Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн хуульд 29 гэмт хэрэг хамаарахгүй

Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар
үзүүлж ирсэн бөгөөд 1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх
тухай, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргаж
байсан. Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг
2015 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

УИХ уг хуулийн төслийг 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент
байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг
2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр баталлаа. Энэ хуулиар 2015 оны
долоодугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн
зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны
хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан
байна.

Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулжээ. Үүнд:

-Зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;

-Зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;

-Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;

-Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох.

Өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь
уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон
этгээд хамрагдахгүйгээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн
хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна.Эдгээр гэмт хэргээс
нийт 29 гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй.

1. Эх орноосоо урвах,

2. Тагнуул хийх,

3. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,

4. Зэвсэгт үймээн дэгдээх,

5. Хорлон сүйтгэх,

6. Хорлон саатуулах,

7. Хүнийг санаатай алах,

8. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах,

9. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

10. Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

11. Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

12. Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

13. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

14. Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

15. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих,

16. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

17. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

18. Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

19. Терроризм,

20. Терроризмыг санхүүжүүлэх,

21. Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

22. Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах,

23. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах
буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар
Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

24. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг
хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх,
борлуулах-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

25. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах,

26. Агаарын хөлөг авч зугтаах,

27. Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

28. Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

29. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас
оргох-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол
хамрагдахгүй.

Мөн дараах таван зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар
шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь
хасаж байгаа гэнэ. Үүнд,

1.Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

2. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

4. Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,

5. Танхайрах – хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг багтсан.

Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй
үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс бусад, гэмт хэрэг
үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон
биечлэн эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн
болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлнэ.

Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг
гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж
захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны
шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ. Өршөөлийн тухай хуулийг 2015 оны
намйдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэ хуулийн эцсийн найруулгыг Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.
Ерөнхийлөгч тав хоногт багтаан хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгч энэ
хуулинд хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдээд буй. Уг хоригийг УИХ-ын
чуулганаар хэлэлцээд гишүүдийн 3/2-ийн саналыг авсан тохиолдолд хүчин
төгөлдөр болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *