БНСУ-ын Кёнги мужийн Хвасон хотод наймдугаар сарын 8-11-нд болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн II наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Гурван насны ангилалд Азийн 16 улсын 62 баг өрсөлдсөн тус наадамд манайхаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг хоёр насны ангилалд өрсөлдөж, гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн байна. ССАЖЯ, “Их талын дуулиан” ТББ-ын шугамаар явсан дээрх хүүхдүүдийн 90 орчим хувь нь нийслэлийн 24 дүгээр сургуулийн баг тамирчид гэнэ.
Манай 12 хүртэлх насныхан БНСУ-ын “Gwangmeong West Elemantaryschool” багийг 2:1, Японы “Tamagawa Junior Sports Club”- ийг 3:0-ээр хожиж, Узбекистаны алдарт “Бунёдкор”-т 1:10, БНСУын SFA-д 0:3-аар хожигдсоноор зургаан оноо авч, гуравдугаар байрт оржээ. Харин 15 хүртэлх насны баг тамирчид БНХАУын “Taizhou Team Awesome Sports Club-ийг 1:0-ээр хожиж, БНСУ-ын “Phoenix”-тэй 0:0-ээр тэнцэж, “Daeyong Eagles”-т 0:1, “Gongdo”-д 0:2-оор хожигдож, дөрвөн оноо авснаар дөрөвдүгээр байр эзэлсэн аж.
Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн наадамд оролцох зардлыг хариуцсан Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Хүчит Чулуут” ХХК-ийнханд Монголын багийн ахлагч Ч.Ганхуяг, менежер Б.Батзаяа, дасгалжуулагч Д.Нанжид болон тамирчин хүүхдүүд талархлаа илэрхийлэв.