БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны хооронд өршөөлийн аян хэрэгжүүлж байна.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй энэ удаагийн өршөөлийн аяны үндсэн зорилго нь Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд дахин ирэх баталгааг тодорхойлолтоор баталгаажуулж, өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл хатуу арга хэмжээ авахад чиглэгджээ.
Сүүлийн жилүүдэд хууль бус оршин суугч гадаад иргэдийн тоо огцом өссөн нь БНСУ-ын хөдөлмөрийн зах зээл, ялангуяа барилгын салбарт ажиллаж буй дотоодын иргэдийн ажлын байр хомстоход хүргэжээ.
Үүний уршгаар хууль бусаар ажил олгогчдын тоо өсөж, хөдөлмөрийн болон хууль ёсны ажиллах хүчний тогтолцоо алдагдахад хүрсэн байна. БНСУ-д визгүй зорчигч орны иргэд нийт хууль бус оршин суугчдын 44.7%-ийг эзэлж байгаа бөгөөд гадаадын иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах тохиолдол 54.5%-иар нэмэгдсэн байна.