Categories
мэдээ нийгэм

Утааг устгах шийдлийг хайж байна

Утааны эсрэг арга хэмжээ авах инновацийн уралдаан зарлагдлаа. Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд “Утааг хамтдаа устгая” уриан дор , “Ариг банк”, БОАЖ яам “Дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” хамтран уралдааныг зарлав.

Энэхүү уралдааныг “Ариг банк”-наас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд утааг хэрхэн устгах тухай иргэд, залуучуудтай хамтран шийдэл олох зорилготой юм байна. Уралдаан нийтдээ гурван үе шаттайгаар явагдана. Эхний үе шат энэ оны 4 сарын 1-нээс мөн энэ оны 9 сарын 15-ныг хүртэл шийдлийг шалгаруулах гэж явагдана, хоёр дахь шат 2017 оны 9 сарын 15-наас 2018 оны 6 сарын 1-ныг хүртэл явагдах юм. Эцсийн шат 2018 оны 6 сарын 1-нээс тус оны 9 сарын 15-ныг дуустал болно. Зохион байгуулагчдын зүгээс Улаанбаатар хот болон Монгол улсын бусад суурин газруудад тулгамдаж байгаа утааны асуудлаас богино хугацаанд, сайн үр дүнтэйгээр гарах арга замыг эрэлхийлжээ. Ингэхдээ технологийн шийдлийг голчлон үзэж байгаа бөгөөд уралдаанаас шалгарсан төгс шийдлийг 100 сая төгрөгөөр шагнахаар тогтжээ.

Уралдааныг санаачлан зохион байгуулагч “Ариг банк”-ны захирал Д.Төмөрбаатар: “Бидний зохион байгуулж байгаа төсөл нь зөвхөн нэг яам, албан газар асуудлыг шийдэх бус нийт иргэдтэй хамтарч ажиллахыг зорьсон томоохон хэмжээний хүрээг хамарч байгаа том төсөл болж байна. Бидэнтэй хамтран, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, БОАЖ яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Нийслэлийн засаг даргын тамгын газар гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа боловч үйл ажиллагааны явцад хамтран ажиллагч байгууллагуудын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Утааны эсрэг уралдаан нь ерөнхийдөө 4 жилийн хугацаанд явагдана. Эхний хоёр жилийн хугацаанд шалгаруулалтын үе шатууд явагдаж шийдлийг шалгаруулна. Дараагийн хоёр жилийн хугацаанд туршилт хэрэгжүүлэлтийн үе шатыг явуулахаар тооцоолсон. Санхүүжилтийн хувьд “Ариг банк”-ны зүгээс олон улсын түвшинд бид тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд мөн “Ариг банк”-ны тогтвортой хөгжлийн хүрээнд олон улсын хурал зөвлөгөөнд нилээдгүй явж мэдээлэл солилцож байхад “Парисын хэлэлцээр” батлагдсанаас хойш ногоон хөгжлийн чиглэлийн төслийн санхүүжилт ОУ-ын хэмжээнд хангалттай байна. Бид шийдлээ олоод тууштай ажиллахад санхүүжилт олох боломжтой. Энэ яригдаж байгаа санхүүжилтийг аль түвшинд нь авч ашиглах гэж төлөвлөж байгаа вэ гэхээр төслийн туршилтын үе амжиллтай явагдаад батлагдсаны дараагаар өргөн хүрээнд хэрэгжүүлэлт явагдахад зарцуулах юм. Одоо Банкны холбооны дэргэдэх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “ногоон зээлийн сан байгуулах” ажил явагдаж байгаа. Энэ сан дараагийн үе шатыг дамжуулан авч явах боломжтой. Эхний туршилтийн үеийн болон уралдааны урамшууллын санхүүжилтыг “Ариг банк” өөрийн санхүүжилтээр явуулна.” гэв.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *