Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.