Categories
мэдээ нийгэм

“Ус-тогтвортой хөгжлийн түлхүүр” чуулга уулзалт боллоо

БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газраас энэ сарын 25-28-ны өдрүүдэд “Ус- тогтвортой хөгжлийн түлхүүр” сэдэвт чуулга уулзалтыг яамны харъяа 21 сав газрын захиргаадын ажилтан, албан хаагчид, хэрэгжүүлэгч төсөл хөтөлбөрийн удирдлага, мэргэжилтнүүдийн дунд байгууллаа.

Сургалтаар УИХ-аас 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр шинэчлэн баталсан Байгаль орчны багц хууль, УННМ-ийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, судалгааг хэрхэн хийх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, усны болон бусад хууль тогтомж, түүнийг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголтыг бий болгох. Усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилт, талуудын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын усны нөөц, хэрэглээ, ашиглалт, хэтийн төлөв болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хэрэгжүүлэх. Мөн сав газруудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд усны талаар төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлоход оршиж байна.

  • Дэлхийн улс орнуудын усны менежментийн шилдэг туршлага дээр үндэслэн боловсруулагдсан Монгол орны Усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлалыг усны сав газруудад хэрэгжүүлэхэд Усны тухай болон бусад хуулиуд, Ус үндэсний хөтөлбөрт хэрхэн тодорхойлсон талаар нэгдсэн ойлголт,
  • Тогтвортой хөгжлийн зорилт, Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, ногоон эдийн засгийн үзүүлэлт, ногоон эдийн засгийн хөшүүрэг, арга хэрэгсэл, эдийн засгийн гол салбаруудыг байгаль орчинд ээлтэй “ногоон” болгох арга зам, тогтвортой хэрэглээ, амьдралын хэв маяг болон тогтвортой хөгжлийн боловсролын талаарх асуудал,
  • Улсын усны мэдээллийн сангийн танилцуулга хийх, мэдээллийн санг түшиглэж орон нутгийн төвшинд ногоон хөгжлийн загвар боловсруулахад усны үнэ цэнэ, тоо баримтыг түлхүүр болгож ашиглах,
  • Усны аюулгүй байдлын үнэлгээний талаарх асуудал гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн юм.

Мөн энэ үеэр “Азийн аманзонка-Амар мөрөн” баримтат шинэ киноны нээлтийг хийсэн. Энэхүү баримтат кино, уран бүтээл нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар нутаг, уул ус, гол мөрөн, биологийн төрөл зүйл, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүн байгальтай шүтлэлцэн амьдрах талаар олон нийтэд танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл өгөх, тогтвортой хөгжлийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах, усны үнэ цэнийг ойлгуулах сургалт, сурталчилгаанд ашиглах, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой кино болсон юм.

Сургалтад нийт 250 гаруй хүн хамрагдаж сав газрын мэргэжилтнүүдийн чадавх, мэдлэг дээшилж гэрчилгээгээ гардан авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *