Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Эднийх Удирдлагын академийн урдах “Богдын өндөр” хотхонд байдаг. Үдээс өмнө 11 цагт очиход Д.Үүрийнтуяа “Дасгалдаа яваад дөнгөж сая орж ирлээ” гэсээр угтав.
Тэрээр өглөө бүр бүжгийн дугуйланд явдаг ажээ. Үргэлж олны нүдэн дээр байдаг болохоор гадаад төрх, хувцаслалтандаа анхаарал байнга тавьдаг гэсэн. Харин гэрийн эзэн Д.Жавхаасайхан хүүхдүүдтэйгээ хамт биднийг ирэхийг хүлээж байжээ. Эднийх хоёр өрөө орон сууцанд ам бүл дөрвүүлээ амьдардаг юм байна. Урлагийнх гэхээсээ уяачийнд ороод ирэв үү гэмээр морины олон сувинерээр гэрээ гоёжээ. Бас зочны өрөөний хойморт нэлээд ур шаардаж оёсон болов уу гэмээр найман шарга морь жаазанд хийн залсан байв. Хараа булаам энэхүү зургийг гэрийн эзэгтэй гурван сарын турш оёж ханьдаа бэлэглэжээ. Д.Жавхаасайхан хар багаасаа адуу малд хайртай байсан болохоор гэрт нь хурдан морьтой холбоотой олон сайхан зүйл байдаг юм байна. Гэрийн эзэн ч морины тухай ам хуурайгүй ярьж байв. Энэ хооронд Д.Үүрийнтуяа хоол, цай бэлдээд ширээнд урилаа. “Та нарыг ирсэн болохоор өөрийнхөө брэнд хоолыг хийлээ” гээд банштай цай аягалав. Хөлс гаргаж, ядаргаа тайлмаар түүний хийсэн цайг уунгаа дуучин хосын анх танилцсан түүхийг яриуллаа.
Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр СУИС-ийн уртын дуучны ангийг төгсчээ. Д.Үүрийнтуяаг нэгдүгээр курст ороход Д.Жавхаасайхан дээд курст нь байсан гэнэ. Нэг мэргэжилтэй, нэг багшийн шавь нар учраас хичээл, бэлтгэл дээр байнга таарна. Аажимдаа хамт хичээлээ давтаж явсаар нэг мэдэхэд бие биедээ дасчихаж. Д.Жавхаасайхан ч Д.Үүрийнтуяаг хичээлээ давтахад нь тусалж мэдэх зүйл дээрээ зөвлөгөө өгч явсаар төгсөх курст байхдаа үерхэж эхэлжээ. Удалгүй сургуулиа төгсч Солонгос руу нэг жилийн хугацаатай тоглолт хийхээр явсан байна. Тэр үед дөнгөж бие биедээ татагдаж байсан хосууд хилийн дээсээр хязгаарлагдан нэг нэгийгээ зүйргүй ихээр санаж байсан гэнэ. Энэ тухайгаа Д.Үүрийнтуяа “Ёстой нэг айхтар санаж байж билээ. Тэр үеийн санахын жаргал бид хоёрыг хэзээ ч салшгүй, заяаны хань болгосон” гэж дурсав. Тухайн үед өнөөгийнх шиг цахим сүлжээ тэгтлээ хөгжөөгүй байж. Тэгээд ч хөдөө өссөн хүүхдүүд болохоор интернэт ашиглан дүрсээ харж ярихыг ч мэддэгүй байсан гэнэ. Тиймээс бие биедээ захиа бичнэ. Хамгийн гоё дэвтрийнхээ голоос урж байгаад л байдаг гоёороо дарамалдан бичдэг байжээ. Хэрэв нэг үг буруу, эсвэл муухай биччихвэл дахин шинээр бичдэг байсан нь тухайн үедээ үгээр хэлшгүй аз жаргал мэдрүүлдэг байжээ. “Чамдаа хайртай. Чамайгаа маш их санаж байна. Чанга тэврэн үнсье. Удахгүй хоёулаа хамт амьдарна аа” гэж сэтгэлийн нандин бүхнээ шингээсэн захиагаа Солонгосоос Монгол руу, Монголоос Солонгос руу явж байгаа хүнд дайна. Бас болоогүй хайртай түүнийхээ дуртай зүйлийг нь бэлэг болгон өгөх гэж хичээнэ. Д.Үүрийнтуяа Сөүлд байгаа түүндээ борц, мах, ааруулнаас эхлээд хэрэгтэй бүхнийг нь өгөх гэж хичээдэг байжээ. Д.Жавхаасайхан ч бас “Хэдэн размерын гутал өмсдөг юм бэ. Чамдаа гоёлын өндөр өсгийт явуулах гэсэн юм” гэсээр асуудаг байсан гэнэ. Монгол руу бүр мөсөн ирэх үедээ хэдэн тор дүүрэн хувцас авчирч өгч байжээ. Д.Жавхаасайхан “Хол байсан болохоор маш их санадаг байлаа. Дэлгүүр хэсч хайртай хүндээ хувцас сонгож санасан сэтгэлээ аргаддаг байсан” гэж дурсав. Тухайн үед бичиж байсан хайрын захианууд нь эдний гэрийн нандин өв болжээ. Захиагаа үе үе гаргаж ирэн уншихаар тэр үедээ дахиад очсон юм шиг хайр, догдлол мэдрэгддэг гэсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтдаа амьдрахдаа олон сайхан аз жаргалтай дурсамжийг бие биедээ үлдээх болжээ. Тэр дундаас хэзээ ч мартагдашгүй нь 2010 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр. Энэ өдөр том охин Ж.Анударь нь мэндэлжээ. Д.Үүрийнтуяа дөнгөж амаржаад удаагүй байтал эмнэлгийн гадаа догдлон зогсоо хань нь “Охиноо хармаар байна” гээд байж сууж чадахгүй байж. Тэгэхээр нь эмч, сувилагчийн нүдийг хариулж байгаад хүүхдээ хөнжилд нуугаад нэг давхарт байх нөхөр дээрээ аваад очжээ. Д.Жавхаасайхан ч хүүхэд рүүгээ нэг гайхсан, нэг үл итгэсэн харцаар хараад байсан гэнэ. Түүнд “Миний хүүхэд шүү дээ” гэж бодохоор л үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай хэрнээ тийм нэг сонин мэдрэмж төрөөд байжээ. Энхрий жаахан охин үр минь гэж бодохоос л сэтгэлийн гүнээс хайр ундарч түүнийгээ үгээр илэрхийлэхэд хэцүү байсан гэдэг. Маргааш нь гэргий, хүүхдээ эмнэлгээс гаргаж авчраад шөнө өвөртлөөд унттал нэг ч хором цурам хийгээгүй гэнэ. Өөдөсхөн охиныхоо үнэрт сэтгэл нь нялхраад, хараад л баймаар санагдаад байжээ. Тэр шөнөө үе, үе өндийж харсаар өглөө болгож байсан гэнэ. Харин бага хүү нь 2012 онд төржээ. Хүүтэй болсон гэдгээ мэдээд Д.Жавхаасайхан “Морь унуулах хүүтэй боллоо” гээд бас л бөөн баяр болж байсан гэнэ. Энэ түүхийг хуучлан суухад Ж.Анударь охин дүүтэйгээ хамт өрөөндөө тоглож байв. Хүүхдийн сониуч зангаар өөрийнх нь тухай ярьж байгааг мэдээд харах боловч томчуудын ярианд саад болохгүй ажээ. Харин хааяа нэг гүйж ирж аавдаа үнсүүлэх юм. Аав нь “Охин хүүхэд аавдаа амь гэж ёстой үнэн байх аа. Бид хоёр чинь бие биедээ амь” гэсээр Ж.Анударийгаа эрхлүүлж байв. Гэхдээ юм юманд хошуугаа унжуулсан эрхийн тэнэг болгохгүй гэж байлаа. Тиймдээ ч зуны сайхан цагт хөдөө мал дээр гаргачихдаг гэсэн. Өнгөрсөн жил цэцэрлэгт өгөхдөө Дундговийн улсын цэцэрлэгийг сонгожээ. Учир нь “Аргагүй амраг” уран бүтээлийн тоглолтоо хөдөө нутгийн үзэгчдэд сонирхуулах учиртай байсан болохоор өвөө, эмээтэй нь ойрхон байлгажээ. Энэ жил ч бас Дундговийнхоо цэцэрлэгт явуулна гэж байв. Д.Үүрийнтуяа “Манай аав, ээжүүд хэзээ байтлаа биднийг дөрөв, таван настай болтол хардаг байлаа. Хөхнөөс гаргаад л зөнд нь орхиж ажил төрлөө боддог байсан. Тэглээ гээд буруудаагүй. Харин ч биеэ даасан, аливаа зүйлийг өөрсдөө шийддэг болдог. Тиймээс хүүхдүүдээ айхтар эрхлүүлье гэж боддоггүй” гэв. Гэргийнхээ яриаг сонсоод Д.Жавхаасайхан “Хань бид хоёр иймэрхүү зүйл дээр маш сайхан санал нийлдэг. Хөдөө өссөн хүүхдүүд ядаж л амьдрах ухаантай болдог. Бид дөрөв өнөө орой гараад давхичихна. Ирэх даваа гаригаас манай хоёр албандаа явна” гэлээ.
Д.Жавхаасайханых 2005 оноос хойш өнөөг хүртэл маш олон нүүдэл хийжээ. Хороолол, Таван шар, Налайх гээд арав гаруй удаа буурь сэлгэсэн гэнэ. Дөнгөж гэр бүл зохиож байсан болохоор байр түрээслээд явж өгнө. Бүр амьдарч үзээгүй дүүрэггүй болтлоо нүүж байжээ. Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёрын уран бүтээлийг дэмждэг “Химон констракшн”-ыхан Налайхын Гордокт хоёр өрөө орон сууц бэлэглэжээ. Тэндээ гурван жил амьдарч байгаад жилийн өмнө одоогийн байрандаа төвхнөсөн гэнэ. Гэхдээ удахгүй “Sunshine village” рүү нүүхээр төлөвлөж байгаа гэсэн. Д.Үүрийнтуяа “Шинэ байранд захиалга өгсөн байгаа. “Химон констракшн”-ы байр. Тэндээ суурьших санаа бий” гэлээ. Яриа өрнүүлэх хооронд Д.Үүрийнтуяа гэрийнхээ ажлуудыг амжуулаад байх юм. Нэг дороо таван минут зүгээр сууна гэж байхгүй. Нэг бол хоол унд хийгээд ид, уу гэж дайлна. Эсвэл ярианд оролцонгоо хөдөө явах гэж байгаа хоёр хүүхдийнхээ ачааг баглах ажээ. Нөхөр нь “Манай хүн их ажилсаг. Уран бүтээлч хүн ар гэрийнхээ ажилд зарцуулах цаг зав багатай. Гэхдээ миний гэргий бүх зүйлээ амжуулчихдаг. Ёстой нэг шидэт саваатай юм уу гэмээр ар гэрийнхээ ажлыг жин тан болгочихдог. Гэрийн эзэгтэйд байх ёстой ийм занд нь дуртай. Дээр нь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, тун тайван хүн дээ” гэв. Харин Д.Үүрийнтуяа нөхрийнхөө ноён нуруутайд талархаж явдаг гэсэн. “Монгол эр хүнд байх ёстой зан миний ханьд байдаг болов уу гэж боддог. Хэр баргийн зүйлийг яриад явахгүй. Нэг, хоёр, гурван юмыг өнгөрөөж байж дөрөв дэх дээр нь дуугардаг” гэж магтана лээ.
Д.Жавхаасайхан дуулахаас гадна хурдан моринд хорхойтой. Долдугаар ангид байхаасаа л хөдөө мал дээр гарсан бөгөөд адуучин болно гэж боддог байжээ. Гэтэл нэг зун төрсөн ах Д.Түвшинсайхан нь ардын жүжигчин Ц.Батчулуун агсныг дагуулаад хүрээд ирж. Ах нь “Морин хуур” чуулгын морин хуурч болохоор багшийгаа дагуулан зуныхаа амралтаар гэртээ иржээ. Ингээд Д.Жавхаасайханыг дуулуултал Ц.Батчулуун “Би чамайг овоо сонсголтой юм байх гэж бодож байсан юмсан” гэж шавиа зэмлэнгүй хэлжээ. Тэгээд Д.Жавхаасайханд “Ийм сайхан дуулдаг хүүхэд дуучин л болох байж дээ” гэж урамшуулсан гэнэ. Ардын жүжигчний хэлсэн урмын үг хүүгийн бодлоос гарсангүй. Тэгэхээр нь намрын нэг өдөр Улсын филармонид ажиллаж байгаа ах дээрээ яваад очиж. Ц.Батчулуун гуайтай уулзахад СУИС дээр дагуулж очоод Ц.Дэлгэр багшид шавь оруулсан гэнэ. Эндээс улбаалаад урлагийн ертөнцөд хөл тавьж дуучин гэх алдар зүүх болжээ. Сургуульд ороод удаагүй байхад нь Н.Норовбанзад гуай Ц.Дэлгэр багштай нь уулзаад “Энэ хүүхдээ надад өгчих. Би дуулахыг нь сонссон. Шавиа болгож авъя” гэсэн гэдэг. Харин багш нь дуулах эрдмийг өөрөө зааж өгнө гэсээр авч үлдсэн түүхтэй. Харин Д.Үүрийнтуяагийн хувьд Дундговийн арван жилийн сургуульд байхаасаа урлагт хайртай, дуулдаг охин байжээ. Сурагч байх үедээ дууны тэмцээнд оролцож түрүүлснээр СУИС-ийн уртын дуучны ангид суралцах эрхийн бичигтэй болж байсан гэнэ. Ийн нэг сургуульд, нэг багшийн шавь нар болцгоожээ. Сургуульд байхдаа тус тусдаа дуулж уран бүтээлээ хийдэг байв. Д.Үүрийнтуяа “Шуранхай” хамтлагтайгаа уран бүтээлээ хийхийн зэрэгцээ бие даасан хэд хэдэн цомог гаргаад амжив. Энэ хооронд Д.Жавхаасайхан “Түмэн эх” чуулгад ажилладаг байжээ. Хосууд 2012 онд гэрлэлтээ батлуулан хуримаа хийсэн цагаасаа хойш хамтын уран бүтээлээ эхлүүлсэн байна. Хоёулаа ардын болон уртын дууны дуучид болохоор уран бүтээл хийхэд ч дөхөмтэй байжээ. “Язгуур” нэртэй ардын болон уртын харилцаа дууны этник цомгоо гаргаж олны хүртээл болгосон нь 2013 он. Уг цомогт багтсан “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Сүнжидмаа”, “Юндэн гөөгөө Сийриймаа”, “Аргагүй амраг” дуунууд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Цомгоо гаргасныхаа дараа “Аргагүй амраг” тоглолтоо хийв. Уг тоглолтоо хөдөө, орон нутгийн сонсогчдод сонирхуулах үүднээс эх орноо тойрох аялан тоглолтоо эхлүүлжээ. 21 аймгийн бүх суманд тоглох “Аргагүй амраг” тоглолтыг одоогийн байдлаар таван аймгийн ард олонд сонирхуулаад байгаа юм байна. Үргэлжлэлийг нь ирэх намар хүртэл хойшлуулжээ.
Эдний гэрийн нандин шүтээн нь Д.Жавхаасайханы өвөөгөөс уламжилж ирсэн бурхан тахил. Халхын Эрдэнэзуу буюу шашны өлгий нутгаас гаралтай болохоор бурхан шүтээнээ ихэд дээдэлдэг гэсэн. Бас өвөөгийнх нь мөнгөн аяга, хөөрөг бий. Үүн дээр угаалгын машин нэмэгдэнэ. Хуучны хагас автомат угаалгын машин гэрийн эздийн хайртай хогшил. Учрыг лавлавал 2008 онд анх удаа хамтдаа “Учиртай гурван толгой”-г дуулжээ. Тэр үед Улсын филармониос тус бүрт нь 90 мянган төгрөг өгчээ. Хоёулаа 180 мянган төгрөгтэй болчихоод гэртээ хэрэгтэй зүйл авна гэж төлөвлөсөн байна. Маргааш нь зах гарч 130 мянган төгрөгөөр угаалгын машин авсныгаа нандигнадаг ажээ. Д.Үүрийнтуяа “Тэр угаалгын машинаа одоо хэрэглэдэггүй л дээ. Гэхдээ нэг л тийм гоё санагдаад байдаг болохоор хадгалдаг юм. Хэзээ ч хаяхгүй. Магадгүй охиноо хадамд гарах үед өгч болох юм” гэсэн. Бас Өвөр Монголын алдартай уяач н.Баяраагийн өгсөн хурдан морины хусуур хойморт нь байв. Хурдан моринд дуртай Д.Жавхаасайханд уяач залуу өөрийн хайртай хусуураа бэлэглэж байжээ. Түүгээр нь зундаа адууныхаа хөлсийг хусаад өвөлдөө хоймортоо зална. Иймэрхүү маягаар адуу малтай холбоотой эд зүйл эднийд олон байв. Гэрийн эзэн “Хавар болоод ирэхээр өөрийн эрхгүй тогтож суухаа больдог. Миний адуу Өвөрхангайн Хархоринд бий. Өвөлдөө байнга очдог. Харин зун яг л хажууд нь очихгүй бол сэтгэл гэгэлзээд ярих юм биш” гэсэн. Эр нөхөр нь адуунд хайртайг дагаад Д.Үүрийнтуяа ч морь шүтдэг болж байгаа гэнэ. Бүр ирэх зун нөхөртэйгөө хамт хөдөө гарч галынх нь тогооч хийнэ гэсэн амлалт өгчихөөд байгаа ажээ. Саяхнаас ярилцаж байгаад монгол гэртэй болохоор Бат-Өлзий суманд захиалга өгчээ. “Зун гэхэд гэр маань бэлэн болчихно. Гэрээ бариад, айргаа сөгнөөд суух сайхан даа. Тэр үед ёстой нэг жинхэнэ найр хийнэ гэж боддог юм. Монгол гэртээ айргаа уугаад, адуу малаа яриад, дуулж суухаас өөр жаргал хаа байх вэ” гэж Д.Жавхаасайхан ярина лээ. Харин Д.Үүрийнтуяа бүсгүй хүний гангалах дуртай зангаар гоёлын алчуур цуглуулдаг гэнэ. Гадагшаа тоглолтоор явахдаа цуглуулсаар одоо 40 гаруй хүзүүний алчууртай болжээ. Бас үнэртэй ус, монгол дээлэнд гар татдаггүй гэсэн. Анх нөхөр нь “Burberry”-гийн үнэртэй ус бэлэглэснээр цуглуулгаа эхлүүлж байсан бол ажил мэргэжилтэйгээ холбогдуулан дээл сонирхох болжээ. Тэдэнд өдгөө 20 гаруй монгол дээл бий гэнэ лээ.
Гэрийн эзэгтэй зочломтгой зангаар биднийг үд өнгөртөл дайлан суужээ. Д.Жавхаасайхан яриа хөөрөө сайтай, нээлттэй хүн юм. Уран бүтээл, хүч хөдөлмөрөөрөө босгосон амьдралынхаа тухай ярьж суусаар Дундговь руу явах цаг нь болжээ. Хамт явах найз нь гар утас руу нь залгаснаар бидний яриа өндөрлөв. “Зун манай нутагт ирээрэй. Тэр үед гэрээ барьчихаад морио уян сууж байх вий” гэсээр үдэн гаргасан юм.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН