УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч ажлын хэсэгт буцаах санал гаргасан нь дэмжлэг хүлээв.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Дээрх журмын хуульд өөрчлөлт оруулах хүрээнд 200 метр дотор гол, мөрөн, ойн эхийг хөндөх ёсгүй гэсэн заалт оруулах ёстой” гэсэн байр суурь барьсан юм.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ хуулийн төсөлд асуудалтай зүйл их байна. Байгаль орчин талаасаа хуульд зөрчилдөх заалтууд бий. Ажлын хэсэг дахин томилж, хэлэлцүүлэх шаардлагатай” гэж байв.
Харин дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Арвин “Энэ хуулийн төсөл 2009 онд батлагдсанаасаа хойш уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ажлыг зогсоолоо. Урт нэртэй хууль таван жил хэвтээ байдалтай явж ирсэн. Одоо энэ хуульд өөрчлөлт оруулж, компаниудын үйл ажиллагааг явуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх хэрэгтэй байна шүү дээ” гэсэн ч хуулийн төслийг дахин ажлын хэсэгт буцаах санал олонхийн дэмжлэг хүлээсэн юм.
Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, Хүнс хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонслоо.