“Улаанбаатар цэвэр агаар сан”
төслийнхөн ирэх сарын 3-наас эхлэн утаагүй зуухыг борлуулж эхлэхээр болжээ.
Ингэхдээ нийслэлийн зургаан дүүргийн 25 цэгт борлуулах юм байна. Уг төслөөс
өнгөрсөн жил 29.707 зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байв. Тэгвэл энэ
онд 45 мянган зуух нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Засгийн газраас агаарын
бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдэд утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр
нийлүүлэхдээ зуух нэг бүрийн үнийн зөрүүнд улсаас татаас олгодог. Энэ жил
Засгийн газар нэг зууханд 256 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр иргэд тодорхой заасан 25 цэгт очиж хүсэлт гаргаж, төлбөрөө төлснөөр
дотооддоо үйлдвэрлэсэн зуухыг 17 мянга, импортоор орж ирсэн зуухыг 250 мянган
төгрөгөөр худалдаж авах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.