дэлгэцээр гарч буй нэг сэтгүүлчийг ойроос, холоос, урдаас, баруун урд, зүүн урдаас нь гэх мэт хэд, хэдэн талаас нь нэгэн зэрэг камерууд бичиж байх бөгөөд аль камерын бичлэгийг эхэлж гаргаад, дараа нь аль бичлэгийг авах, татах, камераа хааш нь хөдөлгөх сэтгүүлч хаашаа харах зэргийг найруулагч тушаана.

Хэн ч байсан найруулагчийн хэлж буйгаар л үйлдэл хийнэ. Аливаа нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг бэлтгэхэд тэр багийн хамгийн том эрхтэй нэгдүгээр хүн нь найруулагч гэсэн үг. Үндэсний телевизийн ихэнх мэдээллийг сэтгүүлч, редакторууд нь бэлтгээд, нэтрүүлэгчид уншдаг байсан хуучны тогтолцоог аль болох халж, сэтгүүлч өөрөө мэдээллээ бэлтгээд, үнэлэн дүгнээд, анализ хийж шууд дамжуулдаг байдалд шилжиж байгаа гэнэ. Яагаад гэвэл өөрийнхөө бэлтгэсэн, судалсан, өөрийнхөө хийсэн зүйлийг өөрөө л хамгийн сайн тайлбарлана гэж ч үзэж байгаа ажээ.

“Цэлмэг” өдрийн хөтөлбөрийн зураг авалт

Тухайлбал, 11:00 болон 12:00 зэрэг цагуудаас хэвлэлийн хурлыг сурвалжлагч газар дээрээс нь шууд дамжууллаа гэхэд араас нь залгаад, эфирт бэлэн суугаа сэтгүүлчид гадаад мэдээлэл, тэгээд спортын мэдээ гэх зэргээр төрөл бүрийн мэдээллүүдээ дамжуулна. Энэ бүрт найруулагч, редактор, туслах найруулагч гэх зэрэг хүмүүс өөр, өөрийн ажил үүргийн дагуу удирдаж, зэрэг зэрэг бэлэн байдалд буй камерыг ээлжлэн шилжүүлж, зохицуулалт хийдэг юм билээ. Бичлэг хийгдэж, дээрх ажил явагдаж буй студид тэднээс өөр хэн ч нэвтрэх эрхгүй. Студи бүрийн хаалганы дээд талд “On Air” гэх бичиг байх бөгөөд уг бичиг нь улаан гэрэлтэй болж ассан тохиолдолд тэнд бичлэг хийгдэж байна гэсэн үг учраас хэн ч тийшээ нэвтэрдэггүй.

Угаас тэнд гадны хүмүүсийн хөл хөдөлгөөн гарах битгий хэл илүү, дутуу ялаа нисэх ч чимээ гаргадаггүй юм байна. Шууд нэвтрүүлэг хийхээр бэлтгэсэн үед хэрэв гэнэтийн саатал гарах, тухайн хэвлэлийн хурал нь цуцлагдах зэрэг тохиолдвол түүний оронд ямар мэдээ өгөх, юуг дамжуулах, нэг хоёр минут, секунтын завсарлага гарвал яах зэргийг ч тооцоолсон байдаг аж. Мөн дэлгэцээр гарч буй хүний нэр буюу титрийг хэдэн секунт харуулж, хэдэн удаа давтаж гаргах зэрэг нь хүртэл яг л стандартын дагуу явагдах ёстой бөгөөд хүний дүрсийг хажуу талаас нь араас нь авах, хүний чих эфирээр гаргаж болохгүй зэрэг эфирийн тогтсон дүрмүүд байдаг юм байна. Эфирт гарах сэтгүүлч, хөтлөгчдийг эрэгтэй, эмэгтэйгүй мэргэжлийн нүүр будагчаар будуулж, зохих будалт хийлгэдэг ажээ. Эфирийн өрөөнд маш тод, том том цагаан гэрэл тусгадаг тул гэрэл сүүдэртэй, тодхон будалт хийж, уруулыг нь тод будах шаардлагатай байдаг гэнэ.

Шууд дамжуулах биш, урьдчилан бичлэг хийгээд төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу цацдаг нэвтрүүлгийн зураг авалт арай өөрөөр явагдах ажээ. Тухайн өдрийн 13:00 цагаас бичлэгтэй гэж үзэхэд өглөө 09.00 цагаас эхлээд л тайз засагчид тайзаа засаад эхэлнэ. Ихэнх томоохон нэвтрүүлэг нь Үндэсний телевизийн “600”гийн студид явагдах аж. Нэвтрүүлэг бүрийн арын өнгө төрх, шал ширээ сандал өөр, өөрийн гэсэн өнгө төрх, дизайн, онцлогтой байдаг тул тайз заслын бүхэл бүтэн нэг алба ажиллаж байх жишээний. Биднийг очсон өдөр “Ням гариг, нэг сая” нэвтрүүлгийн зураг авалт явагдаж байлаа. Нэвтрүүлэгт оролцох хүмүүсээ бүртгэнэ, үзэгч хүүхдүүд суудлаа эзэлнэ, хэн хаана суух нь хүртэл найруулагч, редактор зэргийн тушаалаар. Бэлтгэл ажил явагдсаар, нэвтрүүлгийн жинхэнэ зураг авалт цагтаа эхэлнэ, нэг хэсгийг эхэлж авах, түр амсхийх, дараагийн хэсэгт оролцох зарим зочдоо хүлээх, өмнөх үйлдлийг дахин давтуулж, зураг авах зэргээр хийх тохиолдол ч байх ажээ. Өөрөөр хэлбэл, бичлэгээр гардаг нэвтрүүлгийн зураг авах цаг нэлээд тавиухан байдаг бололтой.

Одоогийн байдлаар Үндэсний телевизийн “Алтан сан”д 3000 гаруй шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, “Кино фонд”д 2100 гаруй уран сайхны, баримтат, хүүхэлдэйн кино тус тус хадгалагдаж байдаг ажээ. Үндэсний телевиз Монголын хамгийн анхны бөгөөд хамгийн том бүтэцтэй олон нийтийн статустай гэдгээрээ онцлогтой телевиз. Тиймдээ ч бодлогоор, олон нийтэд чиглэсэн, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх, хөгжөөн цэнгээх зэрэг их үүрэг гүцэтгэхийг зорьж, төрөл бүрийн чиглэлд хандсан нэвтрүүлгийн бодлоготой ажээ. Тухайлбал, тус телевизийн нэгдүгээр суваг гэхэд л Хүүхдийн нэвтрүүлгийн алба, Өв уламжлалын нэвтрүүлгийн алба, Спорт, эрүүл мэндийн нэвтрүүлгийн, Соёл урлагийн, Шинжлэх ухаан, танин мэдэхүйн, Нийгэм эдийн засгийн, Залуучуудын нэвтрүүлгийн, Цэнгээнт нэвтрүүлгийн, Кино орчуулгын гэсэн есөн албатай юм байна. Өв уламжлалын нэвтрүүлгийн албаар ороход Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк “Өв уламжлал, ёс заншилд онцгой анхаарч, монголынхоо агуу их өвийг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзэн энэ албыг телевизийн удирдлагууд үүсгэн байгуулаад, хоёр жил шахам болж байна. Ихэнхдээ хөдөө, хээрээр явж уран бүтээлээ бэлтгэдэг онцлогтой. Одоо би туульсын нэвтрүүлэгт ажиллаж байна. Туулийг өвлийн сард хайлдаг уламжлалтай, тэгэхээр энэ нэвтрүүлэг өвлийн сард гарах болов уу. Ямартай ч өв уламжлалын нэвтрүүлгүүдээ бэлтгээд, тун завгүй сууна аа” гэлээ.

Харин хоёрдугаар суваг буюу Монголын Мэдээ суваг нь бүх төрлийн мэдээ мэдээллээс гадна өглөөний мэдээний, шуурхай мэдээний редакц, Креатив алба, MNB.MN сайт, нэвтрүүлгийн хэлтэс, найруулагч, зураглаачдын, нэвтрүүлэгчдийн алба гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна. Мөн үндэсний цөөнхөд зориулсан Тува, Казах, Буриад хэлээр бэлтгэсэн мэдээ хүртэл гаргадаг гэдгээрээ ихэд онцлогтой.

МҮОНРТ-ийн орон тооны бус зөвлөл хуралдаж байгаа нь

ҮНДЭСНИЙ РАДИОД ЯПОНООС ХАМГИЙН ИХ ЗАХИДАЛ ИРЖ БАЙНА

Монголын үндэсний радиогийн нэг, хоёр, гуравдугаар програм, Р-3 радиогоос гадна “Монголын дуу хоолой” радио станц монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас нэг цагийн тусгай нэвтрүүлгийг хилийн чанад дахь сонсогчдод зориулан бэлтгэж эфирт цацаж байдаг. Монголыг ийнхүү радиогоор дэлхийд сурталчилж байна гэсэн үг. Ер нь радиогийн редакцид уншигчдаас их захидал ирдэг гэнэ. Япончууд уламжлалт зүйлд ихэд дуртай, уламжлалт хэв маягийн хүмүүс болоод ч тэрүү тэднээс ирж буй захидлууд нь ихэнхдээ цаасан дээр бичсэн, дугтуйтай захиа байдаг хэмээн бидэнд дэлгэн үзүүлж байлаа. Япончууд их энгийн зүйл асуудаг бөгөөд монголыг ихэд сонирхож, хүндэтгэдэг гэнэ. Харин хятадууд болохоор мессеж, болон радиогийн фэйсбүүкийн чатаар голдуу асуух зүйлээ асуугаад, тэр дор нь хариултаа авахыг чухалчилдаг аж. Гэтэл америкчууд болохоор ихэвчлэн албан ёсны мэйл хаяг руу захидал илгээсэн байдаг ажээ.

Одоогийн байдлаар Үндэсний радиогийн хамгийн ахмад нь Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Отгон ажээ. Тэрбээр үндэсний радиод 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд наадмын нэвтрүүлэг, боксын тэмцээн зэргийг олон жил тасралтгүй тайлбарлаж байсан билээ. Тэрбээр “Радиод ороод удаагүй, залуухан байхдаа ихэвчлэн хүүхэд залууст зориулсан нэвтрүүлэг хөтөлдөг байсан бол сүүлдээ ахмадуудын нэвтрүүлэг хөтөлдөг болж. Мөн багшилдаг болсон. Саяхан л жаахан охин радиод орж байсан бол одоо хамгийн ахмад нь болсон байна, цаг хугацаа хурдан өнгөрөх юм” гэж байлаа. Тэрбээр радиод орсон жилээсээ эхлэн баярын жагсаал, наадмын парад, октябрийн баярын жагсаалыг хөтөлж байжээ. Харин ардчилсан хувьсгал гараад л 1990 оноос хойш жагсаалыг хаачихсан гэнэ.

Г.Отгон гавьяатын багш, соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбаатар түүнийг анх кинонд оруулж, киноны нэвтрүүлэгч болгосон байна. Ихэвчлэн баримтат киноны тайлбар уншдаг байсан бөгөөд киноны өмнө түүхийн хүрд гэж тухайн киноны тухай мэдээлэл явдаг байсныг уншдаг байж. Мөн тэрбээр Радио телевизийн дээд сургуульд багшлаад олон шавь төрүүлжээ. Тухайлбал, Чулуунбаатар багшийнх нь хүү радиогийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун нь түүний шавь юм байна. Мөн үүнээс гадна СТА Д.Сайнтод, Н.Анхболд нар болон нэвтрүүлэгч З.Алтантуяа, С.Баянжаргал, Д.Баясгалан Б.Одбаяр, Ц.ЦэндАюуш гээд радиогийн нэвтрүүлэгч бүгд л түүний шавь ажээ. Илүү, илүү хэмээх Үйтүмэн гавьяатын ид үед буюу 1995 оноос эхлэн 20 жил тасралтгүй боксын нэвтрүүлэгчээр ажиллаж байсан юм билээ. Тэмцээн нэг минут завсарлахад хөх булангийн тамирчны ялалт амжилт, түүх намтар, гэр бүл багш зэрэг бүх мэдээллийг уншаад, дараагийн завсарлагаанаар, улаан булангийн тамирчны түүхийг тайлбарлах зэргээр ажилладаг байжээ.

Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчид ажлаа хийж байгаа нь

ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ СПОРТ, КИНО, ГАДААД МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛЖСӨН СУВАГТАЙ БОЛОХ АЖЭЭ

Байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлж, улам сайжруулахын төлөө МҮОНРТийн Ерөнхий захирал Л.Нинжжамц олон ажил хийж, төлөвлөж, санаачилж буйн нэг нь орон тооны бус зөвлөлийг дэргэдээ байгуулжээ. Шинээр томилогдсон орон тооны бус зөвлөхүүд нь биднийг очих үеэр хуралдаж байлаа. Зөвлөлийн гишүүдийн ихэнх нь өмнө нь МҮОНРТийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс аж. Тэдний гаргасан санал, санаачилга, үнэлэлт дүгнэлт зэргийг телевизийн ажилдаа тусгах зорилгоор, энэ салбарын туршлагатай эрхмүүдийг урьж зөвлөл байгуулсан юм байна. Үндэсний телевиз дотроо ажилчдынхаа хүүхдүүдийг сургах цэцэрлэгтэй болжээ. Мөн биднийг очих өдөр “MNB Sport” хэмээх шинэ сувгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цаашид “MNB movies”, “MNB World” зэрэг төрөлжсөн телевизийн суваг нээх зорилготой ажиллаж байгаа юм байна. Үндэсний телевизэд бас нэгэн томоохон байр суурь эзлэх хүмүүс бол орчуулгын киноныхон билээ. Тэд биднийг очихын урьд өдөр ачаалал ихтэй ажилласан тул амралттай байж таарав. Харин МҮОНТ-ийн “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр олонд танигдсан, дуу оруулагч, жүжигчин Т.Эрдэнэбаяр өрөөндөө ганцаар сууж таарлаа. Түүнээс зарим зүйлийг тодруулж ийн ярилцлаа.


-Хэзээнээс үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж байгаа вэ?

-Би 1999 онд СУИС-д С.Сугар багштай ангид элсэн орж, 2003 онд төгссөн. Сургуулиа төгсөөд, “UBS” телевизэд ажиллаж байгаад, хэсэг завсарласан. Харин 2009 онд Үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр орж, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Бусад телевизүүдийг бодвол МҮОНТ үе, үеийн туршлагатай уран бүтээлчидтэй. Жишээлбэл, Т.Цэмпилмаа, Д.Элбэгсайхан, Ж.Дарамсүрэн, Г.Равдан зэрэг олон сайхан ахмад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэднийхээ зааж зөвлөснөөр суралцаж, өдий зэрэгтэй явж байна.

-Таныг “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр үзэгчид сайн мэднэ. Энэ кинонд тоглох болсон түүхээсээ хуваалцаач?

-“Тусгай салаа”-ны Дэндэв бол миний дэлгэцийн анхны бүтээл. 2009 онд Үндэсний телевизэд ажилд орсны дараах хавраас дүр шалгаруулах ажил явагдаж эхэлсэн. Нэг өдөр ажил тарчихаад сууж байтал спортын “Чандмань” студийн Д.Баярсайхан ах “Та нар энд юу хийж байгаа юм. Дээр “Тусгай салаа” гэж олон ангит киноны дүр шалгаруулж авч байна. Шалгаруулалтад орооч” гэсэн. Шалгаруулалт руу ортол ихэнх дүрээ авчихсан. Ганцхан Дэндэв гэж залуугийн дүр үлдсэн байгаа. Маргааш 11.00 цагаас хүрээд ир гэсэн юм. Маргааш нь иртэл, надтай нэлээд адилхан хэрнээ, нэг нь өндөр нөгөөх нь надаас арай намхан хоёр залуу ирчихсэн байсан. Бидэнд тест өгч уншуулж, шалгаж үзээд найруулагч биднийг зэрэгцүүлж суулгачихаад “Гурил байсан бол та гурвыг нийлүүлж зуурч байгаад нэг сайн Дэндэв гаргах байлаа. Бүгдэд чинь авах юм байна. Хэнийг нь сонгохоо мэдэхгүй болчихлоо. Энэ киноны Ерөнхий продюсер Ц.Оюундариас л асууя” гэсэн. Ерөнхий продюсер орж ирээд, бидэнтэй ярилцаж, хаана ажилладаг, ямар мэргэжилтэй зэргийг асууж байгаад, намайг сонгосон юм. Ийм аз завшаан тохиож, би Дэндэвийн дүрд тоглохоор сонгогдсон түүхтэй.

эндэвийн дүрийг гаргах хэр байв. Өөртэй чинь ойрхон, ижил төстэй дүр байсан уу?

-Туршлагатай уран бүтээлч, сайн найруулагч, сайн партнёртой тул энэ дүр сайн тодорч гарсан байх. Зан байдлын хувьд надтай нэлээд төстэй дүр шүү гэж ярилаа.

Үндэсний радио телевизийн Хурд агентлаг, хуучнаар ММ агентлаг буюу Монголын мэдээ суваг нь хамгийн их үзэгчтэй ажээ. Үндэсний телевиз жижиг, жижиг олон салбар бүтэцтэйн дээр нэлээд засвар тохижилт хийж, хамгийн анх хэрэглэгдэж байсан камер хальс зэргээ үзэсгэлэн хэлбэрээр тохижуулж байршуулаад, түүх өгүүлэх эртний зургуудаа хүртэл коридорын ханаар байрлуулсан нь олон жилийн түүхтэй байгууллага болохыг нь илтгэх ажээ. Мөн энэ телевизээс төрөн гарсан үе үеийн гавьяат, алдартнуудын зураг хүндэтгэлийн гурван хананд ч багтахааргүй олон болжээ.

ЭХНЯЛХАС ОРЧМЫНХОН ТЕЛЕВИЗЭЭС ЦАХИЛГААНАА АВДАГ БАЙНА

Үндэсний телевиз өөрийн гэсэн цахилгаан станцтай юм байна. Улаанбаатарын тог тасарлаа гэхэд өөрийн станцаасаа автоматаар тогоо аваад явчихна, барагтай бол тог цахилгааны саатал гаргахгүй мөнхийн ажиллагаатай гэсэн үг. Мөн Эх нялхас орчмын нэлээд хэдэн байгууллагыг энэхүү дэд станцаасаа хангадаг юм байна. МҮОНРТ-нхэн барилгын фасадны иж бүрэн засварыг хийгээд, барилгаа номин цэнхэр өнгөтэй болгожээ. Радио, телевизийн эфирийн жижүүрүүд нэг өдөр бүтэн ажиллаад, хоёр өдөр амрах зэргээр ээлжээр хонож ажиллана. Өглөөний ээлж нь 7.30 цагт солигддог байна. Нийтдээ 700 гаруй ажилтантайгаас 65 хувь нь эмэгтэйчүүд аж. Авто, цахилгаан, тайз засал, операторуудын албанд ихэнхдээ эрчүүд байх бол сэтгүүлч, редакторуудын ихэнх нь эмэгтэй харагдлаа. Өдрийн цагаар ихэнх уран бүтээлчид нь гадуур, ярилцлага, сурвалжлага, хөдөө орон нутаг, гадаад дотоодын томилолттой байдаг аж. Зураглаачдын өрөө гэж байх боловч үргэлж шахуу хоосон байх юм. Мөн л студид эсвэл гадуур ажиллаж яваа гэнэ. Хувийн бусад телевизийнхэн үндэсний телевизийн техникийн багаас техник, технологийн тухай зөвлөгөө авдаг ажээ. Мөн хамгийн шилдэг, ОУ-ын стандартын мэргэжлийн камер, хэрэгслүүд Үндэсний телевизэд л байдаг гэнэ.

Монголын мэдээ сувгийн ахлах инженер С.Өлзийцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Би 1981 онд МУИС-ийн холбооны ангийг төгсөөд, дараагаар нь үндэсний телевизэд ажилд орсон. Тэр үед хар цагаан телевизээс өнгөт рүү шилжиж байсан. Эхэн үедээ мэдээ, нэвтрүүлгийг шууд явуулдаг байсан. 1970-аад онд заримыг нь бичиж хадгалж, явуулдаг байсан бол 1980-аад оноос эхлэн ихэвчлэн урьдчилан бэлтгэдэг болсон. Сүүлийн үед техник, технологийн дэвшлээр маш их өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байна” гэсэн юм. Одоогийн Үндэсний олон нийтийн телевиз буюу тухайн үеийн (1967-1970-аад оны) “Монгол телевиз” бүх л мэдээ, нэвтрүүлгээ шууд цацдаг байсан тул эхэн үеийнх нь нэвтрүүлгүүд архивлагдаагүй гэнэ. Архивынхан алтан сан, алтан фондын бүтээлүүдээ дижитал хэлбэрт шилжүүлэн хуулж байна. Биднийг ороход 1987 оны гуравдугаар сарын 21-нд гарсан Үзэл суртлын “Хэл, Тоншуул” гэх асуудал хөндсөн нэвтрүүлгийг шинэчлэн хуулж байлаа. Тэр үеийн нэвтрүүлэг хүртэл хуучны монгол кино шиг, хүмүүсийнх ярьж буй, хандлага нь хүртэл чин үнэн байх аж. Энэ нь асуудал, зөрчил дутагдал гаргасан байгууллага руу шууд ороод, ярилцлага авч, дутагдлыг нь хөндөн, хэрхэн арилгахыг асуудаг нэвтрүүлэг юм байна.

Өглөөний мандах нарнаар л Үндэсний олон нийтийн радио, телевиз рүү бид ороод, телевиз радиогийн албаны зарим хүмүүстэй ярилцаж, сонирхоод, нэг захаас нь нөгөө зах хүртэл дөрвөн давхраар ороод гарахад аль хэдийн нар жаргасан байлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Радиогийн нэвтрүүлэгч Г.Отгон шавь Ч.Идэрчулууны хамт

“Ням гариг, нэг сая” цэнгээнт
нэвтрүүлгийн зураг авалт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *