БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандартчилал хэмжилзүйн үндэсний лаборатори, Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх систем”-ийн нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуульд боллоо.
Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааны түвшинд “БНСУ-ын Байгаль орчны яамны Тохиромжит технологи хөгжүүлж, түгээх төсөл”-ийн хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Ганбатын санаачилгаар тус сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулжээ. Тус төсөл нь төвийн шугамд холбогдоогүй гэр хорооллын сургуулиудын усыг цэвэршүүлэх, цэвэр усаар хангах зорилготой юм.
Сургуулийн захирал Б.Оюунгэрэл хэлэхдээ, “Ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй болсноор манай сургуулийн 1600 сурагч, 115 багш, ажилчид ажлын байрандаа цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж бүрдлээ. Өмнө нь бид анги тус бүрдээ усны аппарат ус тавьж хэрэглэдэг байсан бол ийнхүү эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болж байна” гэв.
Нээлтийн ажиллагаанд дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хэлтсийн төлөөлөл болон сургуулийн багш, сурагчид оролцов.