Categories
мэдээ цаг-үе

Усанд живэлгүй хэрхэн яаж сэлж сурах вэ?

Халууны улиралд иргэд гэр бvл, хамт олноороо салхинд гарах, гол ус бараадаж сэрүүцэн амарч, зугаалах нь олширдог. Энэ онд улсын хэмжээнд усны ослын тохиолдол 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 27 удаа гарч 38 хүн амь насаа алдсан байна. Үүний 30 нь насанд хүрэгчид, найм нь хүүхэд байгаа юм. Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, гол, усанд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг зэрэг олон шалтгааны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа юм. Иргэд хэт халуунд халууцаж архи уусан үедээ голын усанд орвол сэрүүцэж, архи гарч толгой сэргэдэг гэсэн ташаа ойлголттой байдгаас үүдэн гол руу орж живдэг ажээ. Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 орчим хувь нь архидан согтуурсан үедээ осолддог талаар судалгаа байдаг. Архи уусан үед голын хүйтэн ус руу орох нь хүний бүх биеийн шөрмөсийг татаж, өөрийгөө удирдах чадварыг нь бууруулдаг. Мөн тухайн хүний биеэр цус гүйх нь удааширч бие бүхэлдээ хүндэрч хөдөлгөөн хийж амжилгүй усанд живдэг байна.

Усанд осолдсон иргэдийн ихэнх хувь нь усны гүнийг мэдэлгүй бүсэлхийнээс дээш усанд орж санамсаргүй байдлаар живж амь насаа алддаг аж.
Усанд сэлэх нь хүний төрөлхийн ур чадвар боловч төрснөөсөө хойш сэргээгээгүй учраас мартсан байдаг. Хэрэв та усанд сэлэх дадлага туршлага тааруу бол голын усанд орохдоо аврах хантааз хэрэглэх шаардлагатай юм. Гүн усанд хөл алдсан бол сандрахгүй тайван байж урсах явцдаа тааралдах, дархи мод, хүмүүсийн шидсэн аврах цагираг зэргээс барих шаардлагатай. Мөн усанд хөл алдсан тохиолдолд амаараа амьсгалах бөгөөд ус залгихаас болгоомжлох хэрэгтэй юм. Ус залгиж уушгин дахь агаараа гадагшлуулснаар живэх нөхцөл бүрддэг байна. Хүн амьсгалаа түгжиж, уушгиндаа агаар хуримтлуулснаар хөвдөг аж. Гүнзгий усанд хөл алдаж живсэн тохиолдолд амьсгалын зам усаар дүүрч удаан хугацаанд бөглөрснөөр амь насаа алддаг юм.
Усанд живсэн хүнийг арван минутын дотор анхны тусламжийг зөв үзүүлснээр аврах бүрэн боломжтой байдаг аж. Харин түүнээс дээш болсон үед амьсгалын зам руу их хэмжээний ус орох, гадны биет орж бөглөсөн тохиолдолд аврах боломжгүй байдаг юм.
Усанд живсэн хүнийг чирч гаргахдаа өөрийн аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Учир нь шоконд орсон хүн аврах гэж буй хүнээс зуурч хамт урсах эрсдэл өндөр. Живж буй хүнийг аврахдаа боломжтой бол аврах цагираг шидэж өгөх шаардлагатай. Боломжгүй бол живж буй хүнд мэдэгдэлгүй араас нь гэтэж очиж татаж авдаг арга юм.
Гаргаж ирээд ус залгисан хүнд анхан шатны тусламж үзүүлэхдээ таталт өгсөн амыг нь нээж, уруу нь харуулж нуруун дээр нь дарж усыг нь гадагшлуулна. Бүрэн гаргасны дараагаар хиймэл амьсгаа хийснээр амийг аврах магадлалтай. Жин масс ихтэй хүнийг аврахдаа тогтмол, зөөлөн урсгалтай усанд муужрахыг хүлээдэг байна. Хөдөлгөөнгүй болсон үед нь яаралтай орж уснаас гаргаад анхан шатны тусламж үзүүлдэг юм. Яарч сандарч орсноор хамт живсэн тохиолдол олон байдаг. Усанд сэлж чаддаг хүн ямар нэгэн гэнэтийн зүйл болоход амиа аврах чадвартай болох нь мэдээж. Гүн биш бассейнд сэлж сурсан иргэд урсгал голын усанд хөл алдаж, сандрах тохиолдол элбэг байдаг.
Задгай усанд сэлэхэд хамгийн тохиромжтой нь мэлхий сэлэлт юм.
Сэлэлтийн техникийн хувьд усан доогуур гарын таталт (гар уснаас гарахгүй) хөлийн тийрэлтийн ээлжилсэн хөдөлгөөнүүд юм. Сэлэлтийн чиглэлийг алдахгүй байх, хувцастай сэлэх, сэлэхдээ ямар нэгэн зүйлээс барих, ямар нэгэн зүйлийг чирч сэлэхэд уг сэлэлтийн ашиг гардаг. Мэлхий сэлэлтийг хөвөгчтэй хамтаар ашиглавал сэлэх анхны ойлголтгүй хүн ч усанд живэхээс өөрийгөө хамгаалж чадна.
Усны аврагчид голдуу өврөөр даллах сэлэлтийг өөрийнхөө ажилд хэрэглэдэг. Сэлэлтийн техникийн хувьд урд хоёр гараа ээлжлэн усанд хавсарч, хоёр хөлөө дээш доош ээлжилсэн хөдөлгөөн хийнэ. Мэргэжилтнүүд уг сэлэлтийн төрлийг сурахад хялбар, түгээмэл гэж үздэг. Өврөөр даллах сэлэлтийг сурснаар дараагийн сэлэлтийн төрлүүдийг сурахад хялбархан байдаг гэнэ. Уг сэлэлтийг сурснаар араар даллах сэлэлтийн техникийг сурахад илүү хялбар болдог юм. Араар даллах сэлэлт, өврөөр даллах сэлэлттэй техникийн хувьд адилхан. Гар усан дээгүүр даллана, дараа нь усанд буун таталтын хөдөлгөөн хийнэ. Баруун гарыг татаж байх үед зүүн гар усан дээгүүр даллах хөдөлгөөн хийнэ. Хоёр хөл ээлжлэн усан дээр зогсолтгүй цохилох шаардлагатай юм.
Мөн далайн гахай сэлэлтийг
хийхэд тохиромжтой байдаг аж. Далайн гахай сэлэлтийн үед хоёр гараа уснаас зэрэг гарган усан дээгүүр даллан урдаа буулгана. Гараа даган цээжин бие, толгой усруу орно. Гараар таталт хийж байх үед хоёр хөл усан дээр зэрэг цохилно. Эрвээхий сэлэлтийн үед хөлийн хөдөлгөөн мэлхий сэлэлтийнх шиг ажиллана. Уг сэлэлтийг мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт зэргийг сайн сурсны дараа сурч эхэлнэ.
1966 онд Улаанбаатар хотод болсон их үерт өртсөн иргэд усанд сэлэх талаар хамгийн энгийн мэдлэгтэй байж усанд амьсгаагаа түгжээд хэсэгхэн байсан бол үерийн ус өнгөрч амь аврагдах бүрэн боломжтой байсан гэж үздэг байна. Иймээс иргэд усанд сэлэх энгийн мэдлэгүүдийг эзэмшсэн байх шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *