Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн тайланг гаргажээ. Энэ талаар тус хорооноос өнөөдөр /2021.12.15/ мэдээлэх үеэр сарын дундаж цалин 1.3 саяд хүрч 66 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 46 мянган аж ахуйн нэгжийн 712.500 ажилтны сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар ийм дүнтэй гарсан байна. Мөн сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй ажилтны дундаж цалингийн зөрүү нэмэгдсээр байна.
Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар эрчүүд дунджаар 1.5 сая төгрөгийн цалинтай байхад эмэгтэйчүүд 1.2 сая төгрөгийн цалинтай байгаа юм. Мөн хамгийн өндөр цалинтай салбар уул уурхайн олборлолт бөгөөд ажилтнуудын цалин дунджаар 3.1 сая төгрөг байна.
Статистик мэдээллээр, дундаж цалингаас гадна хэрэглээний бараа, үйлчилгээний өмнө өмнөх сараас 1.3 хувиар өсчээ. Үүнийг задалбал,
- Мах, махан бүтээгдэхүүн 22.2 хувь
- Согтууруулах ундаа, тамхины үнэ 6.1 хувь
- Хувцас, бөс бараа гутал 5 хувь
- Орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлш 1 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 6.8 хувь
- Тээврийн бүлгийн үнэ 19.5 хувь
- Ундаа ус, хүнсний бараа 17 хувиар тус тус өсчээ.
ЭКСПОРТ ӨМНӨХ ЖИЛЭЭС СЭРГЭВ
Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 156 улстай худалдаа хийж, экспорт, импорт өмнөх онын мөн үеэс өссөн дүнтэй байна. Нийт барааны эргэлт 15 тэрбум ам.доллар. Гадаад худалдааны тэнцэл энэ оны 11 сарын байдлаар 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Манай улс БНХАУ-тай энэ оны 11 сард 9.7 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 6.6 хувийг эзэлж байна.