Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор, Соёл урлагийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч Найдангийн Ганхуягийнд өнжлөө. Өнөөгийн тайз, дэлгэцийн сор болсон жүжигчид, найруулагчид “Найдангийн Ганхуяг багшийн шавь, багшийнхаа ачаар өдий зэрэгтэй явна” хэмээн ярихыг олонтаа сонсож байлаа. Харин салаалсан мөчир бүр нь жилээс жилд нэмэгдэн басхүү хамгийн гоёмсгоор цэцэглэсээр байгаа аварга том мод мэт энэ эрхэм тун чиг энгийн хүн ажээ. Тэрээр “Миний “Hi tone” дээр Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий хоёрын дуулсан “Хайрын тэнгэр диваажин” гээд дуу явж байгаа биз. Тэр дууны шүлгийг би ханьдаа зориулж бичсэн юм байхгүй юу” гэсээр биднийг угтлаа. Н.Ганхуяг найруулагчийнх “Нарны хороолол”-д гурван өрөө байранд амьдардаг юм байна. Бид түүний гэргийн гарын цайг уунгаа уран бүтээлийн тухай ийнхүү яриа өрнүүллээ.
Тэрээр Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг 1976-1980 оны хооронд суралцаж төгсчээ. Түүний хувьд оюутан ахуй цагаасаа л алтан үеийн “луугаруудтай” ойр дотно явж, үгийг нь дуулж ирсэн нэгэн. Энэ нь түүнийг чамгүй оюутан байсан гэдгийг ч гэрчлэх нь дамжиггүй биз ээ. Тухайлбал оюутан хүү “Говийн зэрэглээ” уран сайхны кинонд туслах найруулагчаар явж байжээ. Энэхүү кинонд ёстой л тухайн үеийн “аваргууд” тэр чигээрээ ажилласан байдаг билээ. “Намайг кино урлагт хөтөлсөн хүн болох БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Равжаагийн Доржпалам гуай энэ киног найруулсан юм. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг Монголд хамгийн анх төгсөж ирсэн хүн юм шүү дээ. Р.Доржпалам гуай угтаа Монгол улсын үндэсний тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, Манж болон Хятадын дарлалын эсрэг тууштай тэмцэгч, цэргийн чадварлаг жанжин Ялгуун баатар Сумъяа бэйс буюу Лаварын Сумъяагийн хүү юм билээ. Харин хүүгээ Равжаа гэж лам ахдаа өргүүлсэн түүхтэй гэдэг. Ямартай ч “Говийн зэрэглээ” уран сайхны киноны ансамбль маш сайхан бүрдсэн. Театр ч бай, кино ч бай ансамбль бүрдэнэ гэж нэг сайхан юм бий. Алдар цуу, авьяас билигтэй төдийгүй үзэл бодол, тоглолтын арга барил нийлсэн жүжигчид нэг уран бүтээл дээр цуглахыг хэлж байгаа юм л даа. Тиймдээ ч энэ кинонд тоглосон жүжигчид тэрхүү дүрээрээ ард түмэндээ нэрлэгдэж чадсан” гэлээ. Тэрээр “Говийн зэрэглээ” уран сайхны киноны дууны шүлгийг бичжээ. Зохиолч, зураглаачаар ажиллаж байсан Б.Балжинням найруулагч ийн даалгасан учир тэрээр яалт ч үгүй бичихээс өөр аргагүйд хүрчээ. Кино группийнхэн сургуулийн дотуур байранд байрладаг байж. Нэг орой их халуун, бүгчим байсан учраас гадаа хонохоор болж л дээ. Харин цэлмэг тэнгэрт түгэх оддыг ширтэн хэвтэхдээ говийг хайрлах, бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж “Элгэн халуун говьдоо Эхийн хайраар холбоотой” гэх мөрт зурсхийн орж ирсэн гэдэг. Ингэж л одоог хүртэл залуу уран бүтээлчид шинэчлэн дуулсаар байгаа “Алтанхан говь минь” дуу бүтсэн түүхтэй гэнэ.
Хангай нутгийн хүн боловч говийг хайрлах сэтгэл тэгж их оргилсон нь гайхам шүү хэмээн тэрээр дурссан. Энэ нь түүний бичсэн хамгийн анхны дууны шүлэг аж. Мөн тэрээр оюутан ахуй цагтаа шинээр гарсан кино, жүжиг зэрэгт шүүмж биччихдэг чамгүй идэвхтэй оюутан байжээ.
Түүний бичсэн шүүмжийг “Үнэн”, “Утга зохиол урлаг”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” зэрэг сонин нийтэлдэг байсан нь их урам өгдөг байсан гэнэ. Тухайн үед түүний шүүмж гараагүй долоо хоног үгүй байж. “Шүүмжийг минь Э.Оюун багш их дэмжинэ. Ер нь энэ хүн л намайг судлал, шүүмж рүү татсан, ойртуулсан. Басхүү зөвлөгөө заавар ч өгсөн. Би хамгийн сүүлийн шавь нь. Энэ хүний шавь нарын нэг болсон доо их баярладаг юм. Нэр төрийн хэрэг шүү дээ. Багш минь намайг хамгаалдаг ч байсан. Драмын театрын удирдлагуудад “Та нар Ганхуягийг битгий гомдоогоорой” гэж хэлсэн байдаг юм. Үгүй ээ ер нь нэг муу оюутан гомдоод ч хаачих юм билээ. Ухаандаа энэ хүн өөрийнхөөрөө бичээд л явж байг. Та нар дэмжээрэй гэсэн санаа байж л дээ” гэснээ хэсэг бодлогоширов.
Харин түүний Кино драмын ангийн багш нь Ардын жүжигчин Б.Мөнхдорж юм. Н.Ганхуягтай хамт Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа тэргүүтэй олон сайхан алдартнууд төрөн гарчээ. Мөн энэ ангиас олон ч оюутан аймаг бүрийн театруудад соёлын үрийг тарьсан байна. “Би “Тэмцлийн оч”, “Газрын үнэр” зэрэг уран сайхны кинонд туслах дүрд тоглосон юм. Мөн “Амьдралын алтан хонх” жүжигт “Эндээс эмнэлгийн үнэр үнэртээд байна” гэхэд нь нэг их омогтой хүн загнадаг шүү дээ. Тэр чинь ухаандаа би юм. Жүжигчнийхээ хувьд ард түмний сэтгэлд хоногшсон ганц дүр минь тэр л дээ.Гэсэн ч би өөрийгөө жүжигчин мэргэжлээр төгссөн хүн гэж хэлэхээс ичдэг юм” гээд инээмсэглэн цай оочиллоо.
Н.Ганхуяг найруулагч Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгсөөд Улсын драмын эрдмийн театрт туслах найруулагчийн хариуцлагатай албанд очжээ. “Намайг театрт З.Пүрэвээ гуай тосож авсан. Ард түмэн “муухай” Пүрэвээ ч гэдэг юм даа. Сайхан хүн байсан шүү. Би театрт таван жил ажилласан. Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу найруулагчийг дагаад туслах найруулагчаар ажиллаж байлаа. Багш нар маань ч намайг жүжигчин гэхээсээ илүү найруулагч, судлаачийн чиглэлээр сурвал зүйтэй юм байна гэж хэлдэг байж билээ. Миний хувьд Улсын драмын эрдмийн театраа миний төрөлх үүр гэж боддог шүү” хэмээн ярьсан. Түүний хувьд театрын тайзнаа өөрийн зохиол болох “Амин булаг”, “Бүсэнтүгдэн хүү” мөн Фридрих Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” зэрэг долоон жүжиг найруулан тавьжээ. Түүний зохиосон “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн дуу “Пентатоник” наадмын тэргүүн шагнал ч авч байсан түүхтэй билээ.
Н.Ганхуяг найруулагч “Би 2015 онд Драмын театрт өөрийнхөө зохиол болох “Бүүвэй” гээд жүжгээ тавьсан юм. Тун саяхан театрынхан маань аялан тоглолтоор яваад иржээ. Тэр бүү хэл миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд очсон байна. Манай сумын Соёлын төв миний нэрэмжит байдаг юм. Энэхүү Соёлын төвд маань зорин очиж, нутгийн зон олонд минь миний “Бүүвэй” жүжгийг тоглож өгсөнд театрынхандаа тун их баярлаж байгаа. Драмын театрынхан хамгийн сүүлд 1985 онд манай суманд очсон. Тухайн үед би Беларусст сурч байлаа. Гэтэл ээж минь “Миний хүүгийн ажлын гараагаа эхэлсэн театрынхан ирсэн байна” гээд цай, цүү болон очсон юм билээ. Түүнийг театрынхан маань их дурсдагсан. Энэ жил ч гэсэн ээжийн минь тэр сайхан сэтгэлийг залгамжилж эгч минь очсон байна билээ. Би чинь дөрвөн эгчтэй, айлын отгон нь юм шүү дээ. Одоо гурван эгч минь энх тунх Цагаан-Уул сумандаа мал маллан сайхан амьдарч байна даа” гэсэн юм.
Түүний хувьд театрт таван жил ажилласныхаа дараа Беларусст Урлагийн академийг Я.А.Громовын удирдлага дор найруулагчийн мэргэжлээр1985-1990 оны хооронд сурч төгссөн. Н.Ганхуяг найруулагчийн хувьд шүүмжээс гадна өгүүллэг, жүжиг, кино зохиол зэргээ ч өөрөө бичдэг. Тэрээр төгсөж ирснээсээ хойш хорь шахам жүжиг, арваад кино зохиол бичжээ. Тэдгээр нь бүгд тайз, дэлгэцнээ мөнхлөгдсөн байна. Н.Ганхуяг найруулагчийн хамгийн анхны өгүүллэг болох“Агарын гурван сүлжээ”-г Б.Сумхүү найруулагч санал тавин кино ч хийж байсан түүхтэй гэдэг. “Тэр кино маань улсын төсвөөр хийгдсэн хамгийн сүүлийн кино л доо. Миний хувьд ч гэсэн хэдэн ширхэг хальсны кино хийж л байсан. Хальсны кино хадгалж болдоггүй нэг гэмтэй юм. Одоо ч зарим нь устаад алга болж дээ” гэж байлаа. Түүний дэлгэцийн бүтээлүүдээс “Мичдийн зургаан гялаан” уран сайхны киног онцлохгүй байхын аргагүй. Учир нь тэрээр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ч.Долгорсүрэн, Гавьяат жүжигчин З.Пүрэв, Г.Батсүх, Б.Энхтуяа, Лха.Долгор гэсэн алтан үеийн зургаан жүжигчинг энэхүү кинондоо тоглуулж чадсан билээ. Энэ тухайд “Миний бие дааж найруулсан анхны кино байсан. Энэ гайхамшигтай зургаан уран бүтээлчтэй хамтарч ажилласандаа их л олзуурхаж явдаг юм. Ахиад нэг их сургууль төгссөний дайтай хичээл, туршлага болж чадсан даа” хэмээн ярьсан юм.
Мөн Н.Ганхуяг найруулагч “Хэлтгий заяа” хэмээх үндэсний бөхийн тухай уран сайхны кино хийсэн билээ. Түүний хувьд Монгол бөхийн зодог хэрхэн задгай болсон тухай домгийг багадаа сонсож байжээ. Энэхүү домгоор жүжиг эсвэл кино хийчихвэл сонин үйл явдалтай, өвөрмөц дүрүүдтэй болох нь дамжиггүй гэсэн хүсэл түүнд олон жил нуугдсан байна. Харин 1993 онд өнөөх домгоороо кино хийхээр сэтгэл шулууджээ. Бөхийн тухай кино учир М.Мөнгөн арслантай хамтарч зохиолоо бичсэн байна. Улмаар М.Мөнгөн арслан, дархан аварга Ж.Мөнхбат зэрэг бөхчүүд гол болон туслах дүрийг бүтээхээр болжээ. Харин эсрэг талын дүр болох Шөрмөс начинд мэргэжлийн хүн тоглуулсан нь зүйтэй хэмээн бодож найруулагч Ч.Найдандоржийг сонгосон түүхтэй гэнэ. Энэхүү киноны зураг авалтыг Төв аймгийн Мөнгөнморьт суманд хийжээ. Энэ тухайд тэрээр ярихдаа “Манай Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Цогзол гуай “Киног уран бүтээлчид бүтээдэг гэдэг худлаа. Киног ард түмэн бүтээдэг юм” гэж хэлж байсан. Би үүнийг үнэн гэж боддог шүү. Морь мал, гэр орон, эд зүйлсээ хэрэглүүлнэ. Хоол унд бариад ирэх нь ч энүүхэнд. Тэгэхээр тэр их тус дэмгүйгээр уран бүтээл бүтнэ гэдэг тун хэцүү. “Хэлтгий заяа” киног хийхэд Мөнгөнморьт сумын ард түмэн их тусалсан даа. Олон түмний ачаар кино ч сайхан бүтсэн. Манай М.Мөнгөн арслан зураг авалтгүй үед хүүхдүүд дунд л байж байдагсан. Тэдэнтэй инээд хөөр болчихсон л сууна. Дунд нь орж бүжиглэх үе ч бий. Томчуудтай нэг их ойртохгүй шүү. Харин Мөнгөнморьт руу зураг авалтаар явахад Ж.Мөнхбат аваргыг дагаж хүү М.Даваажаргал нь хамт явж байж билээ. Манай том хүүтэй нас ойр юм болохоор их ч барилдаж, ноцолдоно. Тэр үед нэг их бороотой өдрүүд байсан юм. Газар нойтон, мод чийгтэй болохоор гал асаана гэдэг амаргүй байдаг байлаа. Харин Даваажаргалаар ганц сайн үлээлгэчихээр дүрэлзээд л асчихдагсан. Манай эхнэр “Даваажаргал үгүй ээ мөн уушиг сайтай хүүхэд шүү” гэж одоог хүртэл хуучлан ярьдаг юм” гэлээ. “Хэлтгий заяа” уран сайхны киног хийсэн нь түүний бөхийн спортод ойр байдагтай ч мөн холбоотой байсан болов уу. Учир нь Багшийн дээд сургуулийн Кино драмын анги, Биеийн тамирын ангийнхантай нэг факультет байсан учраас түүнд оюутан ахуй цагийн бөх найзууд их бий. Тэрээр Улсын заан С.Хүрэлбаатар, Ж.Ганболд тэргүүтэй бөхчүүдтэй үй зайгүй найзууд гэсэн. Мөн О.Балжинням аварга, улсын начин З.Дэлгэрдалай, Д.Дамдин нартай ч нэг үе. Тэрээр “Манай бөх найзууд тэмцээн уралдаантай үедээ үнэгүй хоол иднэ л дээ. Би ч гэсэн дагаад л орчихно. Намайг хөнгөн жингийн бөх байна л гэж боддог байсан байлгүй” хэмээн дурсаж ихэд хөгжилтэй инээлээ. Мөн “Ингэж л бага залуугаасаа бөхчүүдтэй холбогдчихсон учраас бөхийн спортод их элэгтэй. Ер нь урлаг, спорт бол нэг зоосны хоёр тал шүү дээ. Адилхан хичээл зүтгэл, авьяас, хөдөлмөрөөр л гарч ирдэг юм” гэж байлаа. Түүний хувьд найз Хүрэлээ заандаа зориулж “Сэтгэлийн гэрэл” хэмээх дуу хийжээ. Энэхүү дуу нь Хөвсгөл аймгийн бөхчүүдийн сүлд дуу нь болсон гэсэн.
Найруулагч Н.Ганхуяг, зураглаач Д.Балчинпүрэвийн хамт
Н.Ганхуяг найруулагч тайз, дэлгэцийн уран бүтээл хийхээс гадна Соёл урлагийн их сургуулийн багшийн хариуцлагатай үүргийг 27 жилийн турш үүрч яваа нэгэн. Энэ хугацаанд тэрээр Жүжиг, киноны зохиолчийн ангийг үүсгэн байгуулжээ. Энэхүү анги нь тэнхим болтлоо өргөжин тэлсэн байна. Н.Ганхуяг найруулагч СУИС-даа эрхэлж явна хэмээн ярих дуртай. Мөн тэрээр “Би сургуулиа амьд хүн мэт л санадаг. Тиймээс би сургуульдаа орохдоо малгайгаа авдаг. Сургуулиас гарсныхаа дараа малгайгаа өмсдөг. Тэгж ч болов сургуулиа хүндэлдэг юм” гэсэн. Энэ жил СУИС-ийн хамт олон Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 насны ойг угтаж эрдэм шинжилгээний хурал хийхээр зэхэж байгаа аж. Мөн Монголд театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тун удахгүй тэмдэглэхээр болжээ. Иймд ойгоо угтаж ахмад багш нарынхаа нэрэмжит тэнхмийг нээж, мөн эрдэм шинжилгээний хурлуудыг хийх гэж байгаа талаараа тэрээр онцлон дурдсан юм.
Н.Ганхуяг найруулагчийн анхны шавь нар нь Гавьяат жүжигчин Н.Ариунболд, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг буюу Амбий тэргүүтэй авьяаслаг уран бүтээлчид юм. “Анхны шавь нар маань надад багш болох визийг өгсөн. Итгэлийг өгсөн гэсэн үг. Би өнөөдрийг хүртэл нийт 14 ангийг дааж төгсгөжээ. Үүнээс Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Н.Ариунболд, У.Уранчимэг тэргүүтэй алдар цуутай сайхан уран бүтээлчид төрсөн байна. Мөн нийт 60 Соёлын тэргүүний ажилтан төрсөн байна лээ. Манай Урнаа намайг зорьж сургууль дээр их ирнэ. Сургуулилттай үед би ч үзэгчдийн суудалд сууж байна л даа. Харин Урнаа ирэхээрээ халаасанд минь нэг юм хийчихээд л явна. Дараа нь харахад мөнгө хийчихсэн байдаг юм. Жүжигчнийхээ хувьд Урнаа олон ч төрөл жанр руу хөрвөж чаддаг. Маш сайн жүжигчин. Манай Бооёо ч мөн адил. Ухаантай хүн шүү дээ. Багшийнхаа үе үеийн шавь нарыг сургаж ажил амьдралтай нь залгуулж байгаад их баярлаж явдаг юм. Шавь нар минь ч сайхан амжилттай явна. Саяхан болсон “Улаанбаатар” кино наадамд миний шавь нарын хийсэн “Зүрхний хилэн” уран сайхны кино шилдэг түүхэн бүтээлээр шалгарлаа. Ер нь сүүлийн үеийн уран бүтээлүүдийг дийлэнх нь миний шавь нар хийж байгаа. Багш хүн гэдэг шавь нарынхаа амжилтаар бахархаж, түүнээс урам авч байдаг юм. Энэ мэтчилэн сайхан мэдээ ихтэй байгаа болохоор ойрдоо баярын нулимс их унагаж байна даа. Нас ахиж байгаа болоод ч тэрүү шавь нарынхаа амжилт бүтээлийн тухай сонсохоор нулимс асгараад байдаг болчихжээ.Шавь нараараа л бахархаж жаргаж явна даа. Ер нь би гэдэг хүн чинь шавь нарынхаа бас сайн ханийнхаа хүчинд яваа юм даа” хэмээн баяр, жаргалын нулимс дуслуулан ярилаа.
Харин түүний эхнэр “Манай хүн шавь нараа загнаад л байдаг юм. Гэсэн ч шавь нар нь хүрээлээд л байдаг. Ер нь манайд хүний хөл тасарна гэж үгүй” гэж байлаа. Түүний гэргийг Х.Баясгалан гэдэг. Монголын Үндэсний радиогийн “Хурд” агентлагт мөн найруулагчаар ажилладаг. Гэрийн эзэн гуай “Манай хүн чинь бас найруулагч. Надаас ч том найруулагч шүү” хэмээн эхнэрээ цаашлуулаад амжсан юм. Тэд Багшийн дээд сургуулийн Кино, драмын нэг ангийн оюутнууд аж. Тэднийг хэрхэн танилцсан тухай асуухад “Миний хань чинь Завхан аймгийн тэр олон мянган хүүхдээс ганцаараа Кино, драмын ангийн хуваарийг авч ирсэн юм. Миний ханьд Завхан аймгийн арван жилийн сургуулиас бараг мянган хүн захиа өгсөн. Тэр үеийнхэн бол андахгүй мэднэ. Харин дээд сургуульд ороод дахиж хэдэн захиа авсныг нь би мэдэхгүй юм байна” хэмээн инээд шуугиан болох нь тэр. Харин түүний эхнэр“Манай хүн ингээд л намайг явуулдаг юм” хэмээн инээмсэглэх аж.
Эднийх хоёр хүүтэй. Том хүү Г.Агар-Эрдэнэ Австралийн Сидней хотод хууль, эрхзүйн чиглэлээр магистрт сурдаг. Харин бага хүү Г.Тэвтэнгэр нь ОХУ-д сэтгүүлчээр сурдаг байна. Х.Баясгалан“Хүүхдүүд минь архи, тамхи хэрэглэдэггүй. Их сайхан хүмүүжилтэй. Бид хоёрын бахархал бол хүүхдүүд минь юм даа. Манайх хоёр ачтай. Удахгүй улам өнөр олуулаа болно гэж бодож байгаа шүү. Хэдий хүүхдүүд минь хамт байхгүй ч газрын зураг дээрээс ч болов байгаа газрыг нь хардаг юм. Саяхан хань маань надад ОХУ-ын газрын зураг авчирч өгсөн. Бага хүүгийнхээ хаана байгааг бүр тодоор хар гэж тэр” хэмээн хуучлангаа бидэнд хоол, цай барив. Эднийх жил гаруйн өмнө Москва хорооллоос энд нүүж иржээ. “Амьдрал минь шатаар өгсөж буй мэт л аажимдаа дээшилсэн. Түүнээс гэнэт бүх зүйл сайхан болчихоогүй. Аливаад зөв бодолтой, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал хэзээ нэг өдөр үр шимээ өгдөг юм билээ” хэмээн түүний гэргий Х.Баясгалан даруухнаар хуучилсан. Н.Ганхуяг найруулагчийнд хүний хөл тасарна гэж үгүй гэнэ. Цагаан сараар зочид гийчид багтахгүй болох нь ч энүүхэнд аж. Тиймээс гэрийн эзэгтэй хамгийн багадаа 300-аад хүний бэлэг, сэлт бэлддэг гэсэн. Мөн өдөр тутамд ирсэн гийчдийг дайлах буузаа амралтын өдрүүдэд хийн нөөцөлж авдаг гэж байлаа.
Бид Н.Ганхуяг гуайн номын өрөөгөөр зочиллоо. Гадна, дотны олон ном товхимол байх ч түүний өөрийн бичсэн “Нүд” түүвэр зохиол, “Монголын театрын нэвтэрхий толь”, “Театр судлал ба орчин үе” зэрэг бүтээлүүд хараа булааж байсан юм. Түүний хувьд хамтарсан болоод дангаараа хийсэн хорь гаруй ном гаргажээ. Хамгийн сүүлд “Монголын театрын түүх” номоо гаргасан байна. Харин одоогоор“Театрын нэр томьёоны толь” хийхээр ажиллаж байгаа гэсэн. Номноос гадна түүнд цом, өргөмжлөл ч цөөнгүй байлаа. Саяхан болсон багш нарын баяраар хүртсэн Шилдэг багшийн цом, өргөмжлөл ч түүний амжилт бүтээлийн цуглуулгад нэмэгджээ. Тэрээр “Амьд цуглуулга бол шавь нар минь, харин амьгүй цуглуулга бол ном, хадаг, шагай зэрэг байна. Хадаг бол зуслангийн байшинд минь хэдэн авдар бий. Түүнээс гадна архи цуглуулдаг. Шавь нарынхаа барьж золгосон хадаг, архи зэргийг цуглуулдаг юм. Бид хоёр дэлгүүрээс архи авч үзээгүй. Архины үнэ ямар байдгийг ч мэддэггүй. Харин зундаа нутаг ус руугаа явахдаа цуглуулганаасаа аваад явдаг юм. Цагаан сар болоход цуглуулга маань дахиад л сэлбэгддэг дээ. Харин шагайг бүр балчраасаа л цуглуулсан даа. Одоо хоёр мянга гаруй болсон болов уу” гэлээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН