Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай хамтран “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд энэ сарын 16-ны өдөр ШӨХТГ-ын улсын байцаагчид, аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт зориулсан “Өрсөлдөөний хуулийн өөрчлөлтийн ерөнхий чиглэл” сэдэвт дотоод сургалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын санхүүжилтээр зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Японы Шударга худалдааны хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга Сувазоно Садааки, тус хэлтсийн дэд дарга Янагита Жюничи, мэргэжилтэн Юки Майко болон ШӨХТГ-ын улсын байцаагчид, 19 аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, 5 дүүргийн Хууль зүйн хэлтсийн дарга нар оролцлоо.
Сургалтад Японы Шударга худалдааны хороо /ЯШХХ/-ны Гадаад харилцааны хэлтсийн төлөөллүүд холбогдох зах зээлийг тодорхойлох онол арга зүй, кейс, давамгай байдлаа буруугаар ашиглан зах зээлд хэт доогуур үнэ тогтоосныг илрүүлэх, хяналт зохицуулалт хийх дүн шинжилгээний арга аргачлал, “Зах зээлийн хүчийг тодорхойлох Олон улсын өрсөлдөөний сүлжээ байгууллага /ICN/-аас гаргасан гарын авлага болон түүний хэрэгжилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж туршлагаасаа хуваалцав.
Мөн “Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн багуудын хийсэн судалгааны ажилд ШӨХТГ-ын мэргэжилтэнгүүд тус газрын байр суурь, санал, дүгнэлтийг илэрхийлж илтгэл тавьлаа.
Сургалтын төгсгөлд аймаг, нийслэлийн хууль зүйн хэлтсийн дарга нарт улсын байцаагчийн эрх олгож, улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, гэрээ байгуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.