Categories
мэдээ цаг-үе

Ууган Хас

Хүмүүн төрөлхтөн таниж мэдээгүй, тайлж ухаараагүй үй түмэн юмны нэг нь Хас тэмдэг бөлгөө. Хаа нэгэнтээ, хэн нэгэн бээр Хас тэмдгийн учрыг барим тавим тайлж бичээд үлдээчихсэн баримт нуталгаа өдгөө хэр дэлхийд алга. Балар эртийн хүний хаданд сийлж,зурж үлдээсэн зураг л харин байна.

Хас тэмдгийн хамгийн арвин баян сан хөмрөгтөй газар гэвэл монгол нутаг байх. Алтай, хангай, говь, тал хаана л бол хаана Хас тэмдэг хад чулуунд зураастай, сийлээстэй байж байна. Хамгийн эртнийх нь гэхэд наад зах нь гуч дөчин мянган жилийн нас сүүдэртэйбололтой. Монгол орон харийн үзэл санаан дор шургаастай байсан цагт юун Хас судлал байх билээ. Харин тэр дөнгөнөөс салмагц манай эрдэмт мэргэд Хасыг сонирхож эхэлсэн байдаг. Ном зохиол бичсэн нь ч мэр сэр бий. Энэ хэрэг үйлсэд Аким бид хоёр ч чадал чинээгээрээ хуруу, хошуу нэмэрлэж явна. Хасын “өвчин туссан” ч гэх үү дээ?! Монгол нутагт байх нэлээд олон Хасыг очиж үзэж, зураг хөргийг нь татаж авсан. Аким надаас арай олныг олж үзсэн байх аа. Учир нь мань хүний “Хасын өвчин” минийхээс арай ч илүү үгдэрсэн болов уу?!

Өдгөө маний нутаглан суугаа газрын хад чулуунд Хас сийлж үлдээсэн эрхэмүүд бидний өвөг дээдэс яах аргагүй мөн гэж бодож байна. Тийм болохоор Аким бид хоёр ч гэсэн өвөг дээдсийнхээ өв урлалын нь учир начирыг олох гэж оролдож яагаад болохгүй гэж? Ингэж буй минь зүгээр нэг хэрэгт дурлаж буй илүү зан ч бас арай биш ээ. Эрх биш ухаарлын учир холбогдол цаана нь бий.

Аким авгай Хас тэмдгийн хойноос бузгай эрчтэй хөөцөлдөж, бүр ном ч бичсэн. Би харин өдгөө хэр ном бичээгүй явлаа л даа. Арай л болоогүй гэж бодоод. Хас тэмдэг шиг учир начир нь далд нууц, хачин сонин, эрхэм дээд юмын учирт хөнгөн гоомой аашилж боломгүй санагдаж зүрхшээгээд ч гэх үү дээ?! Аким бид хоёр заримдаа хамт явж, заримдаа ч салгуу явж Хас эрж бэдэрч, олсон дуулсанаа бие биедээ тэр даруй дуулгадаг ч гэлээ чухам гэвэл Хасынхаа нарийн учир начирт санаа нийлэх ч бий,бага сага зөр ч бий. Хас тэмдгийн учрыг олох гэж газар газрын мэргэд олон зууны турш оюун ухаанаа чилээн оролдож байгаа юм билээ. Анх, соёлт Францын эрдэмтэн Эжен Бурнуф гэгч нэгэн бээр Хасын учрыг олох санааг хөгшин Европын ном бичгийн эргэлтэд оруулсан гэх нь бий. Дорно дахиныг судлаач саяхь эрхэм өөрөө Хас судлах үйлсэд арвитай юм хийж чадаагүй бололтой юу даа?! Эжен Бурнуфаас өөр хүмүүс ч Хасын талаар бичиж асан мэдээ занги мэр сэр бий. Тэглээ ч учрыг нь олж, хужрыг нь тунгаасан нь нэгээхэн ч үгүй юм билээ л.

Мөхөс би Хас тэмдгийг орчлонгийн “Эргүүлэг” чанараас улбаатай болов уу хэмээн боддог. Лав л энэ орчлонгийн хамаг бүхэн “Эргүүлэг” чанарын “ Буянаар” оршин байгаа юм уу даа гэх нэгэн бодол надад байдаг. “Эргүүлэг эрч” ч гэж болмоор. Хувинд дүүрэн ус хийгээд уруу нь харуулбал ус асгарчихна. Тэгвэл тэр устай хувингаа толгой дээгүүрээ эргүүлээд байхад хувин уруугаа харсан ч ус нь асгардаггүй. Энэнийг түмэн бодисын ухаан “Төвөөс зугтаах хүч” гэж нэрлэдэг. Үнэндээ гэвээс мөнөөх л эргүүлэг.

Тэмээний ноосыг цувьчихаад татвал амархаан тасарчихна. Тэгвэл тэр ноосыг эрчилж томход бөхөөс бөх дээс болдог. Утас ээрэх ч мөн тийн. Энэ чинь ноосыг эргүүлэг эрч л илүү бат бөх болгож байгаа хэрэг мөн биз дээ. Бөх бат байх нь оршин буйн нэгэн хувилбар чанар мөн. Чухам гэвэл энэ орчлонгийн юм бүхэн гагц эргүүлгээс эрч олсны хүчээр байж байдаг буюу. Юу нэгэн байж байна гэдэг нь ерөөс эргүүлэг чанараас ондоо юу ч биш. Дэлхий нарыг тойрон эргэдэг ахул сар дэлхийг тойрч, хоёулаа мөнөөх л эргүүлгээр хөтрөлдөж аваад нарыг тойрон эргэхдээ дэлхий бас өөрийнхөө тэнхлэгийг эргэдэг. Манай дэлхий алдуураад тэнэчихгүй, эсвэл задраад арилчихгүй, чухам энэхүү эргүүлгийн ачаар л оршин байгаа хэрэг гэдэг шинжлэх ухаанд өдгөө нэгэнт магад болжихуй. Хэрэв зэ,дэлхий эргүүлгийнхээ ачаар л оршин байгаа юм бол дэлхий дээр буй бүхэн мөн л тийн эргүүлэг чанарт дулдуйддаг байж таарах мэт ээ. Уул тал, ус мөрөн, хад чулуу, өвс ургамал, араатан амьтан ер хамаг бүхэн байнгын эргүүлэг хөдөлгөөнд л оршин байдаг болов уу гэмээр. Тиймийн ч учир “Эргэх хорвоо” гэсэн Буддагийн филосоийн үг гарсан байж магадгүй. Хорвоо гэдэг түвд хэлний үг амьд бүхэн төрөөд үхээд эргэж өөр нэгэн төрөл олж төрж, эхлэлгүй, төгсгөлгүй, тасархай бус хүрдэн оршихуй гэсэн утгыг тэмдэглэдэг юм гэнэ билээ. Өөрөөр хэлбэл мөнөөх л гайхал эргүүлэг. Юмс шулуун гунзгуй, тэг дөрвөлжин, жин бөөрөнхий, нэмгэн хавтгай гэх мэт түмэн янз байх авч үнэндээ бол мөнөөх л эргүүлэг юм. Жишээ нь, хүмүүний биеийн махан бод гэхэд горзойсон гунзгуй юм байх мэт боловч далд чинадаа эргүүлэг эргэж байдаг хэрэг. Ил гарах тэмдэг шинж нь толгой зулайд байх үсний эргүүлэг ч байж мэднэ. Зарим хүний толгойн үсэнд эргүүлэг байхгүй байлаа ч тэр хүний махан бод эргүүлэг бус гэсэн үг яавч биш. Эргүүлэг яагаад ч юм бэ, толгойн үсэнд ил гараагүй л хэрэг. Өөр хаа нэгтээ аль нэгэн үсэнд үзэгдэх үзэгдэхгүй эргүүлэг тэмдэг байж л таарна.

Гагц махан бод ч төдий бус хүмүүний ухаан санаа ч мөн л эргүүлэг чанартай байх. Тиймгүйсэн ахул хүмүүн санаж бодож чаддаггүй л байх асан биз. Юмыг санаж байна гэдэг нь хүмүүн уг юмыг ухааныхаа оронд эргүүлж л байна гэсэн үг буй за. Ийнхүү ухаж мэдэх, ухаарч ойлгох, уярч хайлах, уурлаж цухалдах, хайрлах дурлах, хардах сэрдэх, өрөвдөх өмөөрөх, өшөх занах тэргүүтэн ер хүмүүний оюун билиг, ой ухаан, сэтгэл санаа мөн л эргүүлэг чанартай. Эртний Жагарын нэгэн их хөлгөнд ухаарлын дээдийг “Брахма хүрд” хэмээсэн байдаг. Брахма гэдгийг хамаг бүхнийг танин мэдэж,тайлан соёрхсон төгс үнэн гээд,тэрхүү төгс үнэнд хүрч ухаарсан хүмүүнийг Брахмаан хэмээжихүй. Хүрд нь эргүүлэг мөн. Ийн бээр,энэ чинь хүмүүний сэтгэл санаа,ухаан билиг хүрдэн буюу эргүүлэг чанартайг бүр эрт балар цагт нуталсан хэрэг биш гэж үү?!

Амь гэгч мөн л эргүүлэг. Амь махан бодөвч биенд эргэж байдаг хэрэг. Амь чингэж эргэхээ больмогц амьтан үхэхийн хувийг олж байна. Амь гэснээс, амь, сүнс хоёр нэг юм бололтой. Юмны гол цөм утгыг заадаг “Амин сүнс” гэх филосови утга бүхүй монгол хоршоо үг амь сүнс хоёр нийлэг нэг юм гэдгийг зааж байна бус уу?!

Асар ай цараанд төсөөлж бодохул “Байгаа байхгүйн зуур, эхлэл үгүй, төгсгөл үгүй, тасархай бус…” хэмээн хорвоогийн эргүүлэг ёсыг номлосон буддизмын хоосон чанарын философи ч өөрөө бас эргүүлэг чанартай буюу. Ийнхүү, энэ орчлонгийн бод буй бүхэн төдийгүй огт оргүй хоосон ч бас л эргүүлэг чанартай байх аа. Ер нь хэмээвээс, лав л энэ орчлонгийн хамаг юм үзэгдэж харагдаж, баригдаж тэмтрэгдэж байдаг бод юм, үл үзэгдэх, эс тэмтрэгдэх хий юм хоёроос бүрддэг буй за. Чухам гэвэл, бод юм, хий юм хоёроос ертөнц бүтжихүй. Хий юм чинь бидэнд үзэгдэж харагдахгүй, баригдаж тэмрэгдэхгүй л болохоос биш байж л байгаа юм мөн биз дээ?! Өөрөөр хэлбэл хий оршихуй. Энэ орчлонгийн хамаг оршихуй бод, хий хоёр хэлбэр чанартай гэсэн үг юм уу даа. Ялдар хэлвээс, “Орчлон” гэх монгол үг өөрөө ч орчиж эргэлдэж байгаа гэх санааг зааж байгаа хэрэг. Огторгуйн эргүүлгийг дурдаж нурших нь бүр ч илүүц буйз. Учир юун хэмээвээс, “Огторгуй” гэдэг ухаарал “Огт оргүй” буюу хоосон дайд гэсэн санаа. Хий юм эргүүлэг чанартай нь үнэн ахул Огторгуй ч мөн л эргүүлэг чанартай байж таарна.

Тал нутгийн хүн бол “Хуй” гэж нэг гозойсон цагаан тоосыг олонтаа үзсэн байх. Энэ бол эргэж эрчилсэн салхи юм. Хайрга чулуу,харгана бутны мөчир,шороо тоос элдэв юмыг хамаж аваад эргүүлээд явж байдаг. Би багадаа морьтой давхиж яваад хуй салхинд дайруулж малгайгаа ховх татуулан алдаж байсан удаатай. Хуй дотор орсон юм унана гэж байхгүй эргэлдээд талийж өгдөг. Хуй голдуу нар буруу эргэж явдаг юмсануу?! Юутай ч, намайг дайрсан хуй болгон дандаа нар буруу эргэж байсан санагддаг. Чухам гэвэл дэлхий тэнхлэгээ эргэхүйн зүгт. Ер нь хуй тийм байдаг юм уу, эсвэл надтай л тийм хуй дайралдаж байсан юм болов уу, бүү мэд. Эртний хүмүүн төрөлхтөн, түүний дотор бидний эртний өвөг дээдэс саяхь эргүүлэг чанарыг мэддэг л асан аюу. Яаж мэддэг байсан нь бүү мэд. Мэддэг л байж. Хүмүүн төрөлхтний оюун ухаан балчир байх цагт хүмүүний зөн мэдрэмж өдгөөгийн биднийхээс хавьгүй хурц мэргэн,бүр совин билгийн чинээнд хүрдэг байсан ч юм билүү? Чухам тийн учир тэр мэргэн совин билгээрээ мөнөөх гайхал эргүүлэг чанарыг таамаглаж мэдээд тэрнээ хожимд уламж болгон тэмдэглэж Хасыг үүтгэсэн байж тун ч магадгүй. Юутай ч гэсэн нэгд, Хас бол яах аргагүй юу нэгийг зааж тэмдэглэсэн нь гарцаагүй. Хоёрт, Хас тэмдэг чухамхүү, хэм тэгшийг хийгээд эргэхүйг заасан тэмдэг гэдэг бараг л мадаггүй болов уу? Хас тэмдэгний дөрвөн үзүүр нэгэн зүгт нугархай байдаг шүү дээ. Энэ нугархай аваас эргэх хөдөлгөөнөөс өөр юуг ч заагаагүй нь лавтай байх аа. Бас гэвээс, Хас тэмдгийн дөрвөн үзүүр биднийхээр нар зөв, нар буруу эргэх аль алинаар нь нугарсан байдаг. Энэ чинь нарны эргэх зүг, дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ эргэх зүгийг заажээ гэх нь бий. Гэхдээ, энэ баахан эргэлзээтэй. Одоогоор Монголд олдоод байгаа Хасын туйлын олонхын дөрвөн үзүүр нар буруу эргэсэн байдаг. Бүр нэг дор, нэг хад чулуун дээр сийлээстэй балар эртний хоёр Хас хоёулаа нар буруу эргэсэн нь ч бий. Үүнээс үүдэн Хас ерөөс, эргүүлэг чанарыг л зааснаас биш нар зөв, нар буруу зүгийг тухайлан тэмдэглэсэн нь юу л бол гэмээр байдаг.

Тэнхлэгийн учир ярих аваас, Хасын тэнцүү хоёр шулуун яг тэнхлэгээрээ зөрсөн байдаг. Чагт буюу загалмай үүсгэж. Энэ нь тэгш хэмийн ёс мөн. Хэм тэгш биш ахул ямар ч юм оршиж үл чадна. Чингээд тэгш хэмт загалмайн дөрвөн үзүүрийг нэг зүгт нугалчихаар эргэж орших чанар гарч ирж байна. Хэм тэгш агаад бас тэгээд эргэж байна. Гайхамшигтай төгс дүрс байгаа биз? Орчлонгийн оршихуйн эрхэмсэг ёсонэргүүлэг чанарыг заасан тэмдэг тийм ч байхаас яах вэ. Оршихуйн бэлгэ чанарыг энэнээс илүү яаж төгөлдөр төгс тэмдэглэхсэн билээ дээ?!

Хүний биед олон хас буй хэмээн дорно дахины философид тэмдэглэсэн тухай Аким авгай нэгэнтээ цухасхан бичсэн нь бий. Үнэн ч байж магадгүй. Орчин цагийн биологийн ухаан хүний биед хорин гурван хос дөчин зургаан хромсом байна гэж нэгэнт мэдсэн шүү дээ. Энэ чинь мөнөөх л оршихуйн эргүүлэгт хас чанар мөн буй за. Харин эдгээр хас чанар хүмүүний махан бодод төдийхөн бус ухаан билиг,сэтгэл санаанд ч мөн тийн шингээстэй эргэж байдаг аж л. Мөнөөх хорин гурван хос гайхал хромсомын хорин нэгдэх хоймсон нь яагаад ч юм бэ, гурамсан болчихвол хүн зүүлэгдүү төрдөг гэнэ. Энэнийг дэлхий даяарт, тийм өвчин анх олдсон газраар нь “Монгол эмгэг” гэж нэрлэдэг байснаа хожим нь манай гомдлоор өөрчилж,олсон эрдэмтний нь нэрээр “Дауны эмгэг” гэх болсныг бид мэднэ. Хоймсон хоймсон эргэж байдаг хорин гурван хос хромсомын нэг нь гурамсан болчихоор тэрний эргүүлэг буюу хас чанар нь ээдрээд, эзэн хүмүүн эрхтэн бүрэн хэрнээ ухаан санааны гажилттай төрж байгаа нь саяхь эргүүлэгхас чанар махан бодод төдий бус ухаан санаа гэгч хий оршихуйд ч мөн тийн эргэлдэж байдгийг нут болгож байна бус уу?! Ямар гээч үйлийн лайгаар тэр өгөр хорин нэгдэх хоймсон хромсом нь гурамсан болчихдог ч юм бэ? Эмнэж анагааж болдоггүй ч юмсан уу?! Энэ орчлонд хүмүүний зовлон мундах биш дээ…

Чингээд, оршихуй гэхүл эргүүлгээс өөр юү ч биш. Сөргүүлээд, эргүүлэг ахул оршихуй мөн гэмээх нэгэн санаа гаргалага хийж болох мэт. Тийн аваас, Хас тэмдэг эргүүлэг буюу оршихуй ёсыг зааж анх гарсан аюу. Тэрнээс биш газар, тэнгэр, бурхан, мухар сохор сүсгийн учир үүсгээгүй л болов уу?! Оршихуй орчлонгийн учир чанарын ухаарал совин билгийн Хас тэмдэгийг хожим нь харин тахиж сүсэх онго шүтээн,эрхэмлэн дээдлэх бэлгэ сүлдэр болгосон байхыг хэн байг гэх вэ. Ер нь ч чингэсэн байдаг нь жаахан хожим гарна.?????????

Харин Хас тэмдэг монгол язгуурынх уу? Зарим эрдэмтэн мэргэдийн хэлж буйчлан эртэн цагийн Жагар газрын гарвальтай юу? Европын голдуу эрдэмтэд Хасыг эртний Энэтхэгт багцаагаар 25000 жилийн тэртээ үүссэн бололтой хэмээн таамаглах нь зонхилж байна. Жагарын их хөлгөн Рамаянад Хасын тухай анх гарсан байх ч гэдэг. Саяхь Рамаяна буюу монголоор “Раамын үлгэрийн цоморлиг” хэмээн орчуулсныг уншиж мөшгөн үзвээс,тэнд Хасын тухай тэмдэглэсэн нь үгүй байна. Лав л,монголоор орчуулсан тэр хувилбарт. Балар эртний энэ хөлгөн цагийг эзлэн өдгөөд ирэхдээ олон олон янз хувилбарыг үзсэн юм гэнэ билээ л.

Бас, өдгөөгийн Украин улсын нутагт, Мезин нэрт суурингийн хавьцаа архелогийн малтлагаас 25000 жилийн настай хас маягийн угалз олдлоо гэж оросууд бузгай шуугьсан удаатай. Зэрвэсхээн мөшгөж үзэхэд л тэр нь Хас огоот биш, манай алхан хээний хагас зурлагатай төстэй хөвөөлбөр байдаг. Нүүдэлч түмний эд хогшлын зүйлд ийм чимэг сэлт зөндөөн байдаг даа. Орос гэснээс, Загалмайтны шашин судлаач Багдсаров гэгч Оросын нэгэн эрдэмтэн Хасын тухай цөөн үгийг бичиж, ярьж буйг би гүймэгхэн уншиж, зэрвэсхэн цахим сонссоон. Тэр Багдсаров Хасыг 25000 жилийн тэртээд үүссэн байх гэхчлэн, европынхны урьд бичиж асныг л дагаж дурьтгаад,учрыг нь олохгүй байгаа үнэнээ харин хэлж дуулдна билээ. Эрхбиш бичиг эрдмийн хүн болохоороо худал залахаа хүлцэн түвдсэн хэрэг буй за.

Буддагийн, Загалмайтны, Лалын шашны сүм дуганын хийгээд энэ тэр эд өлгийн зүйлийн чимэг болгож Хасыг зурсан, сийлсэн нь зөндөө ч гэсэн тэдгээрийн хамгийн эртнийх нь гэхэд л загалмайтны он тооллоос, сайндаа л хэд гуравхан зууны тэртээх байдаг аж. Ер, аль ч шашин суртал олны сэтгэл санаанд оршдог юм болгоныг шүүрэн зээлдэж хэрэглэсэн алийг тэр гэх вэ. Бүр саяхан, хорьдугаар зууны эхэн хагасд Гитлер гэгч бадмад нэгэн толгойлсон, Германы ажилчны үндэсний социалист нам гэгч гарч ирж, Хас тэмдгээр бэлгэдлээ болгож байсныг бид мэдэхгүй биш дээ, хэ хэ хэ.

Жагар, Нанхиад гэх мэт дорно дахины соёлт газрын урлагт ч Хас эртэн цагаас байсаар иржээ.

Хас хэмээх энэ гайхамшигт тэмдэг язгуур гарвалиасаа үл хамаараад Монголд балар эртэн цагт байсан хийгээд өдгөө ч байгаа нь маргаангүй. Үүнийг нут болгох баримт сэлт зөндөөн бий. Маргах аргагүй, хамгийн нут баримт бол Дэл Уулын Баруун билүүтийн бэлээс олдсон, том жижиг хос Хас мөн. Дэлхий дахины энд тэндээс олдсон хадны зурагтай өнгөцхөөн жишиж, багцаалан үзэхэд л энэ Хас вээр 2000030000 жилийн тэртээх бололтой байна. Чулуун зэвсгийн эрнийх гэхээр. Юутай ч хатуу чулуун багажаар “цоолборлох” аргаар сийлсэн ул мөр ажиглам ил байдаг. Компьюторын 3D програмаар гаргаад үзэхэд бүр ч тод болж байна. Эртэн цагийн түүх соёлыг судлаач зарим эрдэтэн ч “Энэ бол чулуун зэвсгийн үеийн дурсгал” гэх нь миний бодож байгаатай таарч байгаа юм аа.

Дэл уулын Хас хэд хэдэн чанар шинжээрээ хосгүй гайхамшигт туурвил. Юун түрүүн,энэ аваас хад чулуунд сийлээстэй олдсоноос хамгийн эртнийх нь мөн. “Ууган Хас” гэмээр үү дээ?! Энэнээс эртний Хас хад чулуунаас өдгөө хир олдоогүй байна. Чинагш ахул,бас л өдгөө олдоод байгаа дугуй хүрээтэй цорын ганц Хас юм. Бас гэвээс,энэ нь нэг чулуун дээр гурван Хас чандмалуулан хамт сийлсэн байдаг. Гурав дахийг нь яагаад ч юм бэ, гүйцээж амжилгүй, хагас хүрээг нь дутуу цохиод орхижихуй. Ийм чандмань гурван Хас Дэл уулаас ондоон хаана ч алга. Одоохондоо л лавтай яа, хамгийн эртний,ийм хосгүй, “Ууган Хас” уугуул нутгаас минь үзээ хараа, барим тавим олдчихоод байхад Хас яагаад заавал биднийх бус, харь гарвальтай байх ёстой юм бэ?! Өдгөөгийн маний эх орон монгол газарт балар эртэн цагт нутаглан аж төрж асан, бидний өвөг дээдэс орчлонгийн хамаг бүхэн эргүүлэг чанартайг совин билгээрээ ухаараад Хасаараа тэмдэглэн хойч хойч үедээ уламж занги үлдээсэн байхыг хэн байг гэх юм бэ?! Чинагш “Мөнх Тэнгэрийн монгол гүн ухаан лугаа ч холбогдож мэднэ. Юутай ч, Хас тэмдэг Монголынх биш гэж, “Бадарчин баярлах болоогүй” байна биш үү?! Өвөг дээдэс маань үүсгэн бүтээсэн Хас тэмдэг гагц хад чулуунд төдий бус хойч үе бидний ч ой санамж,сэтгэл зүрхэнд лав шингэж үлдсэн байдаг нь хаана л бол хаана захаас аван замаас үргэлж нүднээ тусах хас чимэглэлээс бэлхэнээ үзэж болно. Тэр ч атугай, харьд зольж дөрвөн жаран шахам улираагаад эгүүлэн авч сэргээсэн Монголын төр, Оросын харгис ёсонд автахынхаа өмнөхөн мөнгөн тэмдэгт дээрээ Хас тэмдгийг зурсан нь архивт далд үлдээд өдгөө ардчиллын буянаар мүзэйд талбиастай олны нүд хужирлаж, сэтгэл гэрэлтүүлж байна. Туурга тусаар Монголын олон аймаг, хошууны засаг ноёд Хас тамга барьж асан нь өдгөө бий. Энэ ахул эртний аугаа их уламжлал билээ. Чингис хааны төрийн “Хас эрднийн тамга” гэж монгол түүхнээ олонтаа өгүүлсэн байдаг. Тэр эрхэм тамга чухам ямар дүрстэй байсан бол? Үзэхсэн. Саяхь тамгын тухай ямар гайхамшигтай сайхан домог байдаг билээ дээ? Нэгэнтээ хур шувуу нисэж ирээд Чингис хааны удмын өргөөний үүдэнтээ шар чулуун дээр суугаад “Чингис чингис чингис” гэж гурвантаа донгодоход мөнөөх чулуу хага үсэрч дотроос нь алтан тамга гарч ирээд хийсэн одов. Маргааш өглөө нь мөнөөх шувуу нисэн ирж цагаан чулуун дээр суугаад бас л “Чингис чингис чингис” донгодохуй өнөөх чулуу нь мөн л хага үсэрч мөнгөн тамга гарч ирээд бас л хийсэн алга болов. Гутгаар өглөө саяхь шувуу дахин нисэж ирж хөх чулуун дээр суугаад “Чингис чингис чингис” донгодвоос чулуу хагарч хасвуу тамга гарч ирээд Чингис хааны мутарт бууж, ийн бээр Чингис хаан эрдэнийн Хас тамга барьсан ажгуу хэмээдэг дээ.

Чухам тухайлбаас, Чингис хааны Хас тамгын учир гарган Монголын түүхийн эртний олон хөлгөн сурвалжид бичиж үлдээсэн бий. Мөхөс миний л олж уншсанаар гэхэд Саган Сэцэний “Эрднийн товч”, Лувсанданзаны “Алтан товч”, Жамбадоржийн “Болор толь”, Жамбын “Асрагч нэртийн түүх”, Гомбоваанжилын “Алтан эрих”, Галданы “Эрдэнийн эрих”, Ишбалданы “Эрдэнийн эрих”, Ломийн “Монгол боржигид овгийн түүх” тэргүүтэн лав л найман тулгар түүхнээ Чингис хааны Хас тамгын элдэв учрыг тайлан бичсэн байдаг. Эдгээрийн зарим цөөн нь магтаал домгийн аястай байдаг ч цөмөөрөө түүхийн бичвэр яах аргагүй мөн бөлгөө.

Өдгөөгийн зарим бичээч нар Чингис хааны Хас тамга бол хас хэмээх эрдэнийн чулуугаар хийсэн болохоос биш таваг дээрээ хас тэмдэг сийлсэн биш байх гэсэн санаа хэлсэн байдаг. Тэгвэл тэр Хас эрдэнийн тамга дардаг алган дээрээ ямар бичиг, дүрстэй байсан хэрэг вэ гэхээр тэд эрхэм хариу сөөм үггүй таг болдог. Юу ч хэлэхсэн билээ дээ. Байхгүй юм чинь. Хас тамга л гэж тэмдэглэн бичиж үлдээсэн буй.

Чингис хааны Хас тамга гэсний ялдар хэлвээс,саяхь тамга өдгөө Хятадад нэг газар нуугаастай байгаа байх гэж боддог шүү, би. Чингэж бодох учир байна: Монголын сүүлчийн Их хаан Лигдэн бээр Буддагийн шар шаныг Монголоос үлдэн хөөсүгэй хэмээн байлдаж яваад Хөхнуурын Шаргал талд “Цагаан бурхан” өвчнөөр тэнгэрт халихуй Нинин хатан Сутай хатан хоёр нь Эрххонгор, Ажнай нэрт хоёр хөвүүнээ аван одож, Мүгдэнд очоод, Зүрчидийн улсын Ургач буюу хятадаар Ши Зү алдарт хааны мутарт Чингис хааны цагаан Хас тамгыг минжүүр ембүү сэлтийн хамт барьваас мөнөөх хаан ордондоо аван соёрхоод Эрххонгорт нэгэн гүнжээ эхнэр болгон өгөөд түшмэд тушаалд тохоож,Ажнай хөвүүнд нь Чин ван цол хайрлаж гийгүүлсэн хэмээн Монголын эртний түүхийн, Жамбадоржийн “Болор толь”, Ишбалжирын “Эрднийн эрхи”, Ломигийн “Монголын боржигод овгийн түүх” гэх мэт хэд хэдэн их хөлгөнөө бичсэн байдаг бөлгөө. Ийн бээр ухаж бодвоос Аугаа Их Чингис хааны Хас тамга өдгөө Хятад ,Тайван хоёрын аль нэгэнд байх нэн ч магад бүхүй мэт ээ. Хятад аваас түүх соёлыг ихэд эрхэмлэн нандигнадаг эртний ёст улс шүү дээ. Тийн учир, Чингис хааны тамгыг үрж сүйтгэсэн нь юу л бол?!

Хас тэмдгийн учир гэвээс өчүүхэн хүмүүн би ийн бодож явдаг бөлгөө. Дэл уулаас олдсон саяхь гайхамшигт “Ууган Хас”ыг бидний санал хүсэлтээр өдгөө Дундглвь аймгийн музейд авчирч талбин залсан байгааг, энэ ялдар дуулгахад сэтгэлд таатай анам.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

One reply on “Ууган Хас”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *