Categories
мэдээ цаг-үе

Үс

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа эхлэн үсэндээ анхаарал хандуулж арчилж эхэлсэн гэдэг. Эрт дээр үед үсэнд хүний хамаг эрч хүч агуулагддаг хэмээн ярьдаг байжээ. Америкийн Колорадо, Юта, Аризон, Нью-Мехико мужуудад амьдардаг индианчуудыг бидний өвөг дээдэс гэдэг бөгөөд Берингийн хоолойгоор дамжин тэнд очин суурьшсан гэдэг. Индианчуудын Навахо хэмээх омгийн эрчүүд нь өнөөдрийг хүртэл үсээ урт ургуулдаг. Ийнхүү өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалсаар иржээ. Навахо омгийнхон шинэ бодол төрөхөд шинэ үс ургаж харин хуучин бодол нь үсний үзүүрт үлддэг хэмээн ярьдаг гэнэ. Тэгвэл Библийн сударт бичсэнээр Самсон хэмээх баатарын эрч хүч нь үсэндээ байсан гэдэг. Ийнхүү үсний талаар янз бүрийн домог яриа бий. Шинжлэх ухаан техник хөгжих тусам үсийг нарийвчлан судалсаар ирсэн. Түүний бүтэц, аль зэрэг урт ургах боломжтой, юунаас болж унаж, хагтаж, гэмтдэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

ҮСНИЙ БҮТЭЦ

Хүний үсний 80 хувь нь цистин метион зэргээс бүрдсэн уураг, 10-15 хувь нь ус, 5-10 хувь нь нөсөө, эрдэс бодис, тосноос бүрддэг. Түүний гаднах бүрхүүлийг нь мэргэжлийн хэлээр кутикула гэдэг. Үсийг ерөнхийд нь нарийхан, дунд, бүдүүн гэж гурав ангилдаг. Хүний үсний урт нь арьсны өнгөнөөс хамааралтай гэдэг. Хар арьстнуудын үс нь хамгийн богино, шар арьстнуудынх хамгийн уртад тооцогддог. Үсний ширхэг ч мөн л арьсны өнгөтэй холбоотой болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг. Шар арьстнуудын үсний ширхэг нь хамгийн бүдүүнд тооцогддог. Эрдэмтэд хүн хичнээн ширхэг үстэй байдгийг судалсаар тооцоолон гаргасан байдаг. Нэг хүн нь 100-150 мянган ширхэг үстэй байдаг гэнэ. Түүнээс гадна үсийг ерөнхий байдлаар нь хэвийн, хуурай, тослог хэмээн гурав ангилна.

ҮС ЯАГААД БУУРАЛТДАГ ВЭ

Бүгд залуухан харагдахыг хүсэвч үс бууралтах нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Тиймээс ч будаж аргалдаг. Яагаад бууралтдаг шалтгааныг олсон хэдий ч бууралтуулахгүй байх аргыг хараахан нээгээгүй байна. Ер нь бол эрэгтэйчүүд 30-35 насандаа, эмэгтэйчүүдийнх 40-45 насандаа бууралтаж эхэлдэг. Гэхдээ 18, 20 насандаа үс нь цайх тохиолдол ч цөөнгүй. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүмүүсийн 40 хувь нь 30 нас хүрээгүй байхдаа бууралтдаг болохыг тогтоосон байна. Залуухан, эрүүл хүмүүсийн үс нь яагаад ингэж байгааг эрдэмтэд судалсаар. Ямар ч байсан меланин хэмээх бодис дутагдсанаас үс өнгөө алдаж цайдаг гэнэ. Арьсанд агуулагддаг меланин гэнэт үсний угт хүрэхээ больдог аж. Хүний дотоод эрхтэний үйл ажиллагаа хэвийн бус болох нь үс бууралтах бас нэг шалтгаан гэдгийг эрдэмтэд тогтоосон. Ялангуяа хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчин, цус багадалт, багадаа вирусын гаралтай өвчнөөр өвчлөх, бөөрний өвчин зэрэг нь эрт бууралтах бас нэг шалтгаан болдог. Сэтгэл санааны хямралаас үс бууралтахаас гадна аминдэм, уураг дутагдсанаас ч болно. Мөн үс нь эрт бууралтдаг удамтай хүмүүс ч бий.

ҮС ТОЙРСОН БИЗНЕС

Хүний үсийг худалдаж авдаг бизнес олон жилийн өмнөөс бий болсон. Үсийг хурдан ургуулах янз бүрийн шинэ аргуудыг мэргэжилтнүүд нээсэн. Харин будаж, хими хийлгэж байгаагүй үс хамгийн өндөр үнэ хүрдэг гэнэ. Түүнээс гадна үсний шампунь, ангижруулагч, будаг, лак зэргийг бүтээж хэрэглэж эхэлснээр энэ чиглэлийн үйлдвэрлэл нь маш том бизнес болсон. Өдөр ирэх тусам өргөжсөөр байгаа. Энэ салбараар дагнасан компаниуд жил бүр зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж түүнийгээ хамгийн гоё үгээр сурталчилна. Хагнаас салгадаг, үсийг өвчлүүлдэггүй, үсийг амархан хэвэнд оруулдаг, оливийн тостой, өндөгтэй гээд. Хуурай, тослог, шингэн, гэмтэлтэй, будагтай үсэнд зориулсан шампунь, ангижруулагч, маск зэргийг хэдэн янзаар нь үйлдвэрлэсээр байна. Түүнээс гадна техник технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн үсний сэнс, хайч, индүү гээд хэвэнд оруулж янзлахад зориулагдсан төхөөрөмжүүд жижиг, том гээд олон янзаараа худалдаалагдах болсон. Үүний сацуу үсний тайралт, хэв маяг бие даасан салбар болсон гэж болно. Та үсээ хэрхэн засуулснаас шалтгаалан өөр өөр харагдана. Хувцсандаа тохируулан үсээ янзлуулна, жил бүр өөр өөр тайралт моодонд орно. Үсээ сайхан янзлуулахын тулд сайн үсчинд очно.

ҮСИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАДАГ

Үс суулгах арга нь XX зуунаас эхэлсэн гэдэг. 1939 онд анх Японы эрдэмтэд энэ асуудлыг хөндсөн байна. Ингээд 1960-аад онд анх удаагаа үс суулгах мэс заслыг хийсэн түүхтэй. Анагаах ухааны салбарт гарсан энэ дэвшлийн ач тусаар хүмүүс үстэй болоод зогсохгүй шарх сорви зэргээ нуух боломж нээгдсэн юм. Өнөөдөр үс суулгах FUE, FUT, HFE зэрэг олон янз аргыг нээсэн. Харин 2000 оноос мэс засал хийхгүйгээр үс шилжүүлэн суулгадаг аргыг эрдэмтэд нээсэн юм. Олны танил болсон алдартнуудаас Италийн тэргүүн баячуудын нэг, Ерөнхий сайд асан С.Берлускони үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээр хамаагүй залуу харагдах болсон.

ҮСЭЭ ЗӨВ АРЧИЛЪЯ

Зах зээл дээр үсэнд зориулсан янз бүрийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа өнөө үед зөв сонголт хийх нь хамгийн чухал. Үсэндээ тохирсон шампунь зэргийг зөв хэрэглээгүйгээс гэмтэж, хугарах аюултай. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр шампуниа зөв сонгох нь хамгийн чухал гэнэ. Тиймээс та ямар үстэй болохоо мэргэжилтнүүдийн тусламжтайгаар тогтоох боломжтой. Ингэснээр зөв шампуниа сонгоно. Буруу шампунь сонгосны улмаас үсээ гэмтээх явдал хамгийн их түгээмэл болоод буйг мэргэжилтнүүд анхааруулсан байдаг. Зарим хүмүүс өдөр болгон үсээ угаадаг. Энэ нь үсийг гэмтээхэд хүргэдэг аюултай. Тослог үстэй бол нэгээс хоёр хоногийн дараа угаах нь хамгийн тохиромжтой. Үсээ хэрхэн угаах нь нэлээд чухал аж. Угаахаасаа өмнө сайтар самнаж аль зэрэг урт үстэйгээсээ шалтгаалан шампунь хэрэглэх хэмжээ ч өөр. Эхлээд гарынхаа алган дээр шампуниа хөөсрүүлсний дараа хурууныхаа өндгөөр иллэг хийж байгаа мэтээр түрхэнэ. Ер нь үсээ угааж байхдаа уганд нь массаж хийх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүний үс маш хурдан чийгшилээ алддаг онцлогтой. Тиймээс чийгшүүлэгч зэргийг тогтмол хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Ингэхдээ үсний хуйханд ширхэгийг нь дагуулан түрхэнэ. Долоо хоногтоо нэг удаа чийгшүүлэгч хэрэглэхэд таны үс эрүүл байна. Үсийг угаахдаа усны халуун бүлээнийг тохируулах нь чухал.

Хэт халуун усаар угаах нь хуурайшуулах аюултай. Тиймээс бүлээн ус хамгийн тохиромжтой бөгөөд цусны эргэлтийг сайжруулдаг. Үсээ угаасныхаа дараа ямар алчуураар, хэрхэн арчих бас нэгэн чухал зүйл. Хөвөн даавуун зөөлөн алчуураар үсний уртыг дагуулан усыг нь шингээж авах маягаар арчиж байгаарай. Хэрэглэхээ больсон хөвөн даавуун зөөлөн цамцаараа ч арчиж болно. Бид үсээ угааж арчсан даруйдаа самнадаг. Энэ нь буруу. Жаахан хатааж байгаад үзүүрээс нь эхлэн самнахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Өнөө үед янз бүрийн засалтууд моодонд орж, тод, зөөлөн зэрэг өнгөөр буддаг. Гэхдээ будаг, хими зэргийг хэрэглээгүй эрүүл үс нь хамгийн гоёд тооцогддог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *