Хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд энэ сарын 22-ноос буюу өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэг, хороондоо бүртгүүлснээр утаагүй зуух авах боломжтой боллоо. Бүртгэл энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Иргэд захиалгаа харьяа хороондоо биеэр очиж өгөх боломжтойгоос гадна онлайнаар өгч болно. Үүнтэй холбоотойгоор хороодод цахимаар хэрхэн захиалгаа өгөх талаар зөвлөх ажилтнууд ажиллахаар болжээ. Сайжруулсан зуухны зах зээлийн үнэ 272-484 мянган төгрөгийн үнэтэй. Харин иргэд зуухаа 66 хувь хөнгөлүүлснээр 16-228 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.
Дашрамд хэлэхэд, өнөө жил 16 мянга гаруй өрхөд шинээр зуух тараахаар бэлтгэл ажлаа базааж байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын иргэд үндсэндээ 100 хувь сайжруулсан зуухаар хангагдах боломжтой гэж үзэж байгаа аж. Утаагүй зуухыг нийслэлийн зургаан дүүргийн 25-35 хороогоор дамжуулан түгээнэ. Өнгөрсөн хугацаанд хотын төв орчмын гэр хорооллын өрхүүд сайжруулсан зуухаар 100 хувь хангагдсан. Харин энэ удаад 15000 гаруй өрх нь ихэвчлэн нийслэлээс алслагдсан, хотын захад амьдарч буй өрхүүдэд хуваарилагдах аж.