Манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1,450,100 төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахдаа хэллээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл
- эрэгтэйчүүдийнх 1.6 сая
- эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 717.7 мянган ажиллагч хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс хоёр (4.4%) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2%)-өөр, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 (5.2%) мянгаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх улирлаас 1.5 (0.2%) мянгаар буурчээ.
Тайланд хамрагдсан нийт даатгуулагчийг салбараар нь харвал:
- 108.2 (15.1%) мянга нь боловсролын салбарын
- 98.9 (13.8%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын
- 79.1 (11%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын
- 73.4 (10.2%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын
- 46.7 (6.5%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын
- 45.8 (6.4%) мянга нь барилгын салбарын
- 42.1 (5.9%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын
- 40 (5.6%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын
- 29.3 (4.1%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын
- 154.2 (21.4%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.