Categories
мэдээ нийгэм

“Утааны эсрэг хамтдаа” дулаалга, халаалтын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Утааны эсрэг хамтдаа” дулаалга, халаалтын дэвшилтэт технологийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлүүлж байгаа юм. Тус дүүргийн дүүргийн 14 дүгээр хорооны “Ойдов” худалдааны төвд зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаа нь 16-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Авто засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Манай дүүргийн ЗДТГ Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран дулаалга, халаалтын дэвшилтэт технологийн бараа, бүтээгдүүнийг иргэдэд танилцуулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулаад байна. Энэ нь мэдээж их хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдэд бага өртгөөр дулаанаа зохицуулахад тус дэм болохыг зорьж байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга болон “Ойдов” худалдааны төвтэй хамтран заал талбайгаа шийдэн ажиллаж байна. Тэгэхээр энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгж байгууллагууд үнэ төлбөргүй иргэддээ бараа бүтээгдүүнээ танилцуулах нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болох юм. Манай үзэсгэлэнд “Гэрэлтэх нарны туяа”, “Мон-Ашид”, “Хоот дабль валл”, “Атмор”, “Эко жигүүр” зэрэг усан болон цахилгаан халаагуурын компаниуд оролцож байна” гэсэн юм.

Үзэсгэлэн худалдаанд дулаалга, халаалтын бараа бүтэгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг 20-иод байгууллага оролцож байлаа. Тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд бараа бүтэгдэхүүнээ үзэсгэлэнгийн үеэр иргэдэд танилцуулж байсан юм.

“Гүүдшэйринг” ХХК-ны Борлуулалт хариуцсан ажилтан З.Зөвтөр “Манай компани нь нь 2010 онд “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Ерөнхийдөө нийгэмд тустай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Одоогоор дулаан баригч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Бидний хувьд шахмал түлш, дулаан баригч, яндангийн хамт үйлдвэрлэдэг юм. “G-saver” дулаан баригч нь түлшний зардлыг 45 хувь хэмнэнэ. Мөн гал асах хугацааг гурван цагаар уртасгаж, агаарын бохирдлыг бууруулахад сайнаар нөлөөлөх юм. Энэхүү бүтээгдэхүүн маань “Монгол Улсын шинэ бүтээлийн патент” аваад зогсхогүй Нийслэлийн агаарын чанарын албанаас агаарын бохирдлыг бууруулахад тустай бүтээгдэхүүн болохыг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн ШУТИС-ийн харъяа гэр зуухны лабораторын туршилтаар дуулаанаа 2-3 цаг илүү барьдаг нь тогтоогдсон. Бид энэхүү дулаан баригчаа яндангийн хамт 30 мянган төгрөгөөр борлуулж байна. Хэдий үндсэн үнэ нь 135 мянган төгрөг боловч иргэддээ хөнгөлөлттэй үнээр өгч байгаа юм.

Харин шахмал түлшний хувьд 2015 оны тавдугаар сараас эхлэн Завхан аймгийн Улиастай хот дахь салбар үйлдвэрийн газрыг түшиглэн үйл ажиллагаагаа туршилтын хүрээнд эхлүүлсэн. Уг шахмал түл нь хямд төсөр, үнс багатай бөгөөд зууханд бүрэн шаталт явуулж утаа бага гаргадагаараа давуу талтай. Нүүрсний нунтаг болон үртсийг дахин боловсруулж хийсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. Илчлэг өндөр, өртөг багатай түлшийг орон нутагтаа үйлдвэрлэж байгаад нутгийн иргэд тун талархалтай хүлээж авч байгаа. Энэхүү түлш маань 25 кг нь зургаан мянган төгрөгөөр худалдаалагддаг” гэж байлаа.

О.ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *