Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлээд байсан. Гэсэн чуулганы хуралдааны үеэр хуулийн төслийг хаалттай хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Нээлттэй хэлэлцэх ёстой. Хаалттай хэлэлцвэл ард түмний дунд улам л хардлага төрүүлнэ. Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ нээлттэй горимоор хэлэлцсэн. Нээлттэй хэлэлцэх ёстой” гэсэн юм. Дээрх саналтай УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал нэг байгаагаа илэрхийлж, нээлттэй хэлэлцэхийг хүссэн юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгээс чиглэл ирсэн талаар мэдэгдэж, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага хүссэний дагуу хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт тав хоногийн завсарлага өгсөн юм.
Эвслийн авсан завсарлага энэ долоо хоногт дуусах бөгөөд УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудалд бичигдсэн байна. Өршөөлийн хуулийн төслийг хаалттай горимд шилжүүлэх нь албан тушаалаа урвуулсан, авлига, хээл хахуулийн хэргийг өршөөлд хамруулах гэж байна гэж УИХ-ын гишүүд болон олон нийт хардаж буй юм. Тиймээс энэхүү асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх сонирхолтой байгаа юм.