Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Утаанаас салах гэсэн биш Улаанбаатараасаа салах болох нь ээ

Сүүлийн үед хэсэг бүлэг хүн гэнэт сэрсэн мэт утаатай тэмцэх тухай ярих болж. Үүнийг нь дарга нар ч дуртай хүлээн зөвшөөрч утаатай хотод амьдарч болохоо байлаа, гамшиг боллоо гэж халаглаж байна. Утаанаас болж урд замаа харж явах битгий хэл гүнзгий амьсгаа авахад ч хэцүү байгаа нь үнэн. Угаасаа сүүлийн хэдэн жил нийслэлчүүд иймэрхүү дүр төрхтэйгөөр өвөлждөг болсон. Арай л хиар цохиулсан мэт угаартаж үхээгүй байна. Утааны хор уршгийн талаар мэргэжлийн байгууллагууд байнга анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаа. Нүүрснээс нүүрсхүчлийн исэл их хэмжээгээр ялгардаг нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгжиж уушги, бөөр, цусан хангамжийн янз бүрийн өвчлөлд хүргэдэг. Утаанаас болж зүрхний шигдээс, багтраа өвчинтэй болохоос гадна дутуу төрөлт нэмэгдэж байгаа нь наад захын жишээ. Мөн бага насны хүүхдүүдийн өсөлтөд аажмаар нөлөөлж давжааруулдаг гэхчилэн утааны хор уршгийн талаар бичээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Нийслэлчүүд гудамж талбайдаа бие биетэйгээ мөргөлдөх нь холгүй шахам зөрж байгаа ийм үед төр засгийн удирдлага утааны асуудалд анхаарлаа хандуулж байгаад гайхаад байх ч юм алга. Гэхдээ тэд утааг ингэж арилгая, агаарын бохирдлыг ингэж бууруулъя гэсэн ямар ч зөв шийдэл олохгүй байна. Ерөнхий сайд нь хүртэл өнөөг хүртэл утааг арилгах дорвитой арга олоогүй гэдгээ хэлсэн. Төр түшилцэж буй Их хурлын гишүүд нь ч гэсэн сав л хийвэл гадаад явж туршлага судлахгүй бол чадахгүй байна гэдэг. Эсхүл утаанаас болж та нар ингэж хордож байна гэсэн популизм ярихаас хэтэрсэнгүй. Харин сүүлийн үед айхтар мэргэн шийдэл олсон мэт ам булаалдан бахархалтайгаар ярьж буй сэдэв нь Улаанбаатар хотыг хаяж нүүх тухай асуудал болжээ. Тэдний ярьж буйгаар манай хот эргэн нөхөн төлжиж чадахгүй, ногоон байгууламж нь хорт утаагаа задлах чадваргүй, хөрсний асар их бохирдолтой болсон юм байх аа. Санаан зоргоороо ингэж ярьж байгаа цэцэн мэргэн улс Лондон хот хоёр мянган жилийн настай гэдгийг мэдэх болов уу. Ром хотыг манай эриний өмнөх зуунд байгуулсан гэдгийг дуулсан болов уу. Балар эртний түүхтэй эдгээр хот байгуулагдаад удаагүй байхдаа цэвэр, бохирын системтэй байсан гэж үү. Анх байгуулах үедээ хөрсөн доогуураа сантехникийн шугам угсарч бохироо соруулсаар өнөөг хүрсэн гэх гээд байна уу. Тийм хот дэлхий дээр хаа ч байхгүй. Бүгд л олон зуун жилийн дараа хотынхоо асуудлыг шийдсэн байдаг. Хэдэн зуун сая хүн амтай орчин үеийн хотууд бүгд л манай Улаанбаатар шиг замналаар замнасан байж таараа. Сүүлийн зуун жилд л иргэдийнхээ эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулж технологийн дэвшлийг ашиглаж эхэлсэн биз. Түүнээс өмнөх олон мянган жилд яг л манайх шиг ил задгай бие засан амьдарсан байж таараа. Агаарын бохирдол, утаа бол тэртээ тэргүй их хотуудын туулаад ирсэн зовлон. Хэдэн арваадхан жилийн өмнө Бээжин, Лондон тэргүүтэй дэлхийн томоохон хотууд утааны асуудлаа шийдэх гээд ядаж байсан гэдгийг битгий мартаарай.

Тэндхийн иргэд хувцсаа угаагаад хатаах гээд тохохоор өнгө нь мэдэгдэхгүй тортог болж байсан цаг саяхан. Тэглээ гээд тэд хотоо орхиод нүүгээд явчихсангүй. Харин ч тархи толгойгоо зөв ажиллуулан гарц шийдэл олоод өнөөгийн дүр төрхөө бүрдүүлсэн. Тэдэнтэй харьцуулбал Улаанбаатар хот цэл залуу байтугай нялх балчир гэж хэлж болохоор насжилттай. Хэдэн зуун байтугай мянган жилийн настай хотууд хөрсний бохирдол дээд цэгтээ гэж яриагүй байна. Гэтэл Улаанбаатарын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ гэж амныхаа зоргоор ярьж байгаа нь зүгээр л худлаа шалтаг юм.

Манай хот 378 жилийн түүхтэй. Бидний өвөг дээдэс аятай тухтай, тааваараа амьдраад болоод л байсан. Хөрсний бохирдлыг үүсгээд байгаа гэр хорооллын жорлонгийн тухай асуудал их л удаж сүүлийн 50 жилд яригдаж байгаа биз дээ. Тэрнээс өмнө бид хөрсний болоод агаарын бохирдол гэж мэддэг ч үгүй байсан. Ингээд бодохоор Ром, Лондонтой харьцуулахад манай хотын хөрс бохирдох яагаа ч үгүй байгаа.

Өнөөдөр хотын төв цэгээс дуртай зүг рүүгээ харж байгаад тавхан км давхихад л онгон дагшин байгальтай учран золгоно. Тарвага хошгирч цагаан уул, далан түрүү цэцэг найгасан үзэсгэлэнт байгальтай газар хүрч очно. Ийм газрыг бохирдсон гэдэг юм уу. Голын усны чимээ хоржигнож өвсний чийг үнэртэж байгаа газрыг аюултай гэдэг юм уу. Ерөөсөө хот зах руугаа жаахан л тэлэхэд цэвэр тансаг агаартай болчихно. Ийм байхад Улаанбаатараас нүүе гэж ярьж буй төрийн түшээд ямар учиртай улс вэ. Зүгээр л ажил хийхгүй, эсхүл хийх ажлаа саармагжуулах гэсэн башир арга шүү дээ. Санаатай, эсвэл санамсаргүйгээр гэдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч ингэж хэлж байгаа төрийн түшээд нийслэл хот төдийгүй улс эх орныг хөгжүүлэхгүй, нэг алхам ч гэсэн урагш алхуулахгүй байх өчүүхэн санааг дотроо агуулж явдгаа илэрхийлж байгаа хэрэг.

Манай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн шагналт, нийтлэлч Д.Цэнддоогийн судалгаа бий. “Нүүдэлчид аливаа асуудлыг зугтаж шийддэг. Асуудал тулгарахад яаж шийдэх вэ гэж бодохоос залхуурсандаа зүгээр л нүүчихдэг” гэж. Үнэхээр л тийм. Нүүдэлчин монголчуудын тархинд хамгийн түрүүнд орж ирж байгаа санаа нь зугтах. Зугтаагаад явчихвал асуудлыг ардаа орхиж байна гэж эндүүрдэг. Яахав харанхуй, бүдүүлэг байсан тэр үед тийм л аргатай байсан юм байгаа биз. Одоо бол тийм биш шүү дээ. Техник технологи дээд зэргээр хөгжсөн орчин үеийн нийгэмд бид амьдарч байна. Гэтэл эрт балрын сэтгэхүйгээсээ яагаад салахгүй байна вэ. Нүүдэлчин монголчуудын түүхэндээ анх удаа бий болгосон сая давсан хүн амтай хотыг устгах гэсэн санаатай бодлого явж байна гэж хийрхээд ч яахав. Гэхдээ л биднийг залан чиглүүлж буй төр засгийнхны санаанд хамгийн түрүүнд ийм шийдэл орж ирсэн байна. Гарц олж шийдэл хайхаас залхуураад зүгээр л бөөнөөрөө нүүгээд зугтаачихъя гэж санал болгож байгаа. Тэгчихээд үүнийгээ асуудал шийдчихлээ гэж гайхуулан ярихыг нь сонсоод өмнөөс нь ичиж үхмээр юм.

Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн гол цөм, хөдөлгөгч хүч. Олон хүн бөөгнөж байж л эдийн засаг бий болдог. Хэр олон хүн нэг дор төвлөрнө тэр хэрээр эдийн засаг хүчирхэгжих учиртай. Гэтэл өсөн өндийж буй эдийн засгийг задлахаар санаархаж буйг юу гэж хэлэх вэ. Зөөлнөөр гэмт хэрэг гэж болно. Харин хатуугаар бүр юу ч гэж хэлж болно. Ийм шийдвэр гаргах гээд, яриад сууж байгаа төрийн түшээдийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж хэлж ч болох юм. Ер нь тэгээд өөрсдийнх нь ярьж буйгаар нүүгээд явлаа гэхэд Улаанбаатарт хэн үлдэх вэ. Гэр хорооллынхон утаан дундаа бөртийгөөд хоцрох юм уу. Өөрсдөө эхэлж нүүж явчихаад эргэж ирээд гэр хорооллын утааг арилгая гэж яриад байна. Хамт амьдарч байхдаа утааг шийдэж чадаагүй байж хаяж зугтсан хойноо асуудлыг шийднэ гэж байх уу. Эсвэл өөрсдөө эрүүл агаарт нүүж очсон хойноо эргэж хараад үлдсэн хэд рүүгээ хэлээ гарган хохь чинь гэж хэлэх гээ юү.

Ер нь цаашид улс төр хөөхгүй, улс төрийн тавцангаас арчигдах хүсэлтэй хүн л Улаанбаатарыг нүүлгэнэ гэж ярьдаг юм. Улаанбаатарчууд бид тэнэг биш. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар гэдэг гишүүн “Та нарыг хаяад бид утаагүй газар очно” гэж ярьж байна лээ. УИХын гишүүн Улаанбаатарыг нүүлгэх тухай ярьж болох л байх л даа. Ингэж ярьснаараа тэр хүн улстөрч болоогүй байна гэдгээ л харуулж байгаа юм. Та нарыг утаатай чинь орхиод бид цэвэр агаарт амьдарна гэж сэрүүн зүүдэлж байгаа нь улс төрд ирээдүйгээ хүн гэдгээ харуулж буй хэрэг. Тэгээд ч энэ хүнийг дахин сонгож болохгүй гэдэг нь түүний үгнээс харагдаж байна. Монголын энэ том эдийн засгийг задлан буталж, цаашлаад үгүй хийхээр оролдож буй хүн цаашдаа монгол төрийн төлөө зүтгэж чадах уу. Бид өмнө нь Улаанбаатараар оролдсон хүн улс төрөөс арчигддаг тухай сануулан бичиж байсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон хэдэн гишүүн ингэж ярихад нь манай сонин шүүмжлэн бичээд нам болгож байлаа. Тэрийг одоогийн Их хурлын гишүүд мэдэхгүй байна. Улаанбаатарчууд дуугүй харж байгаад та нараар нийслэл хотоо устгуулна гэж хэзээ ч байхгүй. Хүч нөлөө нь та нарын бодож байгаа шиг сул дорой биш. Хотынхныг төр засаг барилцаж буй хэдхэн хүн басах болоогүй шүү. Хотын утааг хотод нь л шийдэх ёстой. Өөр гарц байхгүй. Улаанбаатар хоттой байж гэмээнэ хотын асуудлыг шийднэ. Хотгүй болсон хойноо ямар юмныхаа асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ. Өөрсдөдөө болон үр хойчдоо санаа зовсон хэсэг хүн утаанаас салгаад өг гэж ярьсан биш сүүлдээ бүр Улаанбаатараасаа салах юм болох нь л дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *