Улиастайн уулзварт энэ сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн нас барж, арван хүн гэмтсэн. Налайхаас ирж байсан ЗИЛ-130 маркийн автомашин Истана маркийн микро автобустай мөргөлдсөн юм. Энэхүү ослын улмаас Истана маркийн машины жолооч болон зорчигч амиа алдсан.
Ослын газарт хийсэн эхний үзлэгээр “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг Х нь жолоодож явахдаа эсрэг урсгалд орж “Истана” маркийн тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзжээ. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.