Утааны эсрэг ээж аавуудын холбооноос Засгийн газар, Хотын захиргааг шүүхэд өгөхөөр болсон байна. Тэд дээрх газруудаас нийслэлийн иргэдэд нөхөн олговрыг шаардах юм.
Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд Засгийн газар буруутай үйлдэл болон эс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэнэ.
Утааны эсрэг ээж аавуудын холбооны дарга Ц.Пүрэвхүү “Эдийн засаг хүндэрсэн энэ үед хэдэн ээж нар нийлж улсын төсвөөс мөнгө авах гэж байна гэж битгий бодоорой. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт гарна. Хариуцлагагүй улстөрчид хариуцлага хүлээх жишиг тогтоно. Иргэдийнхээ төлөө ажилладаг хууль эрхзүйн орчинтой болох тал дээр ахиц авчирна гэж бодож байна.
Боломжгүй амьдралтай хэр нь хүүхэд нь өвдөөд ажлаасаа гараад орлогынхоо талыг эм тарианд зарцуулж байгаа айлуудад нөхөн олговор олгох ёстой. Хүүхдээ, ах дүүгээ утаанаас болоод алдсан гэр бүлүүд амь насыг нь нэхэмжлэх ёстой. Хүний амийг мөнгөөр хэмжих гэж байгаа юм биш.
Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Тийм учраас Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эмэнд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно” гэсэн юм.